Орхон голын сав газраас алт олборлохыг завдав

Орхон голыг бохирдуулсан хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусах гэж буй. Эл хэрэгт холбогдсон 50-иад компанийн удирдлагаас тайлбар, мэдүүлэг авч, дуусчээ. “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” компанийн эзэмшил газарт тухайн компанийн холбогдох хүмүүсийн шийдвэрээр ашигласан талбайд нь алт олборлосон хэмээн мөрдөн байцаагчид тайлбарлаж байгаа. Тиймээс “Алтан дорнод Монгол”-ын үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ч,Бямбаа, “Монгол газар” компанийн Бизнесийн хөгжил хариуцсан захирал У.Даш нараас дахин тайлбар авахаар болсон аж.

Орхон голыг бохирдуулсан хэргийг УЕПГ-аас хянаад зөвхөн Ч.Бямбаад холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, бусад холбогдогч нарыг сэжигтэн, яллагдагч хэвээр үлдээсэн байна. Мөрдөн байцаах байгууллагынхан Ч.Бямбаагаас тайлбар авахаар дуудсан ч тэрбээр ирэхгүй гэдийсээр буй сурагтай. Орхон голын төлөөх төрийн бус байгууллагынхан “Ч.Бямбаа УЕПГ, Нийслэлийн прокурорын газарт том хамгаалагчтай болохоор мөрдөн байцаагч нарыг үл ойшоож байна. Түүнд холбогдох хэргийг өмнө нь үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож байсан нь үүний нотолгоо” гэв.

Бидэнд олдсон мэдээллээр Орхон голын сав газарт үйл ажиллагаа явуулж байсан компаниудын удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш тэнд олборлолт явуулахаа зогсоогоод байв. Харин сүүлийн 1-2 сарын хугацаанд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” компанийн үйл ажиллагаа явуулж байсан талбайд хэд хэдэн хүн хууль бусаар алт олборлохыг завдсан аж. Тус аймгийн Цагдаагийн газрын эх сурвалжийн мэдээлснээр иргэн Н хууль бусаар алт олборлохоор усан хөөргө зоосон байсныг хураан авч, шалгаж байна. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийн дараа эрүүгийн хэрэг үүсгэх эсэх нь тодорхой болох гэнэ. Түүнээс гадна Б, А нарын хэдэн хүн нууцаар алт олборлож, Цэнхэр сумаас гадна Орхон голын сав дагуу өөр газарт алт олборлож байна гэх мэдээллийг орон нутгаас мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Удаа дараа ийм мэдээлэл ирж буй учраас МХЕГ-ын Байгаль орчны хяналтын хэлтсээс Ажлын хэсэг гарч, Архангай, Өвөрхангай аймагт ажиллахаар явсан байна.

Г.РАВЖАА

mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих