Д.Хаянхярваа:Гурван аймагт нэг сая төгрөг өгсөн маань үнэн

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.

 
-УИХ-ын ээлжит бус чуулганаар 2012 оны төсвийн тодотголыг хэлэлцээд баталлаа. Энэ удаагийн төсөвт хасалт нэлээд хийгдсэн гэх яриа гараад байгаа. Өмнөх төсөвүүдээс ялгаатай тал нь юу вэ. Энэ талаарх таны байр суурийг сонсмоор байна вэ?

-Энэ удаагийн төсвийн тодотголыг хоёр үндэслэлээр хийж байна гэж ойлгосон. Нэгдүгээрт, “Тавантолгой”-г тойрч төлөвлөсөн орлого талаас нэг их наяд төгрөг дутсан. Хоёрдугаарт, шинэ Засгийн газар байгуулагдсантай холбогдуулаад бүтцийн өөрчлөлттэйгээр төсвийн тодотголыгхийсэн. Тухайлбал, хүүхдийн мөнгийг олгох шинэ эх үүсвэрийг бий болгож, нөгөө тал нь олгох боломжгүй гээд хөрөнгө оруулалтын 300 орчим тэрбум төгрөгийг танаж, хассан байдлаар төсвийг баталсан. Өнгөрсөн жил бид нар төсөв батлахдаа төсвийн алдагдал, дотоодийн нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг хоёр хувь байхаар баталсан л даа. Харин энэ удаагийнх 4.8 хувиар батлагдлаа. Тэгэхээр үнэхээр төсөв танагдаж чадсан уу, үгүй юу гэдгийг ард түмэн тунгаах биз.

 
- Хүний хөгжил сан иргэдэд cap бүр 21 мянган төгрөг бэлнээр олгодог байсан. Гэтэл 21 мянган төгрөгөө аваагүй иргэдийн мөнгийг өнөөг хүртэл олгоогүй. Уг нь энэ мөнгө 2012 оны төсөвд тусгагдсан гэсэн байх аа?

-Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгийн асуудпыг өнгөрсөн жилд төсөвт суулгаж, өнгөрөгч долдугаар сараар дуусгавар болох байсан. Өөрөөр хэлбэл, долдугаар сард төсөвт суулгасан бүх хөрөнгө дууссан. Үүнийг дагаад нэлээдгүй маргаан, гомдол гарсан л даа. 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэд олон байна гэдэг асуудал үүссэн. Тэгэхээр энд анхаарал татсан нэг асуудал байна. Бид нэгэнт Монгол Улсын иргэн бүрт 21 мянган төгрөг өгнө гээд төсөвлөсөн. Гэтэл энэ мөнгө нь дуусчихсан гэдэг чинь юуг хэлээд байна гэхээр бэлэн мөнгө олгохдоо алдаа гаргасан юм биш биз гэдэг асуудал ундарна. Тухайлбал, зарим нэг газар хүн амынхан тооноос илүү өгөөд байсан юм биш үү. Гэтэл нөгөө нь давхардуулаад олгогдсон байж болзошгүй юм. Үүнээс үүдэн хуулийн зөрчил үүссэн байж магадгүй. Эдгээр асуудлыг бид эргээд нарийн нягталж үзэх ёстой. Үүний дараагаар гарцаагүй авах шаардлагатай, авч чадаагүй хүмүүсийн мөнгийг 2013 оны төсөвт суулгаж олгох ёстой байгаа юм. Яагаад гэхээр хуулиараа иргэн бүрт 1.5 сая төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар олгоно гээд амлачихсан шүү дээ. Тэгэхээр үүнийг сайн нягталж харсаны эцэст шийдэх учиртай байх.

 
-Таныг Сангийн сайд байхдаа төсвийн мөнгийг сонгуульд зарцуулсан. Үүнээс үүдэж төсвийн сан улайсан гэж яригдаад байгаа. Энэ үнэн үү?

 

-Ийм яриаг би сонссон. Энэ төсөв гэдэг чинь өөрөө хуультай. Сангийн сайдад хуулиас давсан эрх мэдэл гэж үгүй. Тодруулбал, би Дархан-Уул аймагт очоод, илүү мөнгө өгч, сүүлдээ улсын төсвийг улайтал нь Дархан-Уул аймаг руу чирээд байвал шоронд орно биз дээ. Би орон нутгийн байгууллагад төсөв, санхүүтэй хориод жил зууралдаж ажилласан хүний хувьд энэ зовлонг ойлгоно. Бас мэднэ. Үүнийг би улстөрийн өнцгөөс харж байгаа. Түүнчлэн 21 мянган төгрөгөө аваагүй иргэн Дархан-Уул аймагт маш олон бий. Тэдгээр хүмүүст түрүүний хэлсэн хариултаа л хэлдэг. Эхлээд энэ талаар судлаж үзэх ёстой гэж. Дараа нь УИХ-аар ярилцаж байж шийдэх ёстой асуудал. Бид хуулиас хэтрүүлж мөнгө олгох ёсгүй. Дархан-Уул аймагт 21 мянган төгрөгөө аваагүй иргэн хэд ч байсан хамаагүй, би аваачиж өгсөн бол хууль зөрчсөн хэрэг болно.

 
-Гэхдээ та 21 мянган төгрөгийг орон даяар гүйцэт тарааж дуусаагүй байхад эрх мэдлээ ашиглаж Дархан- Уул аймгийн иргэдэд нэг сая төгрөгийг тараасан юм биш үү?

 

-Нэг сая төгрөгийг хууль зөрчиж тараасан гэдэг л юм. Дархан-Уул, Архангай, Дундговь гэсэн гурван аймагт тараасан. Эдгээр гурван аймагт нэг сая төгрөгийг гүйцээж өгсөн маань үнэн. Үүнийг би ганцаараа шийдээгүй. Ингэснээр намайг эрх мэдлээ хэтрүүлээд нэг сая төгрөгөө тараачихлаа гэж ярих болсон. Би хуулиа л хэрэгжүүлсэн. Нэг сая төгрөгийг бэлнээр тараана гээд төсөвт суучихсан амлалтаа л хэрэгжүүлсэн. Нэг сая төгрөгийг гурав, дөрөв хувааж өгнө гэж хуульчлаагүй, Засгийн газрын түвшинд ярихдаа болж өгвөл бөөнөөр нь өгнө, эсвэл хувааж олгоно гэж ярьсан. Ийм зарчмаар явсан. Харин бусад аймгуудад энэ мөнгийг олгох ёстой.
Сангийн сайд Ч.Улаан сонгуулиар маш их үргүй зардал зарцуулсан гэж байсан. Орлого төвлөрүүлэлт маш муу. Сангийн яамыг их хүнд байдалтай хүлээж авлаа гэсэн тайлбар ч хийсэн.

Энэ яамыг хүлээлгэж өгсөн хүний хувьд та үүнийг хүлээн зөвшөөрдөг үү?

-Би Ч.Улаан сайдын ярилцлагыг уншсан. Маш зөв тодорхойлж ярьсан байна лээ. Зарим хүмүүс Ч.Улаан сайдын ярилцлагыг гарчиг талаас нь хараад Ч.Улаан чамайг тэгж байна гээд сөрж, өөр хэлбэрээр тайлбарлаж бичээд байгаа юм. Үргүй зардал гаргасан гэдгийг би Ч.Улаан сайдын ярилцлагаас уншаагүй. Өөрөөр хэлбэл, үргүй зардал гаргах гэсэн тийм ойлголт байхгүй. Яагаад гэхээр би батлагдсан төсвийнхөө хүрээнд л мөнгөө өгнө. Сонгуультай жил гэдгээрээ маш олон гишүүд ханддаг байсан. Манай тойрог дээр ийм юмны санхүүжилт байхгүй байна гэх мэтчилэн.

 

Үүнийг зохицуулж өгөөч, шийдэж өгөөч гэдэг. Би Монгол Улсын Сангийн сайд байсан хүнийхээ хувьд асуудалд тэгш хандаж байсан. Бололцоотой бүх арга хэмжээг авч ажилласан. Аль болох хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх юмсан гэсэн сэтгэлээр хандаж ирсэн. Харамсалтай нь бидэнд орлого учир дутагдалтай байсан учраас хүн бүрийн хүссэн зүйлийг хэрэгжүүлж чадаагүй. Тэгээд ч мөнгө гэдэг чинь өөрөө хязгаартай зарцуулагддаг зүйл шүү дээ.

Энэ утгаараа Монгол Улсын төсөв гэдэг нь улирлын шинж чанартай байдаг. Зургаан сард сонгууль болсон. Дэлхийн эдийн засгийн тодорхой хямралууд, “Тавантолгой”-н гэрээ хэлэлцээрийг хийж чадаагүй. Энэ бүхэн чинь манай орлогод том нөлөө үэүүлээд зогсохгүй, орлого тасалдаж улсын төсвийн данс 400 гаруй тэрбум төгрөгөөр улайсан.

Гэхдээ орон нутгийн төсвийн данс, хөрөнгө оруулалтын данс, даатгалын данс гээд бүхэлдээ авч үзвэл нэмэх байгаа. Намайг Сангийн сайд байх үед ч гэсэн маш хүнд байсан. Хүний хөгжил сангийн мөнгийг тавихдаа “Тавантолгой” болоод Эрдэнэт үйлдвэрээс урьдчилгаа авдаг. Эсвэл “Монгол банк”-наас зээл авч тавьдаг. Яг л ийм зарчмаар явсан. Би яг энэ зарчмаар нь үргэлжлүүлсэн. Цаашид ч гэсэн Засгийн газар үүнийг хэрэгжүүлэхийн тулд бас л энэ зарчмаар л явна. Гэхдээ эдийн засгийн хямрал толгой дээр тогшоод байна гэдгийг эрх баригчид сая төсвийн тодотгол батлахдаа жаахан умартлаа даа. Төсвөө хоёр хувьд нь багтаачихсан бол уг нь хэрэгтэй байсан юм.

 

Д.Нэргүй

Эх сурвалж:”Нийслэл Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих