Монголын олдворыг авахаар зүтгэж байна

Монгол, Америк төдийгүй дэлхий нийт анхаарлаа хандуулаад буй үлэг гүрвэлийн араг ясыг өнгөрөгч зургадугаар сарын 18-нд АНУ-ын Хууль зүйн яамнаас шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүний дагуу хураан авсан. Тус улсын шүүхийн шийдвэрээр уг олдворыг Монгол руу буцаах асуудал хоёр сарын дараа эцэслэн шийдвэрлэгдэх байсан юм. Өөрөөр хэлбэл, тус улсын хуульд зааснаар хэргийн холбогдогч этгээд сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Үүний дагуу нэхэмжлэл гаргах хугацаа дуусахын өмнө Э.Брокоби шүүхэд ханджээ. Тэрбээр 70 сая жилийн настай, монголын говиос олдсон аварга үлэг гүрвэлийн ясыг өөртөө үлдээхийн тулд олон арга хэрэглэж байгаа юм. Үүнээс тоймлон хүргэе.

ХОЛБООНЫ ШҮҮХЭД ДАВЖ ЗААЛДЖЭЭ

Монголын говиос гаралтай аварга үлэг гүрвэлийн олдворыг дуудлагаар худалдсан Э.Брокобигийн өмгөөлөгч “Тиранозавр батаар”-ын араг ясыг эргүүлэн авахаар Холбооны шүүхэд давж заалдсан байна.

Тэрбээр “Монголын Засгийн газрыг Эзэмшлийн эрхийн маргааныг шийдвэрлэх  олон улсын төвд үлэг гүрвэлийн олдворыг эргүүлж авах нэхэмжлэл явуулаагүй” гэж мэдэгдсэн юм. Хойд Америкийн махан идэшт “Тиранозавр Рекс”-ийн ойрын төрөл “Тиранозавр батаар” гэх үлэг гүрвэлийн араг яс, олдвор зөвхөн Монголын говиос олддогийг палегтеологичид нотолсон. Харин “Тиранозавр батаар”-ын араг ясыг эх оронд нь буцаахаар ажиллаж буй Манхеттэнийн өмгөөлөгч Роберт Пэйнтер Э.Брокобиг олдворыг хулгайгаар хил давуулсан, гаалийн хуурамч бичиг баримт бүрдүүлснийг мэдсээр байж АНУ-ын хилээр оруулж ирсэн гэж заргалдаж байгаа аж.  “Heritage Auctions” дуудлага худалдааны төвд 1.05 сая ам.доллараар худалдсан ч Монголын тал зарга мэдүүлж, хууль бусаар хил давуулж, худалдагдсан болохыг АНУ-ын шүүх хүлээн зөвшөөрч эх нутаг руу нь илгээх шийдвэр гаргасан юм.

НЭГ АМЬТНЫ ЯС БИШ ГЭВ

Монголоос гаралтай болох нь тогтоогдоод буй “Тиранозавр батаар”-ын араг ясыг эргүүлэн авахаар заргалдаж буй Флоридагийн палеон­тологич худалдаачин Э.Брокобигийн өмгөөлөгчийн мэдэгдэл хэргийг улам ээдрээтэй болгосон талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч Майкл МакКалаф “70 сая жилийн настай аварга үлэг гүрвэл “Тиранозавр батаар”-ын араг ясыг бүтэн юм шиг харагдуулахын тулд араг ясуудыг төмөр утсан дээр суурилуулж бэхэлсэн. Зарим хэсгийг өөр үлэг гүрвэлийн олдворуудаар нөхсөн” гэж мэдэгдсэн юм. Дээрх мэдэгдэл АНУ-ын Манхэттен дүүргийн шүүхийн шүүгчийг гайхашралд оруулсан байна. Харин палентеологич эрдэмтэд “Тиранозавр батаар”-ын араг ясыг нэг үлэг гүрвэлийнх гэдэгт огт эргэлзэхгүй байгаа юм. Учир нь үлэг гүрвэлийг дуудлагаар худалдаалахад, гаалийн бичиг баримт дээр 75 хувь нь бүтэн олдсон нэг аварга том үлэг гүрвэлийн яс гэж бичсэн байжээ. Монголын Засгийн газрын өмнөөс хэрэг дээр ажиллаж буй өмгөөлөгчид Э.Брокобиг палентеологийн нэн ховор, үнэтэй олдворыг гаалийн бичиг баримт дээр 19 сая ам.долларын үнэтэй гэж бичсэн мөртлөө дуудлага худалдаанд нэг сая ам.доллараар худалдсан гэж заргалдаж байгаа билээ. Харин Э.Брокобигийн өмгөөлөгчийн мэдэг­дэл Манхэттенийн шүүгчийг эргэл­зээнд оруулсан бөгөөд тэрбээр түүхэн баримт энэ хэргийг шийдэхэд хангалтгүй хэмээн мэдэгдсэн байна.

“ТИРАНОЗАВР БАТААР”-ЫН ЗАРГА ДУУСААГҮЙ

Эртний олдворын наймаачин Э.Брокобигийн өмгөөлөгч “Тирано­завр батаар”-ын араг ясыг эргүүлэн авахаар олон төрлийн арга хэрэглэж байна.

Тодруулбал, манай Засгийн газрын Эзэмшлийн эрхийн маргааныг шийдвэрлэх  олон улсын төвд үлэг гүрвэлийн олдворыг эргүүлж авах нэхэмжлэл явуулаагүй гэж мэдэгдлээ. Мөн өмгөөлүүлэгчээ Монголд огт очиж байгаагүй гэж мэдүүлсэн. Гэвч Монгол дахь гаалийн албаны хүмүүс түүнийг 2008, 2009, 2011 онд Монголд ирж байсныг тогтоосон. Манай талын өмгөөлөгч Роберт Пэйнтерийн олж тогтоосноор эртний олдворын наймаачин англи эр үлэг гүрвэлийн араг ясыг Э.Брокоби руу хөлөг онгоцоор илгээсэн аж. Харин Э.Брокоби олдворыг хүлээн авч, Нью Йоркт өнгөрсөн тавдугаар сард дуудлага худалдаагаар худалд­сан юм. Роберт Пейнтерийн олсон мэдээллээр олон сая жилийн өмнө амьдарч байсан хөхтөн амьтны сарвууны яснаас авахуулаад үлэг гүрвэлийн чулуужсан өндөг, бүтэн араг яс, чулуужсан мод зэрэг олдворыг жилд хэд хэдээр нь Монголын хилээр хулгайгаар  гаргах наймаа бүр 2003 оноос эхэлсэн аж. Өнгөрөгч тавдугаар сард дуудлага худалдаанд нэг сая ам.доллараар худалдагдсан аварга үлэг гүрвэлийн бараг бүтнээрээ шахуу араг ясыг энэ есдүгээр сард эх оронд нь авчирна гэж албаны хүмүүс хоёр сарын өмнө мэдэгдэж байсан ч зарга үргэжилсээр байна.

МОНГОЛЫН ТАЛД НОТЛОХ БАРИМТ БАЙХГҮЙ ГЭВ

“Тиранозавр батаар”-ын хэрэг дээр ажиллаж буй өмгөөлөгч нар олдворыг Монголын хилээр хууль бусаар гаргасныг нотолж чадаагүй учраас аварга үлэг гүрвэлийн араг ясыг хааш нь ч хөдөлгөхгүй гэж АНУ-ын Холбооны шүүгч мэдэгдсэн гэнэ. Монголын талын өмгөөлөгч нарын үзэж буйгаар 70 сая жилийн тэртээ амьдарч байсан “Тиранозавр батаар” гэх уг тарбозаврын араг ясыг 1946 онд Зөвлөлт-Монголын хамтарсан экспедиц Монголын говиос олсон. Мөн хоёр жилийн өмнө Техаст аваачих хүртэл ямар зам туулсныг тогтоох гэж оролдож байгаа билээ. Техас мужийн шүүх олдворын хууль ёсны эзнийг тогтоох хүртэл худалдан авагчийн гарт шилжүүлэхийг хориг­лос­ноос хойш хэдэн долоо хоногийн дараа өмгөөлөгчид Нью-Йоркийн өмнөд дүүргийн шүүхээс “Тиранозавр батаар”-ыг Монголын тал шил­жүү­лэхийг хүсч байсан. Холбооны шүүг­чийн хэлж буйгаар “Тиранозавр батаар”-ын араг ясыг хулгайгаар хил давуулсан байлаа ч Монголын талд үүнийг нотлох хангалттай баримт байхгүй гэнэ. “Тиранозавр батаар”-ын хэргийн дараагийн шатны шүүх хурал энэ сарын 21-нд болох бөгөөд тэндээс ирэх аравдугаар сарын эхээр олдворыг Монголын талд шилжүүлэн өгөх эсэх нь тодорхой болно.

ӨӨРСДИЙН ОЛДВОРОО АЛДЧИХ ЮМ БИШ БИЗ

Сүр дуулиантайгаар анхаарал тавиад байсан асуудлыг манай тал анхан шатны шүүхийн шийдвэрт найдаад орхив гэлтэй. Өөрөөр хэлбэл, Э.Брокобигийн гарган тавьж буй үндэслэлүүд Холбооны шүүгчийн шийдвэрийг эргүүлэх аястай болов. Олон улсын палентеологич эрдэмтэд Монголын говиос гаралтайг нь тогтоосон гэх авч энэ нь холбооны шүүгчид хангалттай баримт биш гэнэ. Өмнөговь аймгаас олдсон гэх “Тринозавр батаар’’-ыг хэн, хэзээ Монгол Улсаас гаргасныг мөрдөж байх хойгуур, америкт Э.Брокоби Батаарыг монголын говиос олдсоныг няцаахыг оролдож байна. Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн  АНУ-ын  шүүхээр хэлэлцэгдэж буй хэргийг анхан шатны шүүх хурлын дараа Америкийн засгийн газраас “2-6 сарын дотор Тиранозаурус Батаарыг монголд  буцаана” гэсэн. Мөн “худал­даалагч этгээдүүд энэ төрлийн хэрэгт анх удаа холбогдоогүй. Хуулийн байгууллагын мэдээлснээр энэ нь дөрөв дэх удаагийн үйлдэл, тиймээс аварга араг яс Монголд буцаж ирэх  нь тодорхой болсон. Дээрх хэргийг монголын талд нааштай шийдвэрлэсэн нь палентлогичдийг баярлуулсан хэрэг боллоо” хэмээн олон улсын томоохон хэвлэлүүд бичиж байлаа. Гэвч Э.Брокобигийн сөрөг нэхэмжлэл баярлаж байсан хүмүүсийг сандаргах боллоо.

Э.ЭНХЦОЛМОН

 

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих