440 иргэн архинаас гарах эмчилгээ хийлгэв

Хөвсгөл аймагт архинаас гарах эмчилгээнд бүх сумдын 440 иргэн хамрагдсанаас иргэдийн эдгэрэлт 96,9 хувьтай байгаа аж.
Тус аймагт архи хэтрүүлэн хэргэлснээс гэмт хэрэг өсч байгаа бөгөөд Мөрөн суманд өдөр бүр тогтмол архи уудаг 20  гаруй иргэд байдаг аж.

Хамтдаа хөгжих жилийн хүрээнд  иргэдээ эрүүлжүүлэхэд засаг дарга Л.Цэрэнжав анхаарч Эрхүүгээс сэтгэц наркологийн эмч авчирч 440 иргэнийг эмчлүүлсэн бөгөөд ажлын явцын үйл ажиллагааг ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцжээ. Хуралдааны явцад эмчилгээ хийлгэсэн ч дахиж уусан иргэдээр ажил хийлгэж зардлыг нь нөхөн  төлүүлэх ба зарим нэгэн иргэдийг дахин эмчилгээнд хамруулж, архины эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ. Мөн цаашид архинаас гарсан иргэдийг ажлын байртай болоход нь тусалж мэргэжил олгох сургалтанд хамруулан ажилтай болоход нь анхааран ажиллах гэнэ. Архинаас гарах эмчилгээний нэг хүний зардал 400 гаруй мянган төгрөг болж байгаа аж.

Аймгийн Цагдаагийн газраас эмчилгээнд хамрагдсан хүмүүс ямар шалтгаанаар хорт зуршилыг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгоод байгааг нь судлахад ар гэрийн байдлаас ихээхэн хамааралтай болохыг тогтоожээ.Тиймээс хорт зуршлаасаа сайн дураараа гарч, амдралын төлөө зүтгэхээр зорьж  буй эдгээр хүмүүсийг эмчилгээнээс гарч гэртээ харихад нь ар гэр нь халуун дулаан уур амьсгалаар хүлээн авах нь чухал байна гэдгийг ажлын явцын тайлангийн үеэр холбогдох хүмүүс  онцлож байлаа.

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих