“Сод Монгол” групп хууль зөрчин, улсын өмч ашиглаж байна

Нийслэлд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг 32 шатахуун түгээх станц бий. Тэдгээр шатахуун түгээх станцуудыг хаахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраас удаа дараа арга хэмжээ авсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Учир нь нэр бүхий шатахуун түгээх станцууд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байгаа юм.

 

Тэр хэрээр айлын хаяа залгах шахам байрлах зөвшөөрөлгүй шатахуун станцууд өдрөөс өдөрт гэр хорооллынхныг түгшээх болсон нь нууц биш. Өнөөдрийн байдлаар “Сод Монгол групп” гэхэд 14 шатахуун түгээх станцыг хууль бусаар ажилуулж байна. “Содмонгол групп”-ийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр XIX хороонд байрлах 32 дугаар салбар шатахуун түгээх станц дээр очлоо. Замын хойд талд гэр хороолол руу урууддаг уулзварт “Содмонгол” групп шатахуун түгээх станц гэсэн хаягийг нэлээд өндөр самбар дээр хаджээ.

 
Тухайн хаягийг хадсан самбарын хажуухан гудамжаар уруудан алхсаар Зэвсэгт хүчний 056 дугаар цэргийн ангид хүрч ирэв. Тус цэргийн ангийн чанх урд мөн л “Содмонгол” групп- ийн шатахуун түгээх станц байрласан харагдав. Тэндхийн ажилчидтай уулзлаа. Тэнд “Энд ажилд ороод удаагүй. Тэгээд ч энэ шатахуун түгээс станц зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй.

 

Хуучин Зэвсэгт хүчний 056 дугаар ангийн эзэмшлийн шатахуун түгээх станц байсан гэсэн. Манайх түрээслэдэг юм. Тэгээд ч Зэвсэгт хүчний 056 дугаар анги болоод бусад цэргийн ангийг шатахуунаар хангадаг. Мөн иргэдэд үйлчилдэг. Өөр зүйл мэдэхгүй” гэлээ. Гол нь “Сод монгол’’ групп-ийн энэ салбар нь Зэвсэгт хүчний 056 дугаар ангийн хашаатай залгаа юм. Нэг объектод хамаардаг байна.

 

Энэ ч үүднээс хууль зөрчин байж үйл ажиллагаа явуулсан хэмээн холбогдох байгууллагууд тогтоогоод буй юм. Ер нь улсын онцгой газарт хувийн компани үйл ажиллагаа явуулах нь хуулиараа хориотой. Гэтэл “Сод монгол” групп газрын зөвшөөрөл болон үйл ажиллагаа явуулах эрхгүй хэрнээ хууль бусаар шатахуун түгээх станцын 32 дугаар салбараа дээрх цэргийн ангийн хашаанд шахам байршуулжээ.
Энэ талаар тодруулахаар Зэвсэгт хүчний 056 дугаар ангийн захирал хурандаа Д. Энхбортой уулзаж ярилцлаа.

-Танай цэргийн ангийн объектод “Сод монгол” групп үйл ажиллагаа явуулж байна. Хуулиараа бол энэ нь хориотой юм биш үү?

-Би тус цэргийн ангийн удирдлагаар томилогдоод жил гаруй хугацаа болж байна. Намайг албан тушаалаа хүлээж авахаас өмнө Зэвсэгт хүчний 056 дугаар ангийн мэдлийн шатахуун түгээх станцыг “Содмонгол групп” түрээслээд эхэлчихсэн байсан. Тэгэхээр хэзээнээс энэ үйл ажиллагааг эрхлэх болсныг сайн мэдэхгүй.

 
-Тэгвэл түрээсийн үнэ хэд бол?

-Энэ тухай надад мэдэх юм үнэндээ алга.

 
-Ингэхэд ямар захирамжийн дагуу танай шатахуун түгээх станцыг “Сод монгол”-ынхон түрээсэлдэг вэ?

-Тэрийг ч сайн мэдэхгүй. Ямар нэгэн байдлаар Зэвсэгт хүчний жанжин штабтай тохиролцож, албан ёсны гэрээ байгуулсан л байх. Учир нь саяхнаас Зэвсэгт хүчний жанжин штаб “Тус шатахуун түгээх станцыг буцааж ав” гэсэн тушаал гаргасан байсан. Энэ дагуу бид бэлтгэл ажлаа хийж байна.

 
-Тушаал нь яг хэзээ гарсан юм бол. “Сод монгол” групп хэзээ танайд хүлээлгэж өгнө гэж байна ?

-Зэвсэгт хүчний жанжин штабаас энэ оны тавдугаар сарын 30-нд тушаап гаргасан. Харин дээрх тушаалтай танилцсан “Сод монгол” групп энэ оны зургадугаар сарын 18-нд гэрээгээ цуцалж хүлээлгэж өгнө гэсэн. Гэтэл одоо болтол хүлээлгэж өгөөгүй. Ажлаа хэвийн явуулсаар байна.
-”Сод монгол” групп танайхаас гадна жолоочдод шатахуун түгээдэг, Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг энэ шатахуун түгээх станц гаднах аюулгүй байдлаа ч хангаагүй харагдана.

 

Танайх ядаж энэ тал дээр хяналт тавьдаггүй юм уу?

-Хэрэв ямар нэгэн байдлаар осол гарлаа гэхэд манай цэргийн ангийн хувьд маш эрсдэлтэй л дээ. Манайх Аваарын довтолгооноос хамгаалах 056 дугаар цэргийн анги гэж явдаг. Цэргийн алба хааж байгаа олон иргэд бий. Дээр нь манай албан хаагчид, техник хэрэгслийн хувьд ч эрсдэлтэй. Их хэмжээний хохирол учруулах нь тодорхой. Үүнийг тоочоод ч барахгүй. Тиймээс л аюулгүй байдлыг бодож хийсэн гэрээгээ цуцалж байгаа байх.

“Сод монгол”-ын 32 дугаар салбарын шатахуун түгээх станц гэр хороолол дунд байрладаг. Тиймээс тус дүүргийн шатахуун түгээх станцтай ойролцоо амьдардаг зарим иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Баянзүрх дүүргийн XIX хорооны иргэн Н.Ганболдын хэлж буйгаар “Сод монгол” групп энд иргэдэд шатахуун түгээж эхлээд удаж байна. Би энд хүнсний дэлгүүр ажиллуулаад хоёр жил гаруй болж байгаа. Тэр үеэс л үйл ажиллагаа явуулдаг байсан. Хамгийн гол нь цэргийн ангитай ойрхон байдаг. Согтуу жолооч энэ ШТС-ыг мөргөж осол болохгүй гэсэн баталгаа алга. Тиймээс холбогдох байгууллагууд нь тус газрын үйл ажиллагааг нь даруй зогсоох шаардлагатай. Гэр хороололд амьдардаг олон мянган иргэдийн амь нас хутганы ирэн дээр байна” гэлээ.
Гэр хороолол дундах ШТС шөнийн цагаар ажиллаж мөнгө олдог

Баянзүрх дүүргийн XXIV хорооны иргэн Г.Ариунболор хэлэхдээ “Нийслэлд гэр хороолол дунд үйл ажиллагаа явуулдаг маш олон шатахуун түгээх станц байна. Тэд ихэвчлэн шөнөөр ажиллаж мөнгө хийдэг. Учир нь жаахан халамцуу жолооч нар гэр хорооллын дунд байдаг ШТС-аас шатахуун авдаг. Энэ нь цаанаа маш их эрсдэл, аюулыг дагуулж байна. Тиймээс үйл ажиллагааг нь болиулах хэрэгтэй. Энэ бүх зөвшөөрөлгүй ажиллаж байгаа ШТС-уудын ард хэн нэгний танил хамаатан садан нь ажиллаж мөнгө угаадаг тул үйл ажиллагааг нь шууд зогсоож чадахгүй байна гэж бодож явдаг” гэв.

Л.Алтанхишиг
Эх сурвалж:”Нийслэл Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих