Эдийн засагч Б.Цэндсүрэн 14 хүний амь насаар тоглох дөхөв

-”Алтан элс” эмнэлгийн эзэн тэрбээр эм тариа бөөндөж тарьсан байна-

Улаанбаатар хотын булан тохойнууд баар рестрон болон хувийн эмнэлгүүдээр дүүрсэн гэхэд болно. Өнгөрөгч он жилүүдэд хувийн эмнэлэг байгуулах зөвшөөрөл арван сая төгрөгийн ханштай “нисэлдэж” авлигачдын халаасыг зузаалсан түүхтэй. Тэр хувийн эмнэлгүүдэд үр хөндөлт, хуурамч онош, залилан мэхлэх ажиллагаа цэцэглэн хөгжиж байна гэхэд хилсдэхгүй. Есдүгээр сарын 06-ны шөнийн 02 цагаас эхлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд “Алтан элс” эмнэлэг дээр шөнөжин ажиллалаа.

Учир юу гэвээс Баянгол дүүргийн тавдугаар хороо 94 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Алтан элс” эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан 17 иргэний 14-ийнх нь бие гэнэт муудсан байна. Эмчлүүлэгчийн биеийн байдал огцом муудаж амнаас нь цагаан хөөс сахарч, халуурч эхэлжээ. “Алтан элс” эмнэлгийн ажилтнууд эмчлэх гэж оролдсон боловч яаж ч чадалгүй түргэн тусламж дуудсан байгаа юм. Ингээд өдрийн 12 цагт “Алтан элс” эмнэлэг дээр очлоо. Таван давхар байшин дотор есөн шидийн эмнэлэг, худалдаа үйлчилгээний байгууллагууд чихэлдэж байрладаг юм байна. Заримаас нь дурдахад “Гэрэлт чагнуур”, “Удам”, “Үлэмж ээж”, “ОБЦ”, “Мед аналитика төв”, “Ливер ген”, “Их задь” гэх мэт хорь гаруй эмнэлэг байрладаг аж. Элэг, зүрх, эмнэлгийн тоног төхөө¬рөмж, зүү төөнүүр, бариа засал, эмэгтэйчүүдийн эхо, рентген, шүд, хамар хоолой, арьс гоо засал хүртэл байдаг байна.

Мөн саун массаж, хүнсний дэлгүүр, эмийн сан хүртэл үйл ажиллагаа явуулна. Өрөө болгон эмнэлэг гэхэд болно. Нэг хаалга татахад залуухан охид нүүр буруулан үр хөндүүлнэ гээд 50 мянган төгрөг бариад зогсож байх жишээтэй. Ардын уламжлалт эмчилгээ гэсэн өрөө рүү шагайхад түвд судар дэлгэсэн нөхөр “Сэрэлт” киноны маарамбын дүрд хувирчихсан нэгэн эмэгтэйн судсыг тэмтрээд сууж байгаа үзэгдэх юм. Тус байшингийн таван давхарт “Алтан элс” эмнэлэг байрладаг бөгөөд дотроосоо цоожилчихоод хэнийг ч оруулахгүй, гаргахгүй байгаа гэнэ. Тун нэр хүнд сайтай эмнэлэг бололтой. Үзүүлж харуулах гэсэн хүмүүс ирчихсэн зогсож байна. Хаалгыг нь хичнээн нүдсэн ч онгойлох шинж алга. Харин дөрвөн давхарт байрлах эмнэлгийн ажилчид “Наад эмнэлгээс чинь хэдэн өдөр дараалан ус алдаад байхад оруулахгүй юм. 17 хүн хоолны хордлого авсан гэнэ лээ” гэцгээж байв. Ингээд энэ эмнэлгийн талаарх мэдээллийг олж үзлээ. 2009 онд Л.Базаррагчаа захиралтай “Луноба” ХХК Төв аймгийн Аргалант сумын нутагт “Алтан элс” нэртэй сувилал байгуулахаар зөвшөөрөл авч байсан аж. “Луноба” компани нь уул уурхай, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. “Луноба” компанийн захирал Л.Базаррагчаа элс олборлодог бизнес эрхэлж байгаад элсний сувилал гэгчийг байгуулахаар болсон гэнэ. Тэгээд эхнэр Б.Цэндсүрэн нь “Алтан элс” сувиллыг толгойлон ажиллуулахаар болжээ.

Тэгээд ч эрүүл мэндийн талаар анхан шатны мэдлэггүй эхнэр нөхөр хоёр яаж сувиллын гэрчилгээ авсан нь тодорхой бус байгаа юм. 2011 онд Төв аймгийн Аргалант суманд байгуулсан “Алтан элс” сувилал татан буугджээ. Тэгсэн хэрнээ Улаанбаатар хотын Баянгол дүүргийн тавдугаар хороонд “Алтан элс” эмнэлэг болгон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Бөөр, булчирхай, үе мөч, дотор, элэг цөсний эмнэлэг болсон байгаа юм. Европ болон уламжлалт эмчилгээг хослуулан хийж ихэд нэрд гарсан гэнэ. Гэхдээ Нийслэлийн Эрүүл мэндийн газар, мэргэжлийн хяналтын газар “Алтан элс” эмнэлгийн боловсон хүчин, тоног төхөөрөмж, байр зэргийг үзээд сувилал гэсэн нэрийн дор гэрчилгээ олгожээ. Өөрөөр хэлбэл, сувилал гэдэг нэрийн дор эмнэлгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм байна. 2012 оны зургадугаар сард Нийслэлийн Эрүүл мэндийн газар үзээд боломжийн гэсэн дүгнэлт өгч байжээ. “Алтан элс” эмнэлэг мэргэжлийн эмч гэж байхгүй. Харин “Луноба” ХХК-ийн захирал Л.Базаррагчаагийн эхнэр Б.Цэндсүрэн үзлэг хийж байсан байх юм.

Түүний мэргэжил эдийн засагч бөгөөд эрүүл мэндийн талаар ямар ч ойлголтгүй нэгэн гэнэ. Эрүүл мэндийн талаар ямар ч мэдлэггүй, мэргэжилгүй хэрнээ чагнуур зүүгээд, онош бичээд явсан байх юм. Тэгээд өнгөрөгч лхагва гаригийн орой 17 хүнд үзлэг хийж, баахан тариа бөөндөж байгаад тарьж орхижээ. Төд удалгүй 14 хүний биеийн байдал муудан бөөлжиж, арьсан дээгүүр нь тууралт өгсөн байна. Эдийн засагч байгаад эмчийн дүрд хувирсан Б.Цэндсүрэн өвчин намдаах, хордлого тайлах эм тариа өгсөн ч хүмүүсийн байдал бишдсэн байна. Ингээд “Алтан элс” эмнэлэг дээр дуудлагаар очсон эмч нарын яриагаар “Дахиад нэг хоёр цаг болсон бол өвчтнүүд амь насаа ч алдах аюултай байлаа. Яаралтай арга хэмжээ авсан тулдаа олон хүний амь насыг аварч чадлаа” гэсэн юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга С.Туултай уулзахад “Хувийн эмнэлэг болгон муу байдаггүй.

Нийслэл хотод 1100 гаруй хувийн эмнэлэг, 600 гаруй эмийн сан ажиллаж байна. Эдгээр эмнэлэг, эмийн сангуудыг цэгцлэх цаг болсон. “Алтан элс” сувиллын тусгай зөвөөрлийг хүчингүй болгосон. Эрүүл мэндийн талаар мэдлэг, мэргэжилгүй хүн ашиг олохын тулд бусдын амь насаар тоглох дөхлөө. Ийм явдалтай төр засаг ч, иргэд ч тэмцмээр байна” гэв. Түүний ярианаас үзвэл эрүүл мэндийн талаар мэдлэггүй, мэргэжилгүй нөхдүүд эмнэлэг, эмийн сан ажиллуулж байж болзошгүй юм байна. Тиймээс иргэдээс мэдээлэл авах сонирхолтой байгаа аж. Нийслэлийн Эрүүл мэндийн газын ажилтнуудад “Алтан элс” эмнэлгийн дарга Б.Цэндсүрэн “Би бага эмч сувилагч гэсэн мэргэжилтэй” гэсэн байна. “Тэр гэрчилгээгээ үзүүлээч гэхээр шатаачихсан” гэсэн гэнэ. Тэгээд ч бага эмч, сувилагч гэсэн хавсарсан мэргэжил байдаггүй аж.

Улаанбаатар хотод нийт 126 сувилал байдгаас Нийслэлийн эрүүл мэндийн газар 68 сувилалд шалгалт хийж зөрчил дутагдал илрүүлсэн байна. “Алтан элс” эмнэлэгт эмийн хордлогод орсон 14 өвчтөнийг дүүргийн эмнэлгүүдэд тараан хэвтүүлсэн аж. Өдрийн 15 цаг гэхэд өвчтөнүүдийн эмийн хордлого тайлагдаж сайжирсан гэх мэдээлэл өгч байв. Хөдөөнөөс ирж биеэ сайжруулах гэсэн таван иргэн болсон явдалд ихэд цочирдон нутаг буцах талаар ярьж байна лээ. Харин Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн БНХАУ-ын Өвөр Монголоос ирсэн Алтанбүргэд гэдэг нөхрийн бие тааруу байгаа дуулдав. Тус эмнэлгийн дарга М.Чимгээгээс тодруулахад “Өвчтөний шинжилгээний хариу гараагүй байна. Биеийн байдал дээрдэж байна” гэсэн юм.

Т.Цогт-Эрдэнэ


ӨДРИЙН СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих