Үндэстнээ хордуулагчид

Архи, тамхины онцгой албан татвар хоёр дахин нэмэгдсэнээс тэдний үнэ өссөн нь ард түмэнд таалагдаж байгаа юм.

Тэгэхээр архи, тамхи угаасаа хэрэггүй эд байх нь ээ. Эндээс дээрх асуудал ургаад байгаа юм л даа. Архи, тамхи хоол уу, хор уу гэдэг асуултад бүгд адилхан хариулах байх. Сард тэрбум ширхэг янжуур татдаг, нэг иргэнд нь жилд 24 литр согтууруулах ундаа ногддог гээд аймшгийн үзүүлэлт захаас аван байдаг юм. Хоёр сая гаруйхан хүн амтай ч архины 90 гаруй, тамхины хоёр үйлдвэртэй гээд яривал их юм бий. Дээр нь импортын гэх тонн тонноор яригдах тоо ч бас буй. Тэгэхээр эдгээр хорыг яагаад үйлдвэрлээд, импортлоод байдаг юм бол гэдэг асуудал гарах нь зүйн хэрэг юм. Хоол, хүнс биш ч хэрэглээ гэдэг нэрээр хаацайлагддаг ажээ. Нэгэнт л хэрэглээ болохоор үйлдвэрлэх нь гарцаагүй л дээ. Үйлдвэрлэсэн юмыг хэрэглэлгүй яахав. Гэхдээ зүгээр ч нэг үйлдвэр бус үндэсний үйлдвэр, үндэсний үйлдвэрлэгчид болчихдог юм байна. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж таарна аа даа.

Түүнээс чинь болоод л энэ үй олон хүн архи, тамхинд ороод байгаа нь тодорхой болжээ. Хэрэв үндэсний үйлдвэр, үндэсний үйлдвэрлэгчид биш болчихвол “Үндэсний үйлдвэр, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих” шаардлагагүй болох нь мэдээж билээ. Тэр цагт архи, тамхи “баяртай” болох юм л даа. Бидний мөрөөддөг, хүрч чаддаггүй нийгмийн тогтолцоонд очно гэсэн үг. Хоромхон зуур л архичин, тамхичингүй болно. “Архи, тамхитай тэмцэх” хууль хэрэггүй болно.

Мөн сайхан зүүд шүү. Ер нь болчихыг ч үгүйсгэх аргагүй л дээ. Үндэсний үйлдвэрлэгчид биш болчихвол дээрх зүйлс үгүй болчих магадлал өндөр л дөө. Үйлдвэрлээд ам руу нь чихээд байхаар уугаад, татаад байгаа юм, цаадуул чинь. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгчид мөн, бишийг л бушуухан ялгачих хэрэгтэй байна.

Уг нь “Үндэстнээ хордуулагчид” байгаа юм. За, үүнийг нь орхичихоод зүгээр л “үйлдвэрлэгчид” болгочих хэрэгтэй байна. Хамгийн их татвар төлдөг байж болно. Тэр нь улсад хэрэгтэйг үгүйсгэхгүй. Гэхдээ “Шилдэг татвар төлөгч”, “Топ 100 аж ахуйн нэгж”-ийн нэг, Олон улсын “Гран-при” энэ тэрийг нь больчихъё. Тэгж шалгаруулдаггүй, хэт хөөрөгддөггүй, хөхиүлэн сайшаадаггүй байх аваас хэрэглээ нь ч тэгсхийгээд байх талтай. Онцгой албан татвар мэтийг нь байнга өсгөөд байвал яваандаа хэрэглээнээс өөрөө шахагдах биз ээ. Архи, тамхиар ер нь яах юм бэ? Үндэстнээ хордуулагчидтай тэмцвэл таарна биш үү?

Г.Мөнхнасан (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих