Улаанбаатар хотыг утаанаас салгах арга чарга байна уу,та минь ээ

Үнэндээ ингэж хашгирмаар санагдах юм, надад. Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашиллаа. Нийслэлд өвөл болохоор утаа гэдэг асуудал хүн болгоны амны уншлага болдог. Энэ утаатай агаараар олон жил амьсгалсаар эрүүл уушгитай хүн бараг үлдсэнгүй. Жил болгоны өвөл утааг арилгах төсөл шалгаруулна гэж төсвийн хөрөнгийг цацсаар бараг л дөжирчээ. Улаанбаатарын утааг арилахыг хүлээснээс хүмүүс сансарт амьдардаг болохыг хүлээсэн нь илүү ойрхон ч юм шиг. Утааны гол эх үүсвэр болох гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээг багасгах гэж олон ажил хэрэгжүүлж байгаа ч үр дүн төдий л харагдахгүй байна. Гэхдээ яахав, өнгөрсөн жил нийслэлийн Засаг дарга Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хэд хэдэн хороодод түүхий нүүрс түлэхгүй байх захирамжийг гаргасан. Энэхүү захирамжийн хэрэгжилт хангалттай сайн байгаа гэдэгт хүн бүр л эргэлзэж байгаа. Тэр бүү хэл дээрх захирамжийг гаргахад амьдралд нийцэхгүй шийдийг гаргалаа хэмээн инээх хүн ч байсан.

Гэхдээ үнэхээр амьдралд нийцэхгүй захирамж гаргасан уу гэвэл бас үгүй юм. Сүхбаатар дүүргийн зарим нэг айл өрх цахилгаанаар гэрээ халааж байгаа бол Чингэлтэй, Баянгол дүүргийн зарим айл өрх шахмал түлш болон үртсэн түлшийг хэрэглэж байна. Үр дүн гарч байгаа. Харин их багын хэмжээс нь энд яригдах байх. Өнөө жилийн өвөл нийслэл хот агаарын бохирдолтой хэрхэн тэмцэхээр шийдсэн бол.

Энэ талаар нийслэлийн Агаарын чанарын газрын мэргэжилтэн н.Цолмонгоос цөөн зүйлийг тодрууллаа.

-Агаарын чанарын алба энэ жил их хотын иргэдийг утаанаас салгахын тулд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Нийслэлийн агаарын бохирдлыг 2005 оноос илүүтэй ярих болж, 2006 онд нийслэлээс өөрийн харьяа агентлаг болох Агаарын чанарын албыг байгуулж өдгөө хүртэл ажиллаж байна. Агаарын чанарын албанаас нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг судлан үзсэний эцэст 2007 оноос эхлэн агаарын бохирдлыг бууруулахад шинэ цахилгаан болон утаагүй түлшээр хангах, байгальд элдэв нөлөөгүй түлш буюу үртсэн болон шахмал түлшний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх, нам даралтын халаалтын зууханд шинэчлэлт хийх зэрэг олон төсөлт хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Нийслэл хотын хувьд агаарын бохирдол хүйтний улиралд эрс нэмэгддэг. Учир нь, гэр хорооллын айлууд. Дулааны цахилгаан станцууд нь нэгэн зэрэг нүүрсийг түлснээс болоод утаа гамшгийн хэмжээнд хүрдэг.

Агаарын чанарын үзүүлэлтүүдийг хэд хэдэн зүйлээр хязгаарлаж байгаа. Түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүсэд Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Налайх зэрэг есөн дүүргийн есөн хорооны нийт 12461 айл өрх , Эрчим хүчний дэвшилттэй эх үүсвэрийн хэрэглээ буюу түүхий нүүрс хязгаарлах бүсэд Налайхаас бусад найман дүүргийн 48 хороо, бүрэн шаталттай зуух нэвтрүүлж дуусах бүсэд Налайх, Баянгол дүүргээс бусад долоон дүүргийн нийт 43 хороо, шинээр бүрэн шаталттай зуухыг нэвтрүүлэх бүсэд Баянгол дүүргээс бусад найман дүүргийн 42 хороодын 79605 айл өрхийг нийт 92068 айл өрхүүдийг хамруулахаар төлөвлөөд байгаа.

Мөн 12461 айл өрхийг боловсруулсан түлшээр хангах, 23 мянган айл өрхөд бүрэн шаталттай зуухыг Мянганы сорилтын сангийн тусламжтайгаар нэвтрүүлэх, 20 мянган өрхөд 60-80 ам метр хүртэлх талбайг халаах усан халаалттай сайжруулсан зуухыг нийлүүлэх, 7500 өрхөд 50 ам метр талбай халаах ердийн сайжруулсан зуухыг нийлүүлэх, мөн Чингэлтэй дүүргийн 7-19 хорооны нийт 1175 нэн ядуу өрхүүдэд ердийн сайжруулсан зуух үнэ төлбөргүй өгөх, 10000 өрхөд дотоодын үйлдвэрлэгчийн зуухыг нийлүүлэх нийт нийслэлийн хэмжээний 61675 айл өрхийг хамруулан ажиллах төлөвлөгөөтэй байна. Мөн 393 цахилгаан халаагуур халаах төхөөрөмж, Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны нэгдсэн барилгын 21 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр халаах, 1590 өрхөд дулаан баригч, утаа шүүгч нэвтрүүлэх зэрэг ажлыг нийслэлийн 2012 оны хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөөд байна.

-Утаанаас салгах талаар хийх ажил их байгаа хэдий ч чанарыг сайжруулах талд дээр ямар арга хэмжээ авах ёстой юм бол оо?
-Цаашдаа агаарын чанарыг сайжруулах үндсэн бүсэд 6000 тн үртсэн болон шахмал түлш, 20.0 тн коксон шахмал түлш шаардлагатай байгаа юм. Мөн нийслэлийн агаарын чанарын сайжруулах бүсэд нийлүүлэхээр анх төлөвлөснөөс дутсан 30.0 мянга орчим ердийн галлагаатай сайжруулсан зуухын санхүүжилтийг улсын төсвийн тодотголд тусгасан. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Rich great” ХХК-тай гэр хорооллын 150 өрхөд усан цахилгаан халаагуурыг үнэ төлбөргүй өгөхөөр санамж бичиг байгуулан ажиллаж байгаа бөгөөд гаалийн татварын асуудлыг шийдвэрлэх, мөн Япон улсын Олон улсын хамтын ажиллагаатай “Жайка” байгууллага Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чадварыг нэмэгдүүлэх зорилготой төслийг санаачлан хамтран ажиллах зэрэг таван үндсэн асуудлыг зорилтоо болгон ажиллаж байна. Эдгээр зорилтууд маань тодорхой үр дүнд хүрч нийслэлийн агаарын бохирдол урьд урьдын жилүүдээс багасч бидний ажил үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаа хэмээн ярьж байна, албаны хүн.

Энэ мэтээр яст мэлхийн хурдаар утаатайгаа Монгол Улс тэмцэж л байхаас, ёстой нөгөө оргүйгээс охинтой нь дээр гэдэг шиг. Гэтэл Монгол Улс утаатайгаа тэмцэх гэж олон улсын байгууллагатай байгуулсан гэрээгээ зөрчсөөр…
Монгол Улс 1999 оны арванхоёрдугаар сарын 15-нд Киотогийн протоколд нэгдсэн.Энэ гэрээнд нэгдэн орсон улс гүрнүүд хүлэмжийн хийн хэмжээг 2008-2012 он гэхэд 1990 оны түвшинтэй харьцуулахад дор хаяж таван хувиар бууруулсан байх нөхцөлийг хангана гэж заасан байдаг. НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх байгууллагын 2006-2007 оны тайлангаар 2, 37 сая ам.долларын хандивыг Монгол Улсад өгч байж. 1998 оноос хойш Нидерландын Засгийн газар, Дэлхийн экологийн сан, Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг сангуудын дэмжлэгтэйгээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан баримт бас бий. Гэтэл энэ протоколд нэгдэн орсноос хойш арав гаруй жил өнгөрч байхад агаарын бохирдлын хэмжээ буурахгүй байсаар л байна. Нөгөө талаар хөндөгдөж байгаа нэг асуудал бол Киотогийн протоколын хүчинтэй хугацаа 2012 оноор дуусгавар болно.

Гэтэл манай улс шаардлагаа биелүүлсэн юм алга. Уг нь Киотогийн протоколын 27 дугаар зүйлд “Гэрээнд оролцогч тал гэрээнд орсноос хойш гурван жилийн дараа хэдийд ч гэрээнээс гарч болно” гэж заасан нь бий. Энэ гэрээнд нэгдэн ороогүй ганц улс байдаг нь АНУ. Америк хэдийгээр нэгдэн ороогүй ч агаарын чанарын индекс нь 0-50 хувьтай сайн орны тоонд орчихсон байна. Гэтэл манайд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэдэн зуу дахин хэтэрч байна, жил бүр шүү. Даахгүй нохой булуу хураахын үлгэрээр өмнөх протоколын шаардлагыг биелүүлээгүй мөртлөө, манай улс 2012 оноос хэрэгжиж эхэлсэн Копенгагены гэрээнд нэгдэн орсон. Энэ гэрээгээр бол 2020 гэхэд 10 хувиар бууруулсан байх шаардлагыг хүлээж байгаа, бид. Нэг иймэрхүү байдлаар манай улс хөрт утаатай тэмцсээр.

Олон улсын байгууллагууд нь мөнгө төгрөг хандивлаж, Монгол Улсын Засгийн газар нь хороо байгуулж, стандарт баталсан ч хүч нь хүрэхгүй нь бололтой. Үүнээс өөрөөр бид яаж тэмцэх вэ, 2020 он гэхэд хорт утаанаас холдож чадах болов уу, эргэлзэж л байна шүү.

Б.Болорчимэг
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих