Х.Амарбаясгалан БНСУ-ын Цагаачлалын албаны өрөөний жорлонг тэврэн нас баржээ

БНСУ-ын Цагаачлалын албаныхан монгол залууг зодож хөнөөсөн байж болзошгүй талаар мэдээлсэн билээ. Харин энэхүү мэдээллийг дэлгэрүүлэн хүргэж байна. БНСУ-д хууль бусаар зургаа дахь жилдээ ажиллаж, амьдарч байсан Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Х.Амарбаясгалан гэх залуу өнгөрсөн сарын 24-нд тус улсын Цагаачлалын албаны шалгалтанд өртсөн байна.

Х.Амарбаясгалан монгол гурван залуугийн хамт баригдсан бөгөөд түүнээс хойш гурав хоногийн дараа буюу 27-ны шөнө уусан архиндаа хордон нас барсан оноштойгоор амиа алджээ.

Талийгаач анх баригдахдаа эрүүл саруул, архи уугаагүй байсан гэж хамт баригдсан найз нөхөд нь гэрчилжээ. Баригдахаасаа өмнө Монгол руу утсаар эхнэртээ “Ирэх даваа гаригт онгоц-ны тийзээ захиалаад хоёр хүүхэд дээрээ очно” хэмээн ярьж байжээ.

Азаар залуугийн амиа алдахаасаа өмнөх бичлэг нь талийгаачийн ар гэрийнхэн болон найз нөхдөд нь олдсон байна. Тэр бичлэг дээр талийгаачийг цагаачлалын албаныхан хэрхэж буй нь бичигджээ. Энэ бичлэгт эхний удаа 10-аад хүнтэй байсан өрөөнөөс хоёулхнаа байдаг өрөө рүү орсноор үргэлжилдэг байна.

Тэндээс талийгаачийг ганцаараа байдаг өрөө рүү шилжүүлсэн дүрс байжээ. Ганцааранг нь байлгах өрөө рүү орохдоо хүчтэй түлхэгдэн талийгаач арагшаа савж унан орж байгаа нь бичигдэн үлджээ. Талийгаач хоёулхнаа байсан өрөөнд байхаасаа эхлэн гарахаар хаалга үүд, цонх балбаж, өшиглөж байх аж.

Харин ганцаараа өрөөнд хоригдохдоо бие нь хямарсан байдалтайгаар аврал эрэн хаалга үүдээ хоёр цаг гаруй нүдэж тусламж хүссэний эцэст өрөөнийхөө буланд байсан жорлонг тэврэн нас барсан байжээ.

URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=60857


URL:

Сэтгэгдэл бичих