Зөрчил гаргасан ”Алтан элс” сувилалыг хаав

“Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах Лунобо компанийн “Алтан элс” сувилалд 20 гаруй хүн эм тариа хийлгэж биеийн байдал тааруу” гэсэн мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс ажлын хэсэг томилогдон очиж ажиллажээ. Тус эмнэлэг сувилал нь 25 ортой дотрын клиник сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах ЭХ-11/22/3393 дугаарын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд тухайн үед эмнэлэгт мэргэжлийн эмч, сувилагчгүй ажиллаж байсан байна. Эмнэлэгт тэр өдөр 14 өвчтөн хэвтэн эмчлүүлж байжээ. Тухайн өдөр эмчилгээнд Рибоксин, Витамин С,Витамин PP, Натри салицилат, Метрогелл, Кали смесс зэрэг эм тариа хийлгэж 12.30 цагаас 15.00 цагийн хооронд 13 өвчтөн бие арзайх, чичрэх, толгой эргэх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Энэ үед эмнэлгийн ажилтнууд эмнэлгийн дарга н.Цэндсүрэнд болсон явдлын талаар мэдэгдэхэд тэрээр халуун бууруулах, өвчин намдаах зорилгоор анальгин демидролын холимог тарих, парацетомол уулгах арга хэмжээ авчээ.

Үүний дүнд өвчтөнүүдийн биеийн байдал бага зэрэг тайвширсан бөгөөд оройн 18.00-20.00 цагийн орчимд өвчтөнүүдэд дээрх шинж тэмдэг дахин илрэхэд халуун бууруулах, өвчин намдаах эмчилгээг хийсэн байна. Өнөөдөр өдрийн 02.00- 04.30 цагийн хооронд Нийслэлийн Яаралтай тусламжийн төвийн их эмч н.Дашцэрмаа, ХӨСҮТ-ийн их эмч н.Янжинсүрэн, Хордлогын үндэсний төвийн их эмч М.Цэнгэлмаа нар өвчтөнүүдийг нэг бүрчлэн үзэж эмийн болон хоолны хурц хордлого байхгүй, эмийн гаж нөлөө илэрсэн гэж үзэж өвчтөнүүдийг Хордлогын үндэсний төвд шилжүүлэх шаардлагагүй, 2 дугаар шатлалын эмнэлэгт эмчилгээг үргэлжлүүлж болно гэжээ.

Харин Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэргэжлийн эмч, сувилагчгүй ажиллаж байсан эмнэлгийн үйл ажиллагааг зогсоох, эмнэлэг үйлчилгээг зохицуулах зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ. Энэ дагуу өвчтөнүүдийг харьяалах дүүргийн эмнэлгүүдэд хүргүүлэх, эмчилгээг тэнд нь үргэлжлүүлэхээр болсон байна. Тус дүүргийн цагдаагийн хэлтсээс эм болон холбогдох бичиг баримт /Эмийн зарцуулалтын бүртгэл, орлогын баримт, өвчтөний түүх/-ыг хураан авч битүүмжилж шинжилгээнд хамруулахаар болжээ. Түүнчлэн өвчтөнүүдийг эмнэлэгт хүргэсний дараа эмнэлгийг лацдаж хаах арга хэмжээ авсан байна.

О.ЯЛГУУН

olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих