”Боевик” Б.Билэгт баруун, солгойгүй халаа сэлгээ хийж байна

Энэ сарын 3-нд ЦЕГ-ын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагчаар томилогдсон шинэхэн дарга Б.Билэгт ганцхан долоо хоногийн дотор чамгүй олон халаа сэлгээ хийв. АН парламентад давуу суудалтай болсноор Ерөнхий сайдын шууд удирдлагад ажилладаг ЦЕГ-ын даргыг солих нь тодорхой байв. Засаг солигдох бүрт энэ байгууллагын даргын суудал ганхдаг нь хэвийн үзэгдэл болсон. Цагдаагийн байгууллагын чиг үүргийг хэнээр ч заалгахгүй мэддэг, туршлагатай генерал Д.Сандаг-Очирыг төрийн тэргүүн өрөөндөө дуудан загнаж байсан цаг саяхан. Ийн тус байгууллагын даргыг өөрчлөх бодлоо эртнээс илэрхийлсэн Ерөнхийлөгч болон АН-ынханд Д.Сандаг-Очир генералыг өндөр насны тэтгэвэрт гарах болсон учраас гэсэн тодотголтойгоор ажлаас нь чөлөөлж, оронд нь өөрийн хүнээ суулгав. Б.Билэгтийг шинэ албан тушаалынхаа тамга тэмдгийг гардаж авав уу, үгүй юу харьяа байгууллага, хэлтсийн удирдлагуудыг толгой дараалан халж, сэлгэж байгаад гайхах хүн олон байна. Хийх ажлынхаа чиг үүрэг, зовлон жаргалыг юун түрүүнд мэдрэх нь бус харьяа газруудынхаа дарга нарыг сэлгэх нь түүнд хамгийн чухал асуудал байж.

Өмнө нь тагнуул гэх мэт хүчний байгууллагыг толгойлж байсан ч цагдаагийн албанд ганц ч хоног зүтгэж үзээгүй туршлагагүй нэгнийг томилсонд дургүйцэж, эгдүүцэх хүн ч цөөнгүй байгаа юм билээ. Гэсэн хэдий ч эрх баригч намын халааснаас “төрсөн” эрхэм даргын үг одоо нэгэнт хууль мэт болжээ. Тэрбээр өдөр алгасахгүй хэлтэс, албадын удирдлагыг нааш цааш нь болгосоор өдгөө Замын цагдаагийн газрын даргаас бусдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна.

Юуны өмнө хүчний байгууллагад хүч түрэн орж ирсэн Б.Билэгт гэж хэн болох талаар сийрүүлье. Залуу халуун насандаа аливаа зүйлийг нударгаар шийдчих гээд байдаг ойворгон зангаасаа болж “боевик” хочтой болсон нь ч түүнийг хэн гэдгийг илэрхийлэх нэгэн хэмжүүр болох буй за. Б.Билэгт 1960 онд Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрж, 1978 онд Нийслэлийн тавдугаар сургууль, 1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын УААДС-ийн Санхүү, эдийн засгийн сургууль, 1988 онд МУИС, 1999 онд “Отгонтэнгэр” их сургууль төгссөн. Нягтлан бодогч-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 12 жилийн турш төрийн байгууллагад ажилласан гэдэг. Ингэхдээ Улаанбаатар хотын Max бэлтгэлийн конторт ачигч, “ТЭЦ-2″ цахилгаан станцад слесарь, “Сонсголон” элс, хайрганы завод, “СОТ-2″ барилгын трестэд нягтлан бодогчоор ажиллаж байжээ. Ардчилал, зах зээлийн жилүүд эхлэх үеэс АН-ын үйл хэрэгт идэвхийлэн оролцож, Монголын Ардчилсан холбооны идэвхтэн гишүүн байв. “Ардчилал” сонинд улстөрийн ажилтан, сурвалжлагч, эрхлэгч, ХААҮЯ-ны Гадаад харилцаа, эрх зүйн газрын дарга, Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаад ийнхүү сонгуулийн үр дүнд намын буянаар ажилтай бологсдын эгнээг нэгээр нэмж байгаа нэгэн юм.

Ямартай ч энэ томилгоог АН­-аас салгаж ойлгох аргагүй, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүй хүнийг ЦЕГ-ын даргад зүтгүүлсэн анхны томилгоо болж байна. Тус байгууллагыг удирдаж явсан үе үеийн генералууд цагдаагийн албанд ийм өндөр цол хүртэтлээ зүтгэсэн. Харин эртнээс энэ газрын даргын суудалд нэр нь яригдаж байсан Т.Билэгт сонгуулийн дүн гарсны маргаашнаас л ЦЕГ-ыг толгойлох хүсэлтэй буйгаа Ерөнхий сайд Н.Алтанхуягт дуулгасан гэдэг. 1990 оны ардчилсан өөрчлөлтийн үед өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой жанжны талбайд хамт жагсч явсан нь түүнийг хожим ямар ч өрсөлдөгчгүйгээр томоохон албан тушаалд томилогдох үүдийг нээсэн хэрэг.

Ямар ч гэсэн түүний үүх түүх, намтрыг харвал эрхэм Ерөнхийлөгчийг эрх мэдэлтэй явах үед Т.Билэгт гэдэг хүн нөлөө бүхий албан тушаалд томилогддог нь нууц биш. Нам дагавал ам тосддогийн үлгэрээр өнгөрсөн хэдэн жилийн турш үйл ажиллагаа, чиг үүргийн хувьд тэс өөр гэж болохоор Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газар, ТЕГ, ҮАБ-ын ажлын албаны дарга гэх мэт сэнтийд дараалан заларч явсан тэрбээр ЦЕГ-т очих сургаар хэлтэс, албадын дарга нарыг хэрхэн сэлгэхээ зэхэж байсан нь сүүлийн өдрүүдийн томилгооноос бэлхнээ харагдана. Ажлаа авсныхаа маргааш буюу энэ сарын 4-нд ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Ш.Ганболдыг томилсон. Түүний хамгийн сүүлийн томилгоо нь Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын даргыг өөрчилсөн явдал байлаа.

Одоогийн байдлаар эрхэм даргын хүсэлтээр Сүхбаатараас бусад дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нарыг хараахан өөрчлөөгүй байна. Удирдлага нь солигдоогүй үлдээд байгаа ганц газар болох Замын цагдаагийн газрын даргаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Н.Ядамдоржийн нэр яригдаж буй аж. Шинэхэн удирдлагын шийдвэрээр цагдаагийн харьяаны бүхий л газруудын удирдлагууд ийнхүү солигдлоо. Цаашдаа ч эл томилгоо үргэлжилж дотоод хэлтэс, албадын дарга нарыг сэлгэх сурагтай.

М.ӨНӨРЖАРГАЛ

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих