Мөнгө “хийх”-ээ бодсон шигээ гоол хийхээ л бодоорой

Монголын хөлбөмбөгийн холбоо Монгол улсад хөлбөмбөг хөгжүүлэх гэж биш харин хөлбөмбөгөөс ашиг олох гэж буй байгууллага шиг ажиллах болжээ. Монгол улсын шигшээ баг хоёр жилд нэг л удаа эх нутагтаа тогловол их юм болсон. Гэхдээ энэхүү тоглолтоо сүрхий менежменттэй хийж эхэлж байна. Тоглолтын тасалбар 15 мянгын үнэтэй. Футболка, дарцаг дагуулж өгнө гэхээр дажгүй л наймаа. Үүнийг хөлбөмбөг сонирхогчид нэг их эсэргүүцэхгүй. Харин телевизүүдийг тэд буланд шахжээ. Ганц С1-ээс бусад нь хэдхэн секундын дүрс ч авах эрхгүй гэнэ. Криштиано Роналдо Монголд ирчихээд ганц телевизэд ярилцлага өгнө гэсэн бол бас яахав ойлгохсон. Аргагүй том од ирээд аргагүй “томчууд”-ын шаардлага тавилаа гэж. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Японы нэгэн их сургуулийн багт 5:0-ээр “нухуулчихаад” ирсэн Филиппиний шигшээ багийн эсрэг хоёр жилдээ ганцхан харагддаг Монголын шигшээ баг тоглоход үнэрхээд, ганц телевизэд эрхийг нь өгөөд гүйгээд байх шаардлага байсан юм болов уу. Шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэбат “Бид бол сонирхогчид, тэд мэргэжлийнхэн” гэж тоглолтын өмнө багагүй зүрх алдсан ярилцлага өгчээ. Тэгвэл сонирхогчийн шигшээ баг маань хөлбөмбөг сонирхогч залуустаа илүү далайцтай мэдээлэл хүргэхийн тулд хэдэн телевиздээ хэдхэн секундын бичлэг хийх боломж олгож яагаад чадсангүй вэ. Үүний цаана өнөөх л мөнгө байж таарна. С1 тоглолтыг шууд дамжуулах эрхийг нь худалдаад авчихсан байж болох ч гэсэн бусад телевизүүд мэдээллээ дүрстэй бэлдэх боломж олгоход юу нь болохгүй байсан юм бол.
Мөн сэтгүүлчдийг ногоон талбайд зураглаачгүйгээр орохдоо заавал тасалбар худалдан авахыг шаарджээ. Сэтгүүлчид өөрсдийнхөө төлөө биш хөлбөмбөг сонирхогчдын өмнөөс, Монголын хөлбөмбөгийн төлөө л сурвалжлага бэлдэх гэж ногоон талбайд орох гэж байгаа. Ер нь Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ганболдыг л дэлхийн хөлбөмбөгийн ертөнц бага сага танихаас хөлбөмбөгчдийнх нь нэрийг огт мэдэхгүй. Гэтэл Английн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн нэрийг биш харин хөлбөмбөгчдийнх нь нэрийг дэлхий дахин андаггүй билээ. Иймэрхүү урвуу хамаарал манайд газар аваад байна. Мөн Монголын хөлбөмбөгийн холбоо ахмад хөлбөмбөгчдөдөө ч энэ тоглолтыг үзэх урилга олгоогүй гэнэ. Насаараа Монголын шигшээгийн тамирчин гэсэн нэр зүүж явсан хөлбөмбөгчид “Тоглолтыг ногоон талбайд очиж үзнэ. Хөлбөмбөгийн холбоо бидэнд урилга өгнө” гэж найдсан ч талаар болжээ. Тэдэнд “Та нар тасалбараа аваад л тоглолтоо үз” гэж хэлсэн гэнэ. Ингээд ахмад хөлбөмбөгчид ногоон талбайд очиж үзэхээс зурагтаараа үзэх нь дээр гэж ярилцах болж. Гэтэл зөвхөн С1-ээр л энэ тоглолтыг үзүүлнэ. С1 гардаггүй газрын хүмүүс энэ тоглолтыг үзнэ гэж горьдолтгүй. Өөр телевизүүд ганц ч мэдээ бэлдэх боломжгүй тул энэ тоглолтын дүнг нь дуулахаас дүрсийг нь үзэх хувь тэдэнд дутах нь. ХХI зуунд хамгийн их хөгжсөн, дэлхийн хаан спортын хоёр жилдээ ганцхан болох тоглолтыг дундад зуунд амьдарч буй мэт үзэж чадахгүй өнгөрөх цаг ингээд тохиох нь тэр. Насаараа хөлбөмбөгийн төлөө зүтгэсэн ахмадууддаа тасалбарын үнэ санал болгож байгаа байгууллага тоглолт үзэж, шигшээ багаа дэмжихийг хүсч буй үзэгчдээ мөнгө болгож хараад буй бололтой. 3000 үзэгчийн суудлаасаа нэг ч суудлыг нь үнэгүй үлдээхгүй гэсэн энэхүү бодлого үнэхээр хийгүй ажээ. Ийнхүү баяр дөхөөд ирэхээр барааныхаа үнийг нэмдэг араншин хөлбөмбөг дээр ч ажиглагдаж эхлэв. Уг нь энэхүү тоглолтыг Монголын хөлбөмбөгийн нэгэн баяр гэж аль болох олны хүртээл болгож, хөлбөмбөгийн шигшээ багаа олонд сурталчлахыг илүүд үзнэ гэж найдаж байлаа. Хоёр жилд ганц болох тоглолтоосоо мөнгө олох аргаа сайтар бодолцсон шигээ хожих аргаа олсон байх болтугай гэж ерөөх л үлдэж. Ямартай ч шигшээ багтаа амжилт хүсье. Шигшээ багийн хөвгүүд мөнгөний төлөө биш Монгол улсынхаа төлөө талбайд гарч буй билээ…


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.