“Хадлан бэлтгэх ажил 45 хувьтай байна”

ҮХААЯ-ны МААБХЗГ-ын орлогч дарга П.Ганхуягтай ярилцлаа.

-Энэ өвөл их хүйтэрнэ гэж мэргэжилтнүүд хэлж байна. Өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдаж байна?
-Зуншлага сайхан болсон хэдий ч ургаж буй ургамал, газрын нөлөө, цаг агаарын байдлаас шалтгаалж өвөлжилт хүндрэх нь судалгаагаар харагдаж байна. Тухайлбал, өвс их шивээлж, цагаан цэцэг ихтэй, царцаа шавьж эрт хөеөгөө хурааж байгаа юм. Энэ мэтчилэн хүндрэл учрах шинж тэмдгүүд ажиглагдсаар байна. Тиймээс эрдэмтэд малчдын үзэж байгаагаар энэ өвөл их хүйтрэх бүх шинж илэрсэн. Тиймээс өвөлжилтийн бэлтгэлд түлхүү анхаарч, яам, орон нутаг, мэргэжлийн байгууллагууд бүх шатандаа ажиллаж байна.

-Тэгвэл хэчнээн тонны өвс бэлтгэх шаардлага байгаа вэ?
-Хэрэгцээний хувьд 1.2 сая тонн өвс бэлтгэх шаардлагатай. Үүнийг бэлтгэх нөөц боломж бий. Цаг хугацаатай уралдаж хадлан бэлтгэх, түүнчлэн иргэн бүр оролцох хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр нийслэлд өчнөөн өвс ургаж байна, хот орчмын малтай иргэд унаж байгаа навч, өвснөөс авч болно. Гэтэл иргэд өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах боломжийг ашиглахгүй байна.

-Харин орон нутагт хадлан хураалтын ажил ямар байна?
-Хөдөө хадлангийн ажил идэвхтэй явагдаж байна. Энэ талаарх мэдээллийг зөвхөн цаасаар авах биш, бодит байдалд ойртсон байхыг шаардаж байгаа. Улс, аймаг, сумын түвшинд томоохон аж ахуйн нэгжийн бэлтгэсэн өвсний зургуудыг онлайнаар аваад, сансрын зургаар байнга хянаж, мэдээлнэ. Үүнд хамгийн орчин үеийн техникийг ашиглана. Өөрөөр хэлбэл, яг өнөөдөр тэр бэлдсэн өвс нь байна уу үгүй юу, хэдий хэмжээний өвс борлогдов, цаг агаар хүндэрсэн үед тухайн газартаа хүрэлцэх үү гэдгийг эндээс бодлого зохицуулалтаар хянах юм.

-Өнөөдрийн байдлаар хадлан хураалтын ажил хэдэн хувьтай байгаа вэ?
-Урьд жилийн мөн үеийнхтэй харьцуулахад удаашралттай байна. Өнөөдрийн байдлаар 45 хувьтай буюу 530 мянган тонн хадлан бэлтгэсэн. Ус цаг уурын хүрээлэнгийн урьдчилсан мэдээллээр энэ сарын 21-н хүртэл төв болон зүүн зүгийн нутгаар бага хэмжээний бороо орно. Харин энэ сарын 28-нд уулархаг нутгаар нойтон цас орж магадгүй байна. Тиймээс ургац хураалтын талбайн ажлыг аравдугаар сарын 20-н гэхэд дуусгах боломжтой гэж тооцсон.

-Хадлан хураалтад энэ жил шинэ техник ашиглаж байгаа. Гэтэл дээрх ажил удаашралтай байна?
-2012 онд хадлангийн ажилд 3000 техник хэрэгслийг БНХАУ-ын хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр авч байна. Гэхдээ өнөөдөр хангалт нийлүүлэлтийн хугацаа оройтсон. Тиймээс одоогийн байдлаар 1680 гаруй техникийг олгосон. Энэ асуудлыг хурдлуулахаар тал талдаа ярьж байгаа.

-Энэ жил хэдэн тооны мал өвөлжих вэ?
-44 сая орчим мал өвөлжих тооцоо гарсан. Энэ хавар улсын хэмжээнд 14.1 сая төл хүлээн авч өнөөдрийн байдлаар 50.3 сая мал намаржиж байна. Дээрх тооны малд 1.2 сая хадлан, 35 мянган тонн үйлдвэрийн болон гар бэлдмэл бэлтгэх хэрэгтэй. Хадлангийн ажлыг энэ сардаа багтаан 100 хувь бэлтгэх боломжтой. Харин бэлтгэсэн хадлан тэжээлээ улсын нөөцийн 40 гаруй салбарт байршуулах ажлыг аравдугаар сарын 15-н гэхэд хийж дуусгахаар төлөвлөсөн.

-Отор нүүдлийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Зарим аймгууд хилийн зурвас, тусгай хэрэгцээний газарт оторлох хүсэлт эхнээсээ тавьж байна. Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн хилийн зурваст тодорхой хэмжээний мал оруулахаар яригдаж байгаа. Бусад шаардлагатай аймгууд дээрх асуудлаа холбогдох газар, яаманд яаралтай тавих хэрэгтэй байна. Мөн ойрын үед богино хугацаанд шийдвэрийг нь орон нутагт хүргэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй байгаа юм. Харин улсын болон аймаг дундын отрын бүс нутгуудад нэгдсэн зохицуулалтаар оторлуулна. Мөн шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсантай холбоотой дөрвөн жилийн хугацаанд юу хийж болох талаар улсын мал аж ахуйн мэргэжилтнүүдийн буюу зоо техникчдийн улсын зөвлөгөөн болно. Дөрөв дэх удаагийн зөвлөгөөнийг есдүгээр сарын 27- ны өдөр Төрийн ордонд зохион байгуулна. Зөвлөгөөний үеэр нийгмийн хэрэгцээ, дэлхийн уур амьсгалийн өөрчлөлт, мал аж ахуйн салбарт шинээр юу хийж болох талаар ярилцана. Иргэд, малчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж болно.

-Ургац хураалтын ажил хэдэн хувьтай байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажил жигдэрсэн. Төмсний хураалт 55 хувьтай буюу 130 мянган тонн, хүнсний ногоо 60.1 хувьтай буюу 60 мянган тонн, үр тарианы хураалт 7.9 хувьтай буюу 30 мянган тонныг хураагаад байна. Ургацын болц өмнөх жилүүдтэй харьцуулахад 10 хоногоор хойшилсон. Улсын хэмжээнд үр тарианы хураалт Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Увс аймагт эрчимтэй явагдаж байна. Төмс хүнсний ногооны хувьд Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-Уул аймагт сайн байгаа. Ургац хураалтын явцад таримлын болцыг эс тооцвол хүндрэл бэрхшээл байхгүй. Улсын хэмжээнд 1100 орчим үр тариа хураах комбайн ажиллаж, 200 гаруй үтрэм буудай хүлээн авах бэлтгэлээ хангажээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан өчигдрөөс таван салбарт буудай хүлээн авах ажлаа эхэлсэн аж. Улсын хэмжээнд 350 мянган тонны багтаамж бүхий 16 элватор ажиллаж байна. Мөн гурилын үйлдвэр болон бусад аж ахуйн нэгжид байгаа агуулахыг ашиглах боломжтой. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 110 мянган тонн буудайг агуулахдаа хүлээн авна. Харин гурилын үйлдвэрүүд 200 мянган тонн буудай авах бүрэн боломжтой.

-Нөөцийн махыг нэмэгдүүлнэ гэсэн. Энэ талаар ямар ажил хийгдэж байна?
-Импортод 13 мянган тонн мах нөөцөлсөн. Ерөнхийдөө нөөцийг бүх шатанд нэмэгдүүлэх зорилт тавьсан. Нөөцөөс гадна экспортод гаргах мах нэмэгдүүлэхээр яам ажиллаж байна. Тухайлбал, БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан махыг экспортлох нөхцөлтэй. Энэ жилийн хувьд Хятадын талаас хонь, ямааны махыг нэлээд их хэмжээгээр авах хүсэлт тавьсан. Тиймээс мэргэжилтнүүд баруун бүсийн аймгуудад шалгалт хийж, эрүүл чанартай мах экспортлох боломжийг судлаад дүгнэлтээ гаргана. Мөн хоёр улсын хорио цээрийн нөхцөлөө тохиролцоно. Үүний дараа үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг экспортлох боломж бүрдэнэ. Мөн шүлхий гараагүй бүс нутгаас 34 аж ахуйн нэгжийг аттестачлалд хамруулах хүсэлтээ Оросын талд тавьсан. Үүний дагуу мэргэжилтнүүд баруун, төв, зүүн бүст ажиллаж байна. Шаардлага хангаж чадвал тодорхой квотоор аль аймгаас хэчнээн тонн махыг гаргах боломжтойг тогтоож, Орос руу экспортлох боломж бий.

-Дотоодынхоо хэрэгцээг хангаагүй байж экспортын мах ярилаа гэж шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, нөөцийн мах иргэддээ хүрдэггүй шүү дээ?
-Дотоодын нөөц, хүрэлцэхүйц хэмжээг бэлдчихээд дараа нь экспорт ярих ёстой. Энэ асуудал дээр яам анхаарч ажиллаж байгаа. Бүх шатанд нөөцийн махыг бэлтгэх даалгавар өгсөн. Тодорхой хэмжээний нөөцийг үйлдвэр, аймгууд бэлтгэхээр ажиллаж байна. Хамгийн гол нь нөөцийн махны урамшуулалд кг тутамд 500 төгрөгийг өгдөг. Ингэхдээ 2013 оны нөөц мах бэлтгэхэд тус онд нь урамшууллыг өгдөг. Үүнд үйлдвэрүүд ажиллаж өгдөггүй. 2013 оны махыг 2012 оны намар бэлдэнэ. Тиймээс намар нь урамшууллыг нь өгвөл илүү бэлтгэх боломж байна гэдэг. 2012 оны төсвийн тодотголд нөөцийн махны урамшуулалтай холбоотой тодорхой багц асуудлууд хэлэлцэгдсэн. Ямартай ч нөөцийн махны урамшууллыг нийслэлээс гадна томоохон хот суурин болох Дархан, Эрдэнэт Сэлэнгэ , Хөтөлд бэлтгэх боломж бий.

Э.Энхцолмон

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих