Байхгүй бүлэг яаж дарга, дэд даргатай болох юм

“Монголд ардчилал ялахыг үзээд үхэх юмсан” гэж ярьдаг ардчилалд хайртай хүн олон байдаг. Ардчилсан гэх Монголд коммунист угшилтай Ардын нам төр барьж, толгойд нь суух цөөн тооны хэдэн хүн төрийг өөрсдийгөө гэж эндүүрэн дураараа дургидагт нь эгдүүцсэндээ хүмүүс ингэж хэлдэг юм. Ардчилсан тогтолцоотой болоод хорь гаруй жил болж байхад өнөөх л коммунистууд толгой дээр зайдалчихаад эрүүл саруул, эр, эм, хөгшин залууг ялгалгүй халамж хэмээх цөөхөн хэдэн төгрөгөөр хууран, иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээтэй амьгүй албат болгосоор ирлээ. Хорин хэдтэй идэр насны залуус ажил хийхээ больсон. Ажил олдохгүйдээ биш, архины мөнгийг нь төрөөс бэлэн өгч байсан болохоор л ингэж байлаа. Хөлсөө дуслуулж, хөдөлмөрлөж олсон мөнгө бол, зүгээр байхад нь өгсөн мөнгөнөөс хамаагүй үнэ цэнэтэй. Үнэ цэнэтэй олсон мөнгөө хэрэгцээтэй зүйлдээ хүн зарцуулна.

Мэдээж ардчилал ялахыг үзээд баярласандаа амиа хорлоод үхэх нь хаашаа юм. Яагаад ч нэмэргүй, эсрэг санал өгсөн ч ялж гарч ирээд, дураараа дургиад байсан болохоор нь ардчилал ялахыг үзэхгүй нь гэж арга ядахдаа дээрх үгийг хэлж байхав.

Энэ олон жилийн хугацаанд тэд төр барьсан нэрээр хүссэнээрээ улс орноор минь тоглолоо. Дуртай үедээ хууль зөрчиж, дараа нь өөрсдөдөө зориулж хууль гаргадаг байсан нь илчлэгдлээ шүү дээ. Хуулиараа 24 цагийн дотор бүлэг байгуулахаа өргөн мэдүүлэх ёстой атал тэд сурснаараа тоомжиргүй хандсан. Нөгөө л төрийг, хуулийг уландаа гишгэдгээ нотолсон хэрэг.

Одоо араас нь гоншгонож, өөрсдөдөө тааруулсан хууль батлуулах гээд гүйж явна. Хуулиар бүлэг байгуулах эрх зүйн чадамжгүй болсон уг нам бүлгийн дэд даргаа сонголоо гэнэ. Байхгүй бүлэг яаж дарга, дэд даргатай болох юм.

Тэд өнгөрсөн хугацаанд төрд, хуулинд яаж ханддаг байсан нь тодорхой байгаа юм. Анхнаасаа хуулийн хугацаандаа бүлгээ байгуулахыг нь хэн ч хориглоогүй. Өөрсдөө л хууль зөрчиж маягласныхаа горыг амссан хэрэг.

Тэд эрх барьж байх үедээ төрөөс илүү намаа тавьдаг байж. Нам нь ялаагүй болохоор эвлэрч чадаагүй. Тэгээд л том толгой гаргаж байгаад араас нь олон ааштай авгай шиг аяглаж байна. Ер нь ч өнгөрсөн хугацаанд төрийн ажлыг олигтой хийгээгүй нь эхнээсээ харагдлаа. Ардын намынхаа ажлыг л хийгээд байж. Тиймдээ сангийн авдраа цайлгаад жилийн хагас ч хүрээгүй байхад төсөв хүрэлцэхгүй болчихлоо.

Сүүлдээ Хөгжийн банкийг “тонож”. Эрдэнэтийг “дээрэмдэж”, сонгуульд ялахын тулд иргэдэд мөнгө тараасан. Монгол Улс цаашдаа яах нь тэдэнд хамаагүй, сонгуульд ялах нь л чухал байв. Ингэж хойтохоо бодохгүй увайгүйтэн иргэдийн саналыг өөрсдийнх нь татварын мөнгөөр худалдаж авах гэж хичээсэн байж. Бусад улс орнууд коммунист угшилтай ийм намаа бүгд татан буулгасан. Харин манайд коммунист нам амь бөхтэй оршиж, эрх барьсаар, төрийг эрхшээж байлаа. Сая болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиар цөөнх болсондор шаралхаж, бид төр барих ёстой гэж үзсэндээ хуулийг завхруулж, хугацаандаа бүлгээ байгуулаагүй. Өөрсдийгөө төр гэж үзсээр ирсэн тэд бүлэг ч үгүй шийдвэр гаргах эрхгүй байж бүлгийн дэд даргаа сонгоод явж байгаа нь хэрхэн дураараа авирлаж ирснийг нь бэлхэнээ харуулж байгаа хэрэг биш үү. МАН бүлэггүй байснаараа улс орон хохироод байгаа юм алга. Харин ч энэ нан бүлэггүй байснаараа эрх барьж буй АН-д ажил хийх боломж гарч байна. Хэрэв эд өөрсдөөсөө болж бүлэггүй болоогүй бол өдийд УИХ-ын даргыг сонгуулахгүй, Засгийн газар ч бүрдүүлэхгүй шантаажлаад сууж чадах хүмүүс. Улс төрийн хамаг л шантаажийг бүлэг гэдэг юмаараа МАН л хийж ирсэн. Тэд саад болохгүй байгаа учраас бүх шатны төрийи бүтцэд салхи орж эхэллээ шүү дээ. Монгол төрийн ажил одоо л нэг зөв замаар явж эхэллээ. МАН бүлэгтэй болбол маргаашаас нь л төрийн ажлыг гацаанд оруулах гэж зүтгэнэ. Бүлэг гэдэг эрүүлээрээ харах юм бол улс төрийн статус мөн ч нэг хэсэг бараг мафи болгосон нь МАН шүү дээ. Бүлэг гэдгээрээ түрий барьж, хамаг дарамт шахалтыг хийж ирсэн.

Нийгэмд энэ намыг татан буулгах хүсэлтэй хүмүүс олон бий. Ингэж татан буулгаад буурин дээр нь өөр нам байгуулах цаг нь болсон. Орон суурин дээр нь өөр нам байгуулж сая сонгуульд ялж гарч ирсэн тойргуудад нь дахин сонгууль явуулах хэрэгтэй. Нийгмийн дуу хоолой ийм байна.

Ардын нам Монголын төлөө биш намын толгойд байгаа арваад хүнийг сайн сайхан, баян цатгалан байлгахын төлөө л явж ирсэн гэлтэй. Өөрсдийнх нь хэлдгээр монголчуудын 40-өөд хувь нь тэднийг дэмждэг гэж ярьдаг Тэгэхээр тэр 40-өөд хувийн дэмжлэгийг энэ хугацаанд өөрсдийнхөө төлөө л аваад байсан аж. Ард түмэн улс орон гэдэг тэдний хувьд хойгуур хаягдах ойлголт. Удирдлагад байдаг арваад хүний л сайн сайхны төлөө зүтгэдэг, тэднийг хагартал нь баяжуулснаас өөр гавьтай зүйл энэ нам бүтээсэнгүй. Энэ хугацаанд төсвийн мөнгийг хэрхэн үр ашиггүй зарцуулж, газрыг ямар ч эохион байгуулалтгүй олгон, далд бизнес болгон хөгжүүлж байсан нь эхнээсээ баригдаж байна л даа. Тэд Монголыг хөгжүүлэх томоохон алхмуудыг зоригтой хийж байсангүй.

Гэтэл тэд ирэх орон нутгийн сонгуульд ямар ч хамаагүй аргаар ялна гэж бэлтгэл базаагаад эхэллээ. Албан тушаалгүй болсон болохоор дунд шатанд ч болов, дарга болох гэж бүгд дүүргүүддээ анхаарал хандуулж байна. Байснаас байхгүй байх нь хамаагүй дээр энэ намынхан яаж ч мэднэ шүү.

Д.Мөнгөндалай


URL:

Сэтгэгдэл бичих