Сонгогчид сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонсмоор байна

Амьдралын жирийн нэг үнэн бий. Түүнийг “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” хэмээн илэрхийлдэг. Айл гэрээс эхлээд албан байгууллага, аль эсвэл төрийн эрх барих дээд байгууллага аль нь ч ялгаагүй ийм нэг л зарчим, жишгээр асуудалд ханддаг. Орчин цагийн ойлголтоор бол энэ нь ардчиллын үнэт зүйлсийн нэг гэж ойлгогдоод байгаа юм. Харин ардчилал ярьж Монголын улс төрд дөрөөлсөн улстөрчид өдгөө энэ зарчмаас ухарчихав уу, урвачихав уу. Улс орны хэмжээний асуудлыг хэдүүлхнээ буланд булагнаж байгаад шийдвэрлэнэ хэмээн төөрч будилаад байх шиг харагдах юм. Долдугаар сарын 6-нд УИХ-ын эрхэм гишүүд тангаргаа өргөн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн.

Бас нэг онцлон сануулах зүйл бол Ерөнхий сайдаар АН-ын дарга Н.Алтанхуягийг томилсон УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан дээр МАН-ын дарга Ө.Энхтүвшин УИХ дахь 25 гишүүнийхээ нэрийг уншиж, бүлэг байгуулах саналаа дуулгасан. Харамсалтай нь тэдний энэ саналыг УИХ-ын дарга З.Энхболд хүлээн авах боломжгүй хэмээн мэдэгдсэн. Энэ хүний амнаас 24 цагийн дотор бүлэг байгуулах саналаа ирүүлээгүй гэсэн ганцхан тайлбар унадаг. Тийм аваас улс төрийн соёл, нийтийн эрх ашгийн үүднээс гарц олох учиртай. Харамсалтай нь асуудалд ганцхан талаас нь хандаж, дөргүй бух шиг зөрүүдэлж байна.

Тэд өнөөдөр сөрөг хүчингүй парламентыг “төлөвшүүлэх”-ээр зорьж, зөвхөн өөрсдийн үзэмж тааллаар улс орны хувь заяаг шийдэхээр зорьж байх шиг анзаарагдах боллоо. Монголын сонгогчдын 40 хувийн саналыг авсан улс төрийн ууган хүчнийхэн эдүгээ парламентад бүлэггүй таваргаж явна. Парламентын түүхэн дэх хэлмэгдүүлэлт гэвэл арай “томдсон” хэллэг болох байх. Гэхдээ л адилхан ард түмний төлөөлөл болж хууль тогтоох байгууллагад орж ирчихээд олноороо түрүү барьж цөөнхийнхөө эрхийг хүндэтгэхгүй байна гэдэг улс төрийн соёл лав биш. Монголын төрийг сөрөг хүчингүй байлгах, үүний тулд хоног хугацаа хожиж зарим нэг хуулийг ногоон гэрлээр батлах гэсэн далд санаархалдаа хэт автаад олон түмнийхээ итгэл үнэлэмжийг эргээд үргээчихэж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байна. Ингэвэл энэ нам хөлгүй толгой лугаа болно. Аливаа юм хэм хэмжээтэй. Ард түмний санаа бодол эргэж урвах цаг хугацааны зааг орчил гэж бас бий. Асуудлыг шийдэх арга зам зөндөө байна. Болгоё гэвэл боломж нь бас бэлээхэн. Гэтэл дургүйд хүчгүй гэгчээр асуудалд хандаж байна. Олонхын бүлгийнхэн өнөөдөр хэлснээ маргааш нь мартчихаад, хууль тойруулан гороолж, өөрсдийгөө зөвтгөх гэж оролдож байна.

Эрхэм спикер З.Энхболд анхдугаар чуулганыг хааж хэлэхдээ “УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд бүлэг байгуулах талаар хуульд зохих өөрчлөлт оруулах тухай төслөө өргөн мэдүүлбэл Улсын Их Хурал энэ асуудлыг хуулийн дагуу аль ч чуулганаараа хэлэлцэж шийдвэрлэх боломжтой” хэмээн онцолж байсан. Гэтэл тэр нэхээд байсан хуулийг нь санаачилж өргөн барьчихаад байна. Ээлжит бус чуулган ид дундаа явж байгаа. Гэвч мөнөөх бүлэг байгуулах тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнөөс гээгдчихэж. “Аль ч чуулганаараа хэлэлцэх боломжтой” гэсэн амлалтаа бас умартчихлаа. Ингэснээрээ АН-ынхан өөрсөд дээрээ гал дуудаж байгаа хэрэг.

МАН-ынхны хувьд У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн “тэвчээр дуусч” байгаа бололтой. МАН-ын гишүүд бүрэн эрхээсээ татгалзана гэсэн үг яриа олон нийтийн дунд түлхүү яригдаад эхэллээ. Гишүүн С.Бямбацогт ийм санаачлага гаргасан гэнэ. МАН-ын залуу лидерүүдийн нэг Ж.Энхбаяр өчигдрийн өдөр тутмын сонинуудад өгсөн ярилцлагадаа үүнийг бас нотолсон байна билээ. Дотроо эв нэгдлийг эрхэмлэдэг энэ намын хувьд дуугарвал дуу нэг гэдгийг АН-ынхан эрхбиш гадарладаг биз.

МАН-ынхан цөөнх гэлээ ч тэдний гарт ийм том хөзөр атгаастай байгаа. Тэд хөзрөө дэлгэвэл өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлнэ гэсэн үг. Наад зах нь сонгуулийг дахин явуулах хэрэгтэй болно.

Цөөнхийн ажиллах эрх зүйн орчинг нь бүрдүүлэхгүй, тэдний ард түмнээ төлөөлөх эрхийг нь хангаж өгөхгүй, хяналтаа хэрэгжүүлэх боломжийг нь хязгаарлачихаад байвал тэд дараагийн алхмаа хийх нь үүр цайж өглөө болдогтой адил тодорхой зүйл. Хэрэв ийм зүйл болбол хэн хожих вэ. Лавтай АН, МАН-ын аль нь ч хожихгүй. Харин хожил ард түмний талд ирж мэднэ. Хэн дуртай нь Хэдэн янзаар тайлбарладаг хуулийн зүйл заалтууд нэг мөр болж, засаглалын эрх мэдэл, хэлбэр жаягийн тухай яриа ч өрнөж мэдэх юм байна. Энэ мэт өдөөгдөж сөхөгдөх асуудал цөөн биш байж мэдмээр. АН-ынхны хувьд эрх ашгийн дараалал гэдэг юм нь алдагдчихаад байна. Нэг харсан нийтлэг эрх ашиг нь тээр тэнд хоцорчихсон, намынх нь түрүүлээд давхичхаж. Ийм янзаар удаан явах аргагүй. Энэ үйлдлээрээ тэд улс төрд тогтворгүй байдал үүсгэх гал өрдөөд сууж байгаа юм.

Ардын намын хувьд ч гэсэн иргэдийнхээ 40 орчим хувийн саналыг авчихаад эрхээ хэрэгжүүлж чадахгүй амаа таглуулж, гараа хүлүүлчихээд үхдэл адил сууна гэдэг сайн юм биш. Олонхтой яриа хэлцлээ эрчимжүүлж, эдлэх ёстой эрхээ эргүүлэн авч сөрөг хүчнийхээ үүргийг хэрэгжүүлмээр байна. Тэгэхгүй бол цаана чинь бурхангүй газрын бумба галзуурна гэгч болж байна. Тэр Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг хар. Улсын төсөв хүрэлцэхгүй байна гэх мөртлөө 2.7 тэрбум төгрөгөөр хөшөө босгож, байр тэмдэглэнэ ч гэх шиг. Ёстой л дунд чөмгөөрөө жиргэж байгаа юм биш үү.

МАН бүлэггүй байна гэдэг сонгогдсон 25 гишүүний асуудал төдий биш. Энэ бол эх орны нийтлэг эрх ашиг. Парламентын соёлын салшгүй хэсэг, олон нийтийн хяналт. Сөрөг хүчин байна гэдэг сөргөлдөх биш хамтран ажиллах, ухаанаа уралдуулахыг нэр. Сонгогчид ч гэсэн сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонсмоор байна. Дарга гэсэн тодотголтой бүхнийг олонхын бүлгийнхэн гартаа оруулаад авлаа. Дан дарга нараас бүрдсэн олонхтой одоогийн энэ парламентад ард түмний хараа хяналтыг Төрийн ордонд оруулмаар байна шүү дээ. Гартаа хөзөр атгачихаад гарч зүрхлэхгүй сууна гэж бодохгүй байна. Гэхдээ аливаад тэвчээрийн хязгаар гэж бас бий.

П.Булган


URL:

Сэтгэгдэл бичих