Боловсролын авлига буюу түнтгэр дугтуй

Боловсролын салбарынхны хамраа сөхөж, халаас нь түнтийдэг үе ид өрнөж байна. Хэдийгээр “Боловсролын салбар авлигаас ангид, сурагчид минь цэцэг, чихрийн цуглуулга ч битгий авчир” хэмээн намжирддаг ч тэд “Яах нь вэ дээ, хэрэггүй, яах гэж ингэж байдаг юм” гэж хэлэх дуртай.

Жишээг холоос бус өөрөөсөө авъя. Өөрийн хүүхдээс гадна хамаатан садны нийлсэн дөрвөн хүүхэд цэцэрлэгт, гурван хүүхэд дунд сургуулийн нэгдүгээр ангид, мөн тооны  хүүхэд энэ жил их, дээд сургуульд элсэж байгаа юм. Хүүхэд бүр авлига өгч байж цэцэрлэг, сургуульдаа арай чамай орлоо. Эцэг, эхчүүд боловсрол, эрүүл мэндийн салбарынхныг авлигачид гэдэг ч өөрсдөө өгсөөр, өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсээр байна.

Сургуулийн өмнөх боловсрол дахь авлига

Намрын намарт л эцэг, эхчүүд “Хүүхдээ цэцэрлэгт оруулах гэтэл бүртгэл нь дуусчихаж” хэмээн танил тал, ар, өврийн хаалга хэрэглэчихээр хүний эрэлд хатдаг. Энэ жил “Хүүхэд цэцэрлэгт оруулж өгнө. Хүссэн сургуульд нь зуучилж өгнө. Сайн багшид шавь оруулна” гэх мэтийн зар зарын сонин, цахим хуудсуудаар дүүрсэн нь энэ салбарт авлига цэцэглэн хөгжиж, оргил үедээ ирсэнийг олон баримтгүй гэрчилнэ. Багш нарыг авлигаас ангид байх сургалтад хамруулж, эрхлэгч нарт авлига авахгүй байх мэдэгдэл хүргүүлээд ч тусыг эс олж байна.

Хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд хичээлийн эрхлэгч, ангийн багш, арга зүйч гээд холбоотой бүгдийнх нь гарт хэдэн төгрөг атгуулах ёстой. Үгүй бол “Хүүхдийн тоо гүйцсэн. Нэмж хүүхэд бүртгэхгүй. Ачааллаа дийлэхгүй байхад юун хүүхэд нэмж авах” гээд халгаахгүй. Халгаахгүй ч гэж нүдээрээ харж байхад ялангуяа цэцэрлэгүүдийн эрхлэгч нар халгаахгүй байхаас аргагүй нөхцөл байдал өнөөдөр үүсээд буй. Миний олж сонссоноор олон улсын жишигт цэцэрлэгт нэг ангид дээд хязгаар нь 25 хүүхэд байх ёстой гэсэн. Гэтэл манайд энэ тоо 2-3 дахин өссөн. Захын хорооллуудын зарим цэцэрлэгийн бага бүлэг нь 50-60 хүүхэдтэй байна гээд бод доо. Үнэхээр нөхцөл байдал нь ийм байхад цэцэрлэгийн эрхлэгч нар халгаахгүй байх нь ч аргагүй. Гэвч монголчуудын танил тал, ар өврийн хаалгаддаг уламжлал нь улсын цэцэрлэгт хамрагдсан багачуудын идэх хоол, амьсгалах агаарыг давчдуулж байна. Ийнхүү нэг нь цэцэрлэгт хүүхдээ өгч, нөгөө нь хүүхдийг нь авч  байгаа нэртэй авлигыг цэцэглүүлэх нь хэл мэдэхгүй хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчдийг зовоож, амийг нь тэмцүүлж байна, Боловсрол, шинжлэх ухааны сайд аа!

Цэцэрлэгийн бага бүлгийн нэг ангид бараг 60-аад хүүхэд байж таарах уу. Тэнд чинь эхийнхээ мөөмнөөс гараагүй шахуу амар тайван орчинг чухалчилж байх учиртай доод тал нь ой найман сартай, дээд тал нь хоёр ой гаруйтай хэл мэдэхгүй, ухаан суугаагүй  бяцхан амьтад бий шүү дээ. Сайд та ялангуяа Улаанбаатар хотод цэцэрлэгийн тоог нэн  яаралтай нэмэгдүүлэхэд анхаарахгүй  бол бяцхан үрс, сурган хүмүүжүүлэгчдийн аль аль нь сөхрөх нь ээ.

Тэрбитгий хэл, есдүгээр сарын 3-нд нийслэлийн СХД-ийн 26 дугаар цэцэрлэг хашаандаа гэр бариад  ахлах ангийн хүүхдүүдээ авч байв. Гэр цэцэрлэгийг уг нь хөдөө, орон нутагт ажиллуулдаг гэж бодсон чинь XXI зуунд Улаанбаатар хот  нийслэлдээ гэр цэцэрлэг  ажиллуулж байгаа нь хөгжлөөс ухарсан хэрэг биш үү.

За үндсэн сэдэв рүүгээ эргэн оръё. Ингээд нэг юм цэцэрлэгт бүртгүүлчихлээ гэхэд “Хүүхдэд минь анхаарал сайн тавиарай” гэсэн тусдаа хөлс багшид нь өгөхгүй бол болохгүйг эцэг эхчүүд сайн мэднэ. Хүүхдэд нь ор олдохгүй. Үүдний голдуу, үймүүлж, сахилгагүйтдэг багачуудтай нэг ширээнд суулгачихаж мэднэ. Цаашилбал бусдад зодуулж байсан ч тоохгүй байх магадлал өндөр. Энэ мэт болгоомжлол, эцэг эхчүүдийн зовнилоор услагдан авлигыг  улам цэцэглүүлж байна. Улсын цэцэрлэгт орж буй хүүхдийн эцэг, эхчүүдийн халааснаас энэ намрын байдлаар хамгийн багадаа 50-100 мянган төгрөг авлигад очиж байна. Энэ нь багш, эрхлэгч нар нь авлига авах дуртайдаа биш, хотын хүн амын нягтаршил, төвлөрлөөс үүдэн нийслэлд цэцэрлэгийн хүрэлцээ хангамж хомс байгаа нь эцэг эхийг дугтуй барьж гүйлгэхэд  хүргэж буй хэрэг. Энэ зөвхөн БШУ-ны сайдын хэрэг биш, ард түмний өмнө үр хүүхдийг чинь эрүүл ая тухтай өсөж, сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэж сайхан амлаж гарч ирсэн УИХ-ын гишүүдийн бас анхаарал хандуулах  ёстой ажил байлтай.

Дунд сургуулийн өглөг

Монголын 0-6 насны нийт хүүхдийн 63 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чаддаг гэх судалгаа байна. Үлдсэн нь гэртээ, эмээ өвөө дээрээ, хажуу айлдаа хүмүүждэг гэсэн үг. Харин дунд сургуульд бол гэртээ үлдэх гэсэн ойлголт байхгүй. Нас нь болов уу, үгүй юу бүгдийг нь сургуульд оруулдаг. Үүнд бас авлига хэрэгтэй. Орчин цагт эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсрол мэдлэгт юу юунаас илүү анхаарч, шаардлагатай бүх авлигыг өгдөг болсон. “А үсэг заасан багш нь сайн байвал цаашдаа биеэ даачихдаг юм” гэх ойлголт нийтлэг. Үүнтэй холбоотойгоор  эцэг, эхчүүд сайн багшийн эрэлд гардаг. Найз нөхөд, хол ойрын хүнээс дуулсан “Чанга, сайн” гэсэн багшид хүүхдээ өгөх гэж хичээдэг. Энд мэдээж эрж хайж олсон багшдаа гарыг нь цайлгаж, үр хүүхдээ даатгахгүй бол алдас болно. Цаашлаад баяр бүрээр багшийгаа баярлуулах гэж хүүхэд, эцэг, эхгүй шамдацгаана. Сурагчид хоорондоо “Хэн хамгийн их А өгч багшийг баярлуулах вэ” гэж хүртэл уралддаг тухай баримт байдаг. А гэдэг нь онц дүнгийн үнэлгээ бус авлига юм. Үүнээс гадна төгсөх шалгалт бол багш нарын байнга баярлах хэдэн өдөр. Үүний дээр хонхны баяр нэмэгдэнэ. 1990-ээд онд хонхны баяр чихрийн цуглуулга, жаазтай зураг, хивс зэргээр үнэлэгддэг байсан бол өдгөө нөүтбүүк, машин, бараг л орон сууцаар хэмжигдэх нь холгүй байна. Гар утас, зурагт, угаалгын машин, үнэт эдлэл бол хонхны баярт улиг болж, үеэ өнгөрөөсөн зүйл. Хүн бүр хүүхдээ дунд сургууль төгсгөж үзсэн болохоор өөр баримт дурдах нь илүүц  биз ээ.

Түүнчлэн гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэй болон улсын зардлаар суралцахыг хүсэгч, суралцагсдын дундах авлига төгрөгөөр бус валютаар хэмжигддэгийг харъяа  яамны мэргэжилтэн цухуйлгаж байсан.

Дээд боловсролын хачир

Хүүхдээ их, дээд сургуульд тэр тусмаа улсын сургуульд элсүүлнэ гэдэг эцэг, эхчүүдийн хувьд маш том даваа. Хүүхэд нь үнэхээр толгой сайтай, хүссэн сургуульдаа авах ёстой оноогоо авч чадсан бол авлигын талаар эцэг, эхчүүд нь мэдэхгүй өнгөрч болно. Харин элсэгч бүр тийм биш нь харамсалтай. Тэр дундаа орон нутагт дунд сургууль төгсөгчдөд их, дээд сургууль бол бүр ч том даваа.

Орон нутагт амьдардаг эцэг, эх болгон хүүхдээ хөдөө мал маллаж, ногоо тарьж өөрсөдтэйгээ адил амьдралаар амьдруулахгүйн тулд хот бараадуулж, их, дээд сургуульд оруулахыг хичээдэг. Гэвч улсын нэг сургуулиас хамгийн ихдээ найман хуваарь л орон нутагт очдог. Аймгийн хэмжээнд Ерөнхий шалгалт өгсөн 300-500 хүүхдийн ердөө 30 хувь нь л улсын сургуулийн хуваарь авч чаддаг байна. Ингэж авахдаа бас онооны бонус гэх дугтуйтай мөнгө өгөх хэрэг гардаг байна. Дугтуй зузаан байх тусам тэнцэх магадлал өндөр гэж ярих юм билээ. Шалгалтад тэнцэж, сургууль авч чадаагүй хүүхэд бүр хотод ирээд улсын сургуульд орохыг хичээнэ. Аав, ээж нь хэдэн мал, ноос, ноолуураа зараад багш нарт хахууль өгч, хүүхдээ сургуульд оруулахаар хотын зүг нүүдэллэнэ. Сүүлдээ улсын зарим их, дээд сургуулийн үүд хавиар “…ийм ангид оруулж өгнө. Тийм ангид элсүүлнэ” гэж шивнэн зогсох зуучлагчид  угтах болж. Тэдний сургуульд оруулж өгөх ханш 800.000-2.5 сая төгрөг. Зарим нь бүр таван сая төгрөгт хүрдэг гэх. Хүмүүсийг хоргоон зогсож буй зуучлагчид бол тухайн сургуульд ах, эгч бүр аав, ээж нь ажилладаг, эрх мэдэл бүхий танил талтай нэгэн байдаг аж.

Багш нар ийм сүлжээ байдлаар ажилладаг бөгөөд жилд 8-10 хүүхэд элсүүлэх нь энгийн үзэгдэл байдаг гэх. Их, дээд сургуулийн хаалга татсанаар авлига дуусаж байгаа юм биш. Дүн гаргах, төгсөх шалгалт гээд авлигагүй юм үгүй. Төгсөх шалгалт бол авлигыг цэцэглүүлэгч нэг том механизм. Хавар болж, шалгалт дөхөх тусам багш нарын ааш хувирч, загнаж, зэмлэх нь ихсэнэ. Дүн гаргах өдөр бүр ч хэцүү, хавьтсан ойртсон бүгдийг хяргачих гээд. Энэ үед нөгөөх дугтуй л багш нарын аашийг зөөлрүүлж, уурыг гаргана. Дүн засуулахтай холбоотой авлигын хэд хэдэн хэрэг өнгөрсөн хавар илэрч, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль зэрэг нэр бүхий сургуулийн багш нар АТГ-т шалгагдсан билээ. Арай ядан төгслөө ч авлигаас салж чадахгүй. Өгөөд сурчихсан болохоор ажилд орох анкет бөглөх, албаны даргатай нь уулзах гээд хөдлөх бүртээ л дугтуй өгөх гээд салахгүй. Нөгөөдүүл нь ч сурчихсан болохоор авах гээд горьгүй.

Их, дээд сургууль төгсөгчдийн ихэнх нь ажилгүй үлддэгийн, арван хэдэн жил онц сурчихаад ажлын байргүй хоцроод байгаагийн гол учир нь авлига гэгчид байгаа юм. Улсын байгууллагад ажилд орно гэвэл мэдлэг, чадвар, туршлага хамаарахгүйгээр 2.5-5 сая төгрөгтэй байхад л хангалттай. Ганцхан дугтуй өгөөд насныхаа хоолтой амархан залгасан хүн зөндөө байна, цаана чинь.

Авлигын эсрэг бид юу хийж чадах вэ?

Энэ тухай хэн хүнгүй ярьдаг ч иргэд  олонхио дагаж дуугүйхэн авлигад автсаар байдаг болохоор эрхэм авлига гуай хэзээ ч алга болохгүй, мөхөж сөнөхгүй, нийгэм ч эрүүлжихгүй. Энд авлигатай тэмцсэн нэгэн жишээ дурдъя. Нэгэн улсын сургуулийн оюутнууд Монголын өмнөө барьдаг нэр хүнд бүхий багшид шалгалт өгөх болж. Эхний хүүхдүүд өчиггүй унаад байж. Гэтэл оюутнууд дэвтрийнхээ завсар мөнгө хавчуулаад өгтөл тэнцэж эхэлжээ. Нэг оюутан мөнгөө дэвтрийнхээ завсар хавчуулж өгчихөөд, асуултдаа ч хариулж. Тэгээд дүнгээ авсныхаа дараа “Багшаа мөнгөө авъя” гэж нөгөөх багшийг эвгүй байдалд оруулсан гэдэг. Даанч иймэрхүү эсэргүүцэл тун ховор, эгээ л өдрийн од шиг. Төр засаг, харьяа яамны удирдлагууд “Авлигыг устгана. Багш нарыг сурагчдаас цэцэг ч авдаггүй болгоно” хэмээн уриа лоозон тавьдаг ч энэ байдал амь бөхтэй оршсоор, улам бүр цэцэглэсээр.

Авлигаас хэрхэн ангижрах вэ?

БШУ-ны сайд Л.Гантөмөр “Ирэх дөрвөн жил бол боловсролын салбарын авилгыг үндсээр нь устгах жилүүд. Сурагчдыг багшдаа цэцэг, бэлэг сэлт өгөхгүй, өгүүлэхгүй байх хэрэгтэй. Бэлэг, цэцэг өгөөгүй хүүхэд нь “Би багшид юм өгөөгүй юм чинь надад дургүй болсон байх” гэх ойлголт авч, хичээлийн идэвх, оролцоо сулардаг нь судалгааны үндсэн дээр батлагдсан зүйл. Тиймээс багшийг авах, сурагчдыг өгөх сэтгэлгээгүй болгохыг зорих болно” гэлээ.

ШУТИС-ийн ректор, гавъяат багш, профессор Б.Дамдинсүрэн “Бөөс гэж юу байдгийг мэдэх үү? Бөөс гэдэг бол хүний биеийн дулааныг дулдуйдан “амь зуудаг”, шөнө, өдөр ялгалгүй хүний мах, цуснаас шимж хооллодог, нэгэн төрлийн хилэнцэт хорхой, шавьж юм. Монголын боловсролын салбар авлига гэгч бөөсөнд бариулаад нэлээд цаг хугацааг үдлээ. Түүнээс салахад уг нь  амархан. Түүгээд л хаячих юм. Гэвч нөгөөх авлигын бөөснүүд чинь хачиг, хувалз, туузан цагаан хорхой болчихоод салж өгөхгүй байна. Салгаад хаячих зоригтой хүн ч олдохгүй байна. Аалзны тор шиг сүлжилдчихсэн болохоор нэгийгээ илчилбэл хамт уначих гээд, нөгөөгөө түлхчихвэл хамаатан садан нь мултарчих гээд болохгүй байна. Аалзны торыг тэр чигт нь цэвэрлэх нэг арга бол багш нарын цалин, хөлс, хангамжийг сайжруулж, хяналт, шийтгэлийн цензурыг нарийн, өндөр тавих. Өндөр цалинтай хүн золигийн юмнаас болж, амьдралаасаа салахыг хүсэхгүй шүү дээ. Оюутнуудын хувьд тэнцэтлээ унах арга байна. Гэхдээ тэд тэгэхгүй л дээ” гэв.

Б.Март

http://mongolianeconomy.mn/


URL:

Нэр: weed stores near me Огноо: 15 April 2020

Сэтгэгдэл бичих