Б.Тулга: Өндөр албан тушаалтай хүний хажууд байсан учраас нэлээд их зүйлийн зах зухаас мэднэ

МАХН-ын нарийн бич­гийн дарга Б.Тулгатай ярилцлаа.

 

-Та Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдад намаасаа нэр дэвшлээ. Дэд сайд болбол энэ салбарт юу хийе гэж бодож байгаа вэ?

-Байгаль орчин, ногоон хөгжлийн асуу­дал зөвхөн Монголд тө­дий­гүй дэлхий дахинд тулгам­даж байна. Ма­найд уул уурхайн хөгж­лийн тухай сүүлийн үед их ярьж бай­на. Эдийн зас­гийн хөг­жилд түлхүү анхаарсан учраас бай­галь орчин, ногоон хөгж­лийн бодлого нэлээд ал­дагд­сан гэж харж байгаа. Дээрээс нь дэлхийн уур амьсгал дулаарч байна. Тиймээс Монголын бай­галийн онгон дагшин дүр төрх алдагдах хандлага­тай боллоо. Гэх мэт­чилэн­­гийн олон асуудал тулгараад байгаа, ийм үед энэ салбарын дэд сайдаар ажиллахаар нэр дэвшиж байна.

-Ямар бодлогоор ажил­лахаар төлөвлөж байна вэ?

-Дэлхийн ан амьтныг хамгаалах сан гэж бий. Хятадад сөнөж байгаа хулсны баавгайг энэ бай­гууллагаа логогоо болгон явж байна. Тийм ч учраас энэ амьтныг аврах том хөдөл­гөөн өрнүүлсэн. Үүнээс санаа авч үйл ажиллагаа явуулах хэрэг­тэй. Тухайлбал, манайд нэн ховордсон мазаалай байна. Энэ амьтны тоо толгойн хорогдлыг төрийн хэмжээний асуудал бол­гож тавихгүй бол устлаа шүү дээ. Гэх жишээгээр олон ан, амьтныг нэрлэж болно. Уул уурхайг ашиг­лах хэт дайралтаас бо­лоод байгаль орчноо сө­нөөх тийшээ явж байна. Тиймээс хариуцлагатай уул уурхайг бий болгож, байгалиа хамгаалах та­лаар тусгай бодлого гар­гах ёстой гэж үзэж байгаа. Энэ бүх асуудал зөвхөн нэг яам, нэг сайдын ший­дэх асуудал биш. Ард ир­гэд нийтээрээ эдгээр тул­гамдсан асуудлын төлөө сэтгэл нэгтэй ажиллах ёстой.

-Ногоон хөгжлийн сайд ИЗНН-ын дарга С.Оюун байгаа. Та хоёр хэр гар нийлж ажиллах бол?

-Эвслийн Засгийн га­зар угаасаа гурван субъек­тээс бүрдэж байгаа шүү дээ. ИЗНН энэ удаа­гийн Засгийн газар Ногоон хөгжлийн яамыг авч ява­хаар болсон. Энэ яам шинэчлэлийн Засгийн газ­рын бодлогын яам бай­хаар төлөвлөгдсөн.  С.Оюун сайд бид хоёрын хувьд эртнээс хамтарч ажиллаж үзсэн. Н.Энх­баяр даргыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга байхад С.Оюун сайд УИХ-ын ги­шүүн, Засгийн газрын ги­шүүнээр ажиллаж бай­лаа. Тэр үед гадаад, до­тоод руу төрийн айлчлал дагаж явдаг байсан. Тэ­гэхээр бидэнд санал зө­рөлдөх зүйл гарахгүй бо­лов уу.

-Дэд сайдын сууд­лыг авах сонирхол танд үнэхээр байсан учраас намынхан чинь дэв­шүү­лэв үү?

-Засгийн газар бүтцээ бүрдүүлсний дараа өд­рөөс дэд сайд нарын асуудлыг ярьж эхэлсэн. Хэвлэлээр элдэв таамаг явж байлаа. Яаж мэдсэн юм, МАХН-аас нэр дэв­шүүлэх дэд сайд нарын дунд бидний нэрийг би­чээд байсан. Надад заа­вал дэд сайд болох туй­лын сонирхол байгаагүй. Нам өөрийнхөө бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, төрд зүтгэх үүргийг надад өгч, дэд сайдад нэр дэв­шүүлсэн байгаа.

-Дэд сайд нарын асуудлаар Н.Энхбаяр даргатай санал со­лилц­сон уу?

-Бид хоёрын хооронд энэ талаар ямар ч яриа өрнөөгүй.

-Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч асан Н.Энх­баяртай хамгийн ойр байсан хүн нь та. Тиймээс түүний алдаа, амжилт гаргаж байсан  бүх үед хамт байсан байх

-Энхбаяр даргын дэр­гэд 2004 оноос хойш ба­руун гар нь болж ажил­ла­сан. Энхбаяр дарга Мон­гол Улсыг улс шиг улс болгохын тулд өөрийгөө, гэр бүлээ, хажуудаа бай­гаа хүнээ хайрлахгүйгээр зүтгэдэг байлаа. Тэрээр “Хүн өдөр болгон шинээр төрөх ёстой юм байна. Өөрөө өөртөө сэтгэл хана­вал тэр хүн бүхнээс хо­цордог. Хөгжил гэдэг бол Монгол дотроо өрсөлдөж, талцах явдал биш юм байна. Монгол Улс дотроо эвтэй байж бусад улстай өрсөлдөнө” гэж байнга хэлдэг байлаа. Энхбаяр даргыг анх Англид оюутан болоод очиход гааль дээр  шалгасан гэдэг юм. Тэгээд түүний Монгол Улсын иргэ­ний паспортыг нь ха­раад “Монгол гэж ямар улс байдаг юм. Худлаа ярьж хил нэвтэрсэн байна” гээд саатуулсан тухай дур­самж бий. Энэ үеэс Энх­баяр дарга Монгол гэдэг нэрийг гаргаж, Монгол Улсаа аль ч улсаас ду­таах­гүйн төлөө ажиллахыг эрмэлзсэн гэдэг. Ер нь дэлхийн зарим улс Н.Энх­баяр даргаар Монголыг төсөөлдөг шүү дээ. Ийм л том улстөрчийн нэг.

-Гэхдээ Монголд ав­лигыг цэцэглүүлж, өнөө­гийн энэ бохир улс тө­рийг бий болгосон хүн гэх юм?

-Албан тушаалтай бай­хад нэг зовлон бий. Хүн бүхэн өөрийн эрх ашгийнхаа асуудлыг зо­хи­цуулахаар албан ту­шаал­танд ханддаг. Ажил­тай, албан тушаалтай болгоод өгөөч гэж гуйна. Тэр бүгдийн хүслийг гүй­цэлдүүлээд байж чадахгүй шүү дээ. Энэ нь түүнийг олон хүнд дайсан болгон харагдуулсан. Тиймээс наагуур цаагуур нь элд­вээр ярьж гүтгэсэн. Ийм байдал нь эцэстээ Н.Энх­баяр даргыг хэлмэгдэлтэд өртүүллээ. Монголын төрд ардчилсан хувьсгал өр­нөс­нөөс хойш үнэн түү­хийг мэдье гэвэл Н.Энх­баяр даргыг амьдрал, аж­лыг сайтар судлах хэрэг­тэй. Дэргэд нь ажиллаж байсны хувьд энэ хүнийг учиргүй мөнгө идээд, ул­сын хөрөнгийг хувьдаа завшаад, авлигыг цэцэг­лүү­лээд явсныг нь мэдэх­гүй.

-Та хаана сургууль төгссөн бэ. Яаж яваад Н.Энхбаяр даргын ба­руунгарболчихов?

-Дархан хотын дунд сургуулийг төгссөн. МУИС-ийн математик, ком­пьютерийн сургуулийг дүүргээд Дархан дээд сур­гуульд нэг жил багшилсан. Ингээд Улаанбаатар хо­тод ирчихээд санаандгүй явж байгаад одоогийн МАН, хуучин МАХН-ын намын удирдах аппара­тад мэдээллийн техно­ло­гийн инженерийн ажилд орсон юм. Тэнд хоёр жил гаруй хугацаанд ажил­ла­сан. Тухайн үед МАХН-ын вэб сайт, мэдээллийн тех­нологи,  дотоод сүлжээ, телевиз, радиогийн сүл­жээг гардаж хийсэн. Тэ­гэ­хэд МАХН-ын дарга Н.Энх­баяр байлаа. Тэ­рээр миний хийсэн ажлыг үнэлээд өөрийнхөө тус­ла­хаар ажиллахыг санал болгосон юм. “Ийм том даргын туслахыг мань мэтийн юм хийж болдог юм уу” гэж тухайн үедээ сандарч байлаа. Гэвч “Зү­гээр ээ. Чамайг нэг жил гаруй хугацаанд судал­сан” гэж хэлсэн.

-Та нэг нутаг ус биш юм уу?

-Хүмүүс намайг түүний хамаатан садан, нутаг усных нь хүн байх гэж ярьдаг байсан. Гэтэл би Ховд нутгаас гаралтай хүн шүү дээ.

-Түүний туслах болс­ноор улс төрийн халуун тогоонд оров уу?

-Тэгсэн. Хүссэн хүсээ­гүй улс төрийн бүх үйл ажиллагаанд татагдан орсон доо. МАХН-аас сон­гуульд нэр дэвшигчидтэй ажилладаг байлаа. Улс төрийн шийдэл, сонгууль, тэмцэл  гэж юу байдгийг ойлгож эхэлсэн. 2004-2008 онд иргэний хөдөл­гөө­нүүд хүчээ авч байсан үе. Уул уурхайн талаар гаргасан бодлогыг тэд шүүмжилнэ, түүнийг нь төрийн зүгээс бодолцож асуудалд уян хатан ханд­даг байлаа. Гэтэл МАНАН-гийн Засгийн газар сүүлд энэ асуудлыг үл ойшоож, Оюу толгойн гэрээг Мон­голд ашиггүйгээр хийлээ. Иймэрхүү маягаар том ордуудаа гадныханд найр тавьж өгөөд нүгэл үйлдсэн шүү дээ.

-Та түүнийг төрийн гурван өндөр албан ту­шаалд очиход хамт бай­сан. Энэ үед томчуудын дунд яригдаж, болж бай­сан нууцаас их мэднэ биз

-Азтай хувь тохиол гэх үү. Өндөр албан тушаалд байгаа хүний хажууд тус болж явсан учраас нэлээд их зүйлийн зах зухаас мэднэ. Монголын төрд зүтгэж байгаа хүмүүсийн хэн нь хэн бэ, ямар ашиг сонирхолтой билээ гэдгийг гадарлана. Хэн нь юу ярьж явдаг байсан. Одоо яриа нь яаж өөрч­лөгдчихөөд байгаа вэ гэд­гийг мэднэ. Тэд ч намайг мэдэж байгаа.  Мэдээж төрийн хар хайрцаг гэж зүйл байхгүй шүү дээ. М.Энхсайхан дарга нэг удаа “Төрийн хар хайрцаг гэдэг бол төрийн удир­дагчдын хоорондын яриаг хэлдэг” гэж хэлсэн юм. Төрийг тухайн үед удир­даж байсан хүн да­раа­гийнхаа удирдагчид улс орны асуудлаар хэнтэй юу ярьсан, манай улс ямар байр суурь илэрхийлсэн, гадны аль улстай яриа өрнүүлсэн, тэд ямар санаа бодолтой байсныг нь уламжилж, мэдээлдэг. Үүнийг л төрийн хар хайр­цаг гэдэг юм. Үнэндээ Н.Энх­баяр даргыг шоронд аваачиж хорьсон нь тө­рийн хар хайрцагны бод­логыг эвдэж байгаа хэрэг. Монголын төрийн гурван том албан тушаалд очсон хүн Н.Энхбаяр даргаас өөр байхгүй. Тэр Монгол Улсын төрийн хар хайр­цаг. Тиймээс түүнийг шо­ронд хорих биш хам­гаа­лах ёстой гэж үздэг.

-Мэддэг зүйлээсээ одоо дэлгэж болохгүй юм уу?

-Барим тавим баримт бол хэцүү шүү дээ. Хэн нэгнийг гүтгэсэн болж ху­вирах биз. Хэзээ нэгэн цагт бүх зүйл үнэнд гүй­цэгдэх байх. Би хоёр хүү­хэдтэй залуу хүн. Тиймээс үр хүүхдээ эх орондоо нүүр бардам амьдруу­лахын төлөө улс төрийг цэвэрлэхийн тулд зүтгэж байна.

-Танай ах Хуягийн нэр дээрх  компанидӨргөөзочид буудлыг хувьчилсан гэдэг асуу­дал бий. Үүнийг энд хөн­дөхгүй өнгөрч болохгүй нь

-Тийм. “Хар дун” гэдэг компани манай ахынх мөн. Гэхдээ энэ Батшуга­рын компани гэдэг нь худ­лаа. Шугар, Хуяг хоёр энэ компанийг хамт байгуулъя гэж ярьдаг байсныг мэ­дэхгүй. Манай ах бол сур­гууль төгссөнөөсөө хойш бизнес хийж яваа залуу. Гэтэл түүнийг хийж бүтээ­гээд, уналтад орж байсан газрыг босгоод ирснийх нь төлөө буруутгаж байна. Үүгээр далимдуулж, Н.Энх­баяр даргыг хэл­мэг­дүүллээ. Монгол Улсын аль ч иргэн компани бай­гуулаад явах эрхтэй. Тэр эрхээ л эдэлсэн. Гэтэл Хуяг “Хар дун” компанийг байгуулсан учраас дүү Тулгыг нь барьж хорино гэдэг зарчмыг ерөөсөө ойлгоогүй. Хэн нэгэн хү­ний хийсэн үйлийг нөгөө хүнд ногдуулбал тэр хэл­мэгдүүлэлт болно шүү дээ. Ийм хэлмэгдүүлэлт 1937 онд болж байсан. Аав нь хэрэгт холбогдсон бол хүүхдүүд нь сургуульд явах ёсгүй, ээж нь ажил хийх ёсгүй гэдэг зарчмаар хэлмэгдүүлдэг байлаа. Ийм явдал бидэнд то­хиолд­лоо шүү дээ.

-Өндөр албан ту­шаал­тай, эрх мэдэлтэй болсон хүн ойр тойр­ныхондоо тусалдаг байх. Энэ л зарчмаар туслахынхаа ахын ком­панидӨргөөзочид бууд­лыг хууль бусаар аваад өгчихсөн байх л даа. Эсвэл Н.Энхбаяр дарга өөрийнхөө ком­панийг танай ахын нэр дээр бүртгүүлсэн юм уу?

-”Өргөө” зочид бууд­лыг авсан юм уу хувь­чил­сан юм биш шүү дээ. Энэ асуудлаас болоод на­майг 14 хоног барив­чил­сан. Тэр үед л энэ асууд­лыг анхаарч судалсан л даа.

-Үүнээс  өмнө нь юу ч мэддэггүй байсан гэж үү?

-Миний ах бол надаас тусдаа амьдралтай хүн. “Өргөө” зочид буудлын үйл ажиллагааг сайжруу­лах зорилгоор  хамтарсан компани байгуулж хө­рөнгө оруулалтын ажил хийсэн юм билээ. Энэ газраас олсон ашгаас нийслэлийн захиргаа хувь хүртээд явж байгаа. Ийм л зүйл болсон шүү дээ. Үүнийг улстөржүүлээд Нямдорж олон юм ярьс­ныг гайхсан. Үнэндээ би Нямдоржийн золиос бол­чи­хоод сууж байна шүү дээ.

-Та одоогийн МАН-ын гишүүн байсан уу?

-Тийм. Залуучуудын холбооных нь удирдах зөвлөлд ажиллаж байсан.

-Тэгээд намаас хэзээ гарав?

-Намайг эзгүй хойгуур олон үйл явдал өрнөсөн байсан. Би 2009 онд АНУ руу сургуульд явсан. Нью-Йорк хотын нэг сургуульд улс төр судлалын чиглэ­лээр сурахаар явсан. Ин­гээд ноднин эх орондоо ирсэн. Монголдоо ирээд пиарын чиглэлийн ком­пани байгуулаад явна гэ­дэг зорилготой ирсэн. Гэтэл Н.Энхбаяр дарга улс төрийн үйл ажиллагаа явуулж байлаа. Тэнд бо­ловсон хүчний орон тоо байв. Тиймээс “Би тантай ажиллая” гээд очсон доо.

-Сургуульд ямар шу­гамаар явсан бэ?

-Төрөөс дэмжлэг аваа­гүй.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дэмж­лэ­гээр явсан юм уу?

-Төрийн сангийн зээл­лэг хөөцөлдвөл цаг алдах гээд байсан. Тэгээд ч би маш олон танилтай. Тэд­нээсээ тусламж хүсч, мөнгө босгоод сургуульд явсан. АНУ-д гэр бүл­тэй­гээ очоод суралцахын хажуугаар ажил хийж бай­лаа. Түргэн хоолны газар зөөгч хийж байсан.

-Жирийн залуучууд АНУ-д суралцахад хэ­цүү байх. Та чухам яаж сургуульд элсч байв?

-Би эхлээд Колумбын их сургуульд сурахаар явсан юм. Хамгийн эхлээд өргөдөл бичээд апли­кейшн бөглөөд тодор­хойлолтоо өгдөг. Тэнд хамгийн гол зүйл нь ту­хайн суралцагчийг хам­гийн сайн мэддэг баг­шийнх нь дэмжлэгтэй за­хидлыг харгалздаг. Ажил хийж байсан хүн бол ажил олгогчийнх нь захидлыг үздэг. Тиймээс намайг АНУ-д суралцахад яах аргагүй их дэмжлэг үзүүл­сэн хүн бол Н.Энхбаяр дарга. Тэр хүн намайг дэмжих захиаг бичиж өгч байлаа. Улс орныг удир­даж байсан хүний хажууд ажиллаж байсан гэдгийг минь хараад тэр сургууль элсүүлсэн байж болох. Ингээд Колумбын их сур­гуульд орж байлаа. Ха­рамсалтай нь тэр сур­гуу­лийн төлбөрийг дийлээгүй учраас гурван сар сураад өөр сургуульд шилжсэн. Ингээд Фордумын их сур­гуулийг төгссөн.

-Намын дарга нь шоронд сууж байхад намынхан нь, туслах нь төрийн өндөр албанд очлоо, хүн чанаргүй юм гэдэг шүүмжлэл хөвөрч байна. Гэвч нөгөө талд тэр хүнийг шоронд ор­лоо гээд дагаад үхэл­тэй биш, өөрийгөө бо­доод урагшаа явсан нь дээр гэж үүнийг зөвт­гө­мөөр ч юм шиг. Та юу гэж бодож байна

-Шударга ёсыг тог­тоохын тулд манай эвсэл явж байна. “Шударга ёс” эвслийг босгож, үүний тө­лөө явахын тулд Н.Энх­баяр дарга улс төрийн үйл ажиллагаа эхлүүлсэн юм. Үүнийхээ төлөө хэл­мэгд­чихээд байна. Би анх “Н.Энхбаяр дарга хэл­мэгдчихээд байхад Зас­гийн газарт орох ёсгүй ” гэж бодож байлаа. Гэвч бид гудманд тэмцээд на­маа унагаах юм бол Н.Энхбаяр даргын зорьж тэмүүлж байсан зүйлийг нураана.  Манай эвс­лийнх­ний зорьж байсан нэг зүйл нь МАНАН-гийн Засгийн газрыг нураах байсан юм. Гэтэл бид Засгийн газарт ороогүй бол МАНАН-гийн Засгийн газар эргээд бий болох байлаа. Нямдорж эргээд Хууль зүйн сайд болох байсан. Тиймээс үүний эсрэг ажиллахын тулд Засгийн газарт орох нь зөв гэж үзсэн.

-Ер нь таныг улс төрд хүмүүжүүлсэн хүн нь Н.Энхбаяр дарга юм байна

-Тэгж хэлж болно. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг дээ. Энэ хүний хажууд байснаар жижиг амбицтай байж, аливааг жижгээр харах ёсгүй юм байна гэж үзсэн.

-Дэд сайдаар ажил­лавал түүний арга бари­лаар төрд ажиллана гэ­сэн үг үү. Түүнийг дага­даг байсан шүүмжлэл танд ирэх юм биш биз дээ?

-Цаг хугацаал харуу­лах байх. Улс орныхоо төлөө өөрийгөө дайчилж, аль болох бага шүүмж­лүүлж ажиллахыг хичээнэ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.