Ажлын цаг урагшилсныг Ардын намынхан мэдсэнгүй

Төрийн ордныхон өглөөний 08:30 цагт ажлаа эхэлдэг болжээ. Уг нь байнгын хорооны хуралдаан өмнө нь 09:30 цагт эхэлдэг байсан бол одоо 08:30 цагт эхэлж буй. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргаа, төсвийн болон тэдгээрийн харьяа бүх байгууллага, бусад төрийн болон төсөвт байгууллагын ажил эхлэх, дуусах цагт Засгийн газар өөрчлөлт оруулаад хоёр долоо хонож буй.

Энэ дагуу төрийн байгууллагын ажил өглөөний найман цагт эхэлж орой 17 цагт дуусдаг болсон. Төрийн байгууллагуудын ажлыг цаг урагшилсантай холбогдуулж гишүүд ч ажлаа нэг цагийн өмнө эхэлдэг болжээ. Энэ жишгээр Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагч гишүүд өглөөний 08:30 цагт ирж байнгын хорооны хуралдаа суудаг болжээ.

Гэтэл Ардын намынхан ажилдаа ирсэнгүй гэнэ. Өнгөрсөн мягмар гаригт ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан болж Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрийг хэлэлцэж эхлэв. Гэтэл Ардын намынхан “ Юун хөтөлбөр ороод ирэв. Байнгын хороогоор эхлээд хэлэлцдэг биз дээ. Бид нар лав мэдээгүй” гэж гайхацгаалаа. Ардчилсан намынхан хариуд нь “Өглөө хэлэлцчихсэн. Та нар ирээгүй. Ажлын цаг урагшилчихсан, мэдээгүй юм уу” хэмээн тохуурхав. Ардын намынхан ажлын цаг урагшилсныг үнэхээр мэдсэнгүй юу. Эсвэл мэдэн будилав уу
М.Ган
Эх сурвалж:“Зууны Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих