С.Ганбаатар VS С.Баярцогт

УИХ-ын гишүүн болохоосоо ч өмнө Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой хэмээгчдийн нэг нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Өнгөрөгч парламентийн үед 20 гишүүн Оюутолгойн гэрээг өөрчлөх хүсэлттэй байснаа сүүлд есөн гишүүн болсон байсан. Харин энэ удаад Оюутолгойн гэрээг алдаатай байгуулсан хэмээн УИХ-ын 25 гишүүн үзэж байгаа бөгөөд тэдний нэг нь С.Ганбаатар. Тэрбээр Оюутолгойн гэрээг үзэглэсэн С.Баярцогт болон холбогдох бусад албан тушаалтныг “дуэльд” дуудаж байгаагаа зарлалаа. Халз ярилцлаганд орох хүсэлтийг УИХ-ын дэд дарга С.Баярцогтод хүргүүлсэн байна. Энэ уулзалтыг ирэх аравдугаар сарын 8-н буюу даваа гаригийн 12.00 цагт Төрийн ордонд зохион байгуулахаар төлөвлөж.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Засгийн газартай ярих гэж байгаа гээд байгаа гол шалтгаан бол Оюутолгойн гэрээ буруу болсон гэдгийг ард түмэн хэлж байгаа. Бид ч мэдэж байгаа. Тиймээс ширээн дээр дэлгээд хоорондоо ярилцъя. Оюутолгойн гэрээ алдаатай байна уу, оноотой байна уу гэдгийг мэргэжлийн хүмүүсийг суулгаж байгаад нээлттэй ярилцъя. Бид олон асууж байгаа. С.Баярцогт, болон гэрээ хийсэн хүмүүст хэн зөвлөгөө өгсөн юм бэ гэж. Хамгийн гол нь буруу гэрээ болсон гэдгийг мэдэж байгаа. Одоо бид хамтдаа юу хийх вэ, энэ гэрээг Монголын ард түмэнд яаж ашигтай болгох вэ гэдгийг хамтдаа, нээлттэй ярилцъя гэж хүсч байна.  Засгийн газар мэргэжлийн бус шийдвэр гаргасны төлөө 2.7 сая монгол бүгдээрээ уул уурхайн гэрээний мэргэжилтнүүд болчихлоо. Би 46 хоногийн өмнө халз мэтгэлцье гэдгээ дуулгасан. Бүх талаас мэдээллээ цуглуулж, ард иргэдийг амар, амгалан болгоё л гэж байгаа юм. Хэн нь буруутай болохыг шийдье гэсэн ч ирсэнгүй. Тэгвэл өнөөдөр хугацаагаа зарлая. Аравдугаар сарын 8-ны даваа гаригт 12.00 цагаас дуэльд дуудаж байна” гэлээ. Мөн тэрээр хэлэхдээ “Оюутолгойн гэрээг өөрчлөхөөр хөрөнгө оруулалт түл­хэж байна, Монголын талд ашиг­гүй гэх мэтийн сөрөг мэдээлэл гаргаад байгаа. Монголын ард иргэдэд ашигтай. Дахиад нэг сургууль, эмнэлэг барих бо­ломжтой бол бид үүний төлөө тэмцэнэ” гэлээ.

Ш.ЧИМЭГ
news.mn

URL:

Сэтгэгдэл бичих