“Эстрайка” компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хүү маань хүнд гэмтчихлээ

Нийслэл хотод хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас осол гарсаар байна.

Тухайлбал энэ сарын 12-нд барилга дээр ажиллаж байсан хоёр иргэн өндрөөс унаж гэмтсэний улмаас нэг нь хүнд гэмтэж нөгөө нь нас баржээ. Энэ явдал Хан-Уул дүүргийн XV хороонд байрлах “Натур Хаус” ХХК-д гарсан байна. Барилгын туслах ажилтай 42 настай эрэгтэй Э нь “Тектоник” ХХК-ийн барьж буй барилга дээр ханын гадна пассат хийж байх үед шат нурсан байдаг. Үүний улмаас найман давхраас унаж амь насаа алдсан.

Энэ өдөр тус дүүргийн XV хороонд байрлах “Эстрайка” ХХК-ний барилгын туслах ажилтан 15 настай эрэгтэй Б барилга дээр ажиллаж байгаад шат нурж есөн давхраас унаж гэмтсэн. Дээрх хэргүүдийг холбогдох байгууллагууд шалгаж байгаа. Есөн давхраас унаж гэмтсэн 15 настай Б-ийн биеийн байдал муу байгаа бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчл үүлж буй аж.

Хүүгийн ээж Д.Ариунтуяатай уулзаж ярилцлаа.

-Танай хүүгийн биеийн байдал ямар байна. Хүнд гэмтсэн гэж сонссон?

-Барилга дээрээс унасан өдрөө хэвлийн хагалгаанд орсон. Эмчийн хэлснээр их хүнд хагалгаа болсон. Өнөөдөр нүүрний хагалгаанд орлоо. Биеийн байдал нь сайнгүй л байна. Эмчилгээгээ даагаад амьд үлдлээ гэхэд насан туршдаа тахир дутуу болж ч магадгүй гэсэн айдас бидэнд байгаа.

-Танай хүү яаж байгаад хөл алдчихав аа?

-”Эстрайка” компани орон сууцны барилга барьж байгаа. Тэнд хүү маань барилгын туслах ажил хийдэг байсан. Барилгын материалаа дээш нь зөөж байтал шат нь нурж осол гарсан гэсэн. Барилгын компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хүү маань хүнд гэмтчихлээ.

-Мэдээж энэ асуудлын хүрээнд насанд хүрээгүй хүүхдэд ажил хийлгэлээ гэсэн зүйл яригдана. Та яагаад хүүхдээ барилгад ажиллуулах болсон юм бэ?

-Манайх Хан-Уул дүүргийн XIX хороонд амьдардаг, Хүү маань тус дүүргийн 114 дүгээр сургуульд сурдаг. Өнгөрдөг жил есдүгээр ангиа төгссөн. Тийм ч сурлага сайтай байгаагүй. “Онц сурч чадахгүй байгаа юм чинь эртхэн ээж аавдаа тус болно” гээд барилга дээр ажиллаж эхэлсэн. Эхэндээ нөхөр бид хоёр барилга дээр ажиллахыг нь болиулах гэж эвээр, сүүлдээ уурлаж хүртэл үзсэн. Гэвч өөрөө хүнд хэцүү гэлгүй сайн ажиллаж овоо хэдэн төгрөг олдог болсон, Түүндээ урамшиж “Би их юм сурч байгаа” гээд өглөө эрт босоод ажилдаа явдаг байлаа. Гэтэл нэг л өдөр хүү маань өндрөөс унаж үхэх шахлаа. Би маш их харамсч байна. Зодоод ч болтугай барилгын ажпаас нь гаргадаг байж,

-Хоёр удаа хагалгаанд орсон гэсэн. Эмчилгэнийхэн зардлыг “Эстрайка” компани өгсөн үү?

-Ямар ч мөнгө өгөөгүй. Эмчилгээний зардал одоогоор хоёр сая гаруй болоод байна, Түүнчлэн тус компанийн инженер Н.Эрдэнэцэцэг гэдэг эмэгтэй хааяа утсаар ярьдаг Гэхдээ ирж уулзаагүй. Бид гомдолтой байна Тус барилгын компанийг шүүхэд өгнө. Одоогоор эмнэлэг дээр хүүгээ сахиад цагдаагаар явж амжихгүйл байна,

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Манайх ганц хүүтэй айл. Амьдрал маань тийм ч хангалуун биш, Тийм болохоор л хүү маань барилгын компанид ажилласан хэрэг л дээ.

Л.Алтанхишиг
Эх сурвалж: “Нийслэл Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих