Халаа сэлгээ, аймшигт осолтой долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт улс төрд халаа сэлгээ, томилгоо дүүрэн долоо хоног өнгөрлөө.

Засгийн газрын Төрийн нарийн бичгийн дарга нарын түр үүрэг гүйцэтгэгчдийг томилсон бол дэд сайдуудын асуудал ид яригдаж байна. Намууд ч дэд сайдад томилох хүнээ тодруулав. Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж байгаа ба дэд сайдуудыг томилж магадгүй байгаа юм. Мөн Нийслэлд энэ долоо хоногт барилгын аюулгүй ажиллагаа явуулсантай холбоотойгоор хэд хэдэн хүн амиа алдсан осол гарлаа. Мэргэжлийн байгууллагууд энэ асуудалд анхаарал хандуулж эхлээд байна.

Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчдийг томилов

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 12 яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг түр олон гүйцэтгэгчийг томиллоо.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр “Монгол хүн – 2020” хөтөлбөрийн зохицуулагч Ж.Батболдыг, Хууль зүйн яаманд Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Баярцэцэгийг,
Барилга, хот байгуулалтын яаманд УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнг, Боловсрол, шинжлэх ухааны яаманд Ш.Булга-Эрдэнийг, Зам, тээврийн яаманд Монголын төмөр зам нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батзаяаг Төрийн нарийн бичгийн түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэлийг, Уул уурхайн яаманд Р.Жигжид , Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд ХХААХҮЯ-ны дэд сайд асан Х.Золжаргалыг, Хөдөлмөрийн яаманд Б.Ганцэцэгийг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд Б.Отгонжаргалыг, Эдийн засгийн хөгжлийн яамны Б.Шинэбаатарыг, Эрчим хүчний яаманд Д.Дэлгэрцогтыг Төрийн нарийн бичгийн даргын үүргийг тус тус түр орлон гүйцэтгүүлэхээр томиллоо.

Намууд дэд сайдуудаа тодруулав

Засгийн газарт дэд сайдаар ажиллах хүнээ намууд тодрууллаа. АН-ын гүйцэтгэх зөвлөлөөс дэд сайдуудаа тодруулсан байна. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягийг Гадаад харилцааны дэд сайдаар, Гэгээрлийн яамны сайд, Бельги улсад элчин сайдаар сууж асан А.Баттөрийг Батлан хамгаалахын дэд сайдаар, Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэвийг Эрчим хүчний дэд сайдаар, Баян-Өлгий аймгийн АН-ын дарга Х.Ержаныг Зам, тээврийн дэд сайдаар, “Гангар инвэст” компанийн захирал Н.Пүрэвээг, Сангийн дэд сайдаар, АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэгийг, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар, МоАХ-ны нарийн бичгийн дарга Г.Байгальмааг, Үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн дэд сайдаар, Төрийн өмчийн хорооны дэд дарга О.Эрдэнэбулганыг, Уул уурхайн дэд сайдаар Ардчилсан залуучуудын холбооны дарга Ж.Амарсанааг, Эрүүл мэндийн дэд сайдаар томилохоор яригдаж байгаа ажээ. Харин ҮЗХ-ны гишүүн, Чингэлтэй дүүргийн иргэн Туваан, “Коматцу” компанийн захирал Э.Тамир нарт аль салбарыг хариуцуулахаа хараахан тохироогүй байгаа аж. Гэхдээ энэ байдал эцсийн дүнд өөрчлөгдөх магадлал өндөр байгаа гэнэ.

Учир нь засагт хамтрагч МАХН, аль салбарт хэн гэдэг дэд сайдаа томилохоо тохирч чадахгүй ихээхэн бужигнаж буй учир ийн асуудал тодорхойгүй байгаа бололтой. Гэхдээ МАХН-ынхан өчигдөр хуралдаад дэд сайд нараа тодорхой болгожээ. Тухайлбал, Хууль зүйн дэд сайдад хуульч Ж.Эрдэнэжамъян, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдад Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулга нарыг нэр дэвшүүлэхээр болжээ. Харин үлдсэн нэг дэд сайдын суудалд МҮАН-ынхан намынхаа дэд дарга Б.Цогтгэрэлийг санал болгож байгаа гэнэ. Нэгэнт дэд сайдуудын нэр тодорхой болсон учир өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх бололтой. Харин МҮАН өөрт ногдсон хоёр суудалдаа намынхаа нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл, Батлан хамгаалахын сайд асан Ж.Батхуяг нарыг томилохоор санал нэгдсэн бол ИЗНН-ынхан “Гермэс” төвийн захирал Х.Түмэнжаргалыг сонгоод байгаа юм байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болох бөгөөд тус хуралдаанаар дэд сайд нарыг томилох тухай асуудал хэлэлцэх бололтой. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Ардчилсан намынхантай зөвшилцсөн сураг дуулджээ. МАХН-ын хувьд өчигдөр гурван ч дэд сайдыг нэр дэвшүүлсэн бөгөөд Хууль зүйн дэд сайдад хуульч Ж.Эрдэнэжамъян, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдад Н.Энхбаярын туслах Б.Тулга нарыг нэр дэвшүүлэхээр болж шийдвэрлэсэн.
Харин МҮАН-ын хувьд Б.Цогтгэрэлийг нэр дэвшүүлэх магадлал өндөр байгаа аж. Ардчилсан намын хувьд дэд сайд нарын нэрс нь хэдийнэ тодроод байгаа учир эл томилгоо эцсийн байдлаар маргааш шийдэгдэх нь.

Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах тухай сөхөгдлөө

УИХ дахь нөлөө бүхий улс төрийн бүлгийн гишүүд 13 тэрбум ам.доллар хэдийн зарцуулсан Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харж, Засгийн газрын эзэмшлийн 34 хувийг нэмэгдүүлэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлсэн талаар гадаадын агентлагууд мэдээлжээ.

Монгол-Хятадын хилээс 80 км-ийн зайд оршдог Оюутолгойн орд 2018 онд үйлдвэрлэл бүрэн жигдэрч эхлэх үед дэлхий дээрх алт, зэсийн хамгийн том гурван ордын нэг болох юм. 18 сая тонн зэс, 21 сая унц алтны нөөцтэй энэ том орд Монгол Улсын ДНБ-ний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний орлогыг улсын төсөвт оруулна гэж эдийн засагчид таамаглаж байгаа юм.

2009 онд Монголын Засгийн газар, Канадын “Айвенхоу Майнз” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшихээр болсон юм. Лхагва гаригт УИХ-ын 24 гишүүн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж, Оюутолгой төслийн Монголын Засгийн газрын эзэмшлийг 51 хувь болгох тухай шаардлага хүргүүлсэн байна.

Хөрөнгө оруулалтын гэрээнд Оюутолгойн үйлдвэрлэл эхэлснээс хойш 30 жилийн дараа Монголын Засгийн газрын эзэмшлийн хувийг нэмэх тухай заасан байдаг. Өнгөрсөн аравдугаар сард УИХ-ын зарим гишүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлага гаргасан ч төслийн гүйцэтгэгч байсан “Айвенхоу Майнз” гэрээнд өөрчлөлт оруулахаас эрс татгалзсан юм.

Барилгын аюулгүй ажиллагаагаа алдсанаас хоёр хүн амиа алдав

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд барилгын кран осолдсоны улмаас 10 настай хүүхэд даруулж амиа алдсан хэрэг гарлаа.

Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших “Хурд” хурд хороололд барилгын ажил эрхэлж байсан Кранд осол гарснаас 25 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна..
Ийнхүү барилгын ажилд хайхрамжгүй хандсанаас хоёр хүний амь авч одсон үйл явдалд мэргэжлийнхэн анхаарал хандуулах болоод байна.

Хэлмэгдэгсдийн төлөөлөлд мөнгөн тэтгэмж олгов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр болох гэж буйтай холбогдуулан зарим хүмүүсийг хүлээн авч уулзав. Энэ үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Хэрэв эмгэнэлт үйл явдал өрнөсөн тухайн он жилүүдэд Монгол Улсад цаазын ял байхгүй байсан бол олон мянган хүний амь нас аврагдаж, олон олон гэр бүлүүд өнчирч хагацахгүй байх байсан. Харин одоо Монгол Улс цаазын ялыг бүрэн халсан нь том амжилт юм ” гэв.

Өнгөрсөн хугацаанд 31 мянга гаруй хүний хэрэг хилс болох нь тогтоогдож цагаатгагдаад байна. Түүнээс гадна 17.500 хүнд 16 гаруй тэрбум төгрөгийн нөхөх олговор олгогдоод байгаа бөгөөд ЕТГ-ын дарга Ч.Цэмбэлдорж, Ё.Цэрмаа, М.Данзан нарын хэлмэгдэгсдийн төлөөлөлд буцалтгүй мөнгөн тэтгэмж олгов.

Энэ үеэр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнчин цагаатгах ажлын явц, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Орон нутгийн цагаатгалын салбар комиссууд, хэлмэгдэгсдийн зүгээс “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох” тухай хуулийн зарим зүйл, заалтын үйлчлэх хугацаа дууссантай холбоотой ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн хугацааг нь сунгах саналаа боловсруулж, шийдвэрлүүлэхээр бэлтгэж байгаа талаар тэрээр ярив.

Мөн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд хэлмэгдэгсэд тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдийг хүлээн авч уулзах, хэлмэгдэгсдийн хөшөө, булш, суварганд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх, ярилцлага, уулзалт зохион байгуулах зэрэг арга хэмжээ болох юм байна.

Т.АМУР

URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=61036


URL:

Сэтгэгдэл бичих