МАН-аас гурван зуун гишүүн гарч МАХН-д элслээ

МАХН-аас гаргасан “Шударга сонголт-МАХН” гишүүнчлэлээ сэргээх аяны хүрээнд МАН-аас гурван зуун гишүүн гарч байгаагаа илэрхийллээ. Эдгээр гурван зуун хүн есөн дүүргийн МАН-ын хийгээд ИТХ-ын удирдах ажилтнууд ажээ. Тэд МАН-аас гараад зогсохгүй МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаа аж. Тухайлбал МАН-ын тэргүүлэгч гишүүн П.Хангал, Усны хэрэг эрхлэх газрын орлогч дарга асан З.Батбаяр, Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшин ажиллаж асан Чулуун гэх мэтээр албан тушаалтнууд шийдвэрээ гаргаж ийн МАХН-д элсэж буйгаа зарлалаа.

Эдгээр гурван зуун хүн МАН-аас гарч МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх арга хэмжээнд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар оролцсон юм. Тэд уг ажиллагааны үеэр “МАХН-ын гишүүнчлэлийг сэргээх ажил энэ хүрээд зогсох ёсгүй. Гурван зуун хүнээр хязгаарлагдахгүй. Тэргүүний фронт ирлээ гэж ойлгох хэрэгтэй. Энэ мэтээр МАХН-д орохыг хүссэн хүний гишүүнчлэлийг сэргээх ажлыг байнга явуулах болно” хэмээн мэдэгдэж байлаа.

Л.МӨНХ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих