ЭХ, ҮРИЙН АМИНААС ҮНЭТЭЙ ЗООРЬ

-Эмнэлгүүдийн барилгын явц удаан байгаад шат шатны албан тушаалтнууд буруутай-

Амаржих газруудыг өргөтгөхөд шаардлагатай мөнгийг ирэх оны төсөвт тусгуулахын тулд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг чадахаараа зүтгэж ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд төрөлт ихэсч байгаа учир амаржих газруудын ачаалал ч нэмэгдсэн. Хүүхдэд сар болгон мөнгө өгөх хөтөлбөр хэрэгжсэнээр цаашид төрөлт улам нэмэгдэх хандлагатай болно. Тиймээс амаржих газар, хүүхдийн ясли, цэцэрлэг, бага, дунд сургуулийн асуудлыг цогцоор нь шийдвэрлүүлэхээр ажиллана гэдгээ УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг илэрхийлээд буй.
Тэд өчигдөр нийслэл болон орон нутгийн амаржих газруудын санхүүжилттэй холбоотой асуудлаар эх барихын тусламж, үйлчилгээ, амаржих газрын өнөөгийн байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон ЭМЯ, амаржих газруудын удирдлага, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд оролцлоо. Хэлэлцүүлгээр амаржих газруудад тулгарч буй бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэхээ ярилцах байв. Тухайлбал, Хан- Уул дүүргийн аравдугаар хороонд барьж буй 300 ортой амаржих газрын ажил удаашралтай байгаа. Дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй. 2008 онд 500 ортой төрөх эмнэлэг барихаар улсын төсөвт тусгаж байжээ. 500 ортой эмнэлэг барихын тулд зургаан га газар шаардлагатай болж. Газрын асуудал шийдэгдэхгүй явсаар төсвийн тодотголд оруулж, 300 ортой эмнэлэг барина гэжээ. Тэгээд нэг, хоёр, гуравдугаар эмнэлгийн орны тоо нийлээд 600 болдог. Ийм хэмжээний эмнэлэг барих боломжгүй гэж үзсэн байна. Тухайн үед 2012 он гэхэд Яармагийн дэнж дэд бүтцэд холбогдсон байна гэж тооцоолон 300 ортой амаржих газрыг тэнд барихаар хотын мэр Г.Мөнхбаяр газар зааж өгсөн байна. Гэтэл байдал өнөөдөр эсрэгээрээ байгаа нь энэ.
Баянзүрх дүүрэгт шинээр барьж эхэлсэн 150 ортой эмнэлгийн барилгын ажил газрын маргаанаас болж удааширсан. Барилгын ажил эхлэх гэтэл эмнэлгийн хашаанд байгаа агуулахаас болж газрын маргаан үүджээ. Уг нь, энэ агуулах хоёрдугаар эмнэлгийн харьяа байсан аж. Гэвч сүүлд энэ агуулахыг “Газрын алим” компанид шилжүүлжээ. Уг компани агуулахаа эмнэлгийн мэдэлд шилжүүлэхгүйн тулд гурван шатны шүүхээр яваад ялалт байгуулчихаад буй гэнэ.

Тиймээс цаашид дээрх 150 ортой эмнэлгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь ч тодорхойгүй болж, хоёрдугаар эмнэлгийнхэн төдийгүй ЭМЯ-ныхан арга мухарджээ. Эх, үрийн аминаас үнэтэй зоорь гэж байх уу. Дарга сэтэртэнгүүд нь эрх мэдлээ ашиглаж, зоорийг бусдад шилжүүлж болсон юм чинь, эх үрийн эрүүл энхийн төлөө гээд авч бас болно доо. Гэвч ийм сэтгэл дутаж байна. Нийтийн эрх ашгаас хувийн ашгаа дээгүүрт тавьсан “Газрын алим” мэтийн компанид хариуцлага ч тооцмоор. 150 ортой эмнэлгийн ажлыг гацаасан гэж.
Гуравдугаар амаржих газрын өргөтгөлийг бариулахаар хоёр ч удаа тендер зарлажээ. Гэтэл сүүлд тендерт ялсан “Цамхаг констракшн” компани хөрөнгө дутсан гэсэн шалтгаанаар барилгын ажлаа үргэлжлүүлэх боломжгүйд хүрсэн гэнэ. Энэ мэт шалтгаанаас болж шинээр барьж буй амаржих газар, эмнэлгийн өргөтгөл 2013 онд ч ашиглалтад орох боломжгүй байгаа аж.
Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг үүнд анхаарлаа хандуулж, шаардлагатай санхүүжилтийг ирэх оны улсын төсөвт тусгуулахаар холбогдох байгууллагад тодорхой шаардлагуудыг тавьж ажиллаж байна. Уг нь, өчигдрийн хэлэлцүүлгийн үеэр тэд амаржих газруудын барилгын ажил, шаардлагатай төсөв хөрөнгөтэй холбоотой мэдээлэл авахаар төлөвлөжээ. Гэвч ирсэн хүмүүс нь тэдэнд шаардлагатай мэдээлэл өгч чадсангүй. Тиймээс ойрын өдрүүдэд амаржих газрын асуудлаар дахин хэлэлцэхээр боллоо.
УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг ирэх онд төсвийн шинэ хууль хэрэгжиж эхлэх учраас зураг төсөлгүй, шаардлагатай зардал нь тодорхойгүй нэг ч асуудлыг улсын төсөвт тусгахгүй. Тиймээс амаржих газруудад шаардлагатай байгаа хөрөнгө мөнгө, зураг төслийн асуудлаа ойрын хугацаанд нэг тийш нь болгож цэгцлэх нь зүйтэй гэдгийг эрүүл мэндийн салбарынханд анхаарууллаа. Мөн нэн яаралтай энэ асуудалтай холбоотой нийслэлийн удирдлагуудтай уулзаж, шийдвэрлэх арга гарцыг олох талаар ярилцахаар болж, энэ удаагийн хуралдаанаа өндөрлөлөө.

ardchilal


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих