Шороон замаар нүүрсний тээвэрлэлт хийвэл замыг хаана

Монголын өмнөд говийг хөгжүүлье гэсэн хүн олон байвал маш хурдан хугацаанд хөгжин цэцэглэж, тоост говийн захгүй талд усан оргилуур бургилсан сайхан хот сүндэрлэх бүрэн боломжтой гэж хүмүүс ам амандаа ярьдаг.
Гэлээ ч Өмнөговь аймгийн баруун зүүн хилийн боомт хавь болон тэр орчны газар нутаг там болсоор хэтэрхий удаж байна. Тэнд ойрын хэдэн жилдээ тордлоо ч гэлээ юу ч ургахгүй. Нутгийн ан амьтад, мал сүрэг хэдийнэ дайжиж, үхэх нь үхэн гагцхүү он дамжиж нутаглаж ирсэн нутгийн малчид тоосонд нь малтайгаа хамт хордсоор нүд үзүүрлэгдэн аж төрж байна,
Заримд нь хэдэн төгрөг атгуулж, өвөг дээдсийнх нь өвөлжөө бууцны газрыг нь худалдан авч байна. Нунтаг нурам болсон зам харгуйн нөлөөллийн нутаг болох Ханбогд, Баян-Овоо сумын иргэд саяхан шороон замаар тээвэр хийдэг компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулсан юм. Гэвч тус уулзалтад компаниуд тийм хангалттай оролцсонгүй. Тус аймагт шороон замаар тээвэр хийдэг 50 гаруй компани тээвэрлэлт хийдэг хэдий ч энэхүү уулзалтын арга хэмжээнд “Тавантолгой транс”, “Энержи ресурс”, “Говийн зам” гэсэн 3 компани л оролцлоо. Иргэд ирсэн 3 компанийн төлөөлөлд санал бодлоо илэрхийлсэн юм. Тэд “Олон жилийн турш хүнтэйгээ, малтайгаа шороо тоосонд будуулан дуугүй явлаа. Байдал үнэхээр болохгүй болохоор л бид хэлж ярьж бухимдаж байна. Нэг үеэ бодвол уурхайнууд хөрөнгө мөнгөний бололцоотой болсон байлгүй гэж бодох юм. Тиймд шороон замаар тээвэр хийхээ болихгүй бол малчид, иргэд шороон замыг хаахаас өөр аргагүй”  гэлээ.
Ер нь нийгмийн хариуцлагын тал дээр Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уурхайн компаниуд хэрхэн хойш суудгийг энд болсон уулзалтын ирцийн байдлаас харахад тодорхой байлаа. “Говийн газар шороо”, “Цэций нутаг”, “Хил хязгааргүй алхам” ТББ-ууд малчид иргэдтэй хамтран Монгол Улсын Ерөнхий Сайд, УИХ, Зам тээвэр, барилга хот байгуулалтын Сайд, БОАЖЯ зэрэг газарт энэ зам тээвэрлэлтийн асуудлаар албан тоот явуулсан юм

Энд байгаль орчны доройтол улам бүр ихэсч, нөхөн сэргээлт бодит түвшинд хийгдэхгүйгээс мал, малчны эрүүл мэнд алдагдаж байгааг дурдсан. Гэсэн ч уг албан тоотын хүсэлтийн хариу хойшлогдсоор сая нэг уулзалт хийх эрхтэй болтол 50-иад компаниас 3-хан нь л хүрэлцэж ирсэн нь энэ. Нөгөөтэйгүүр зам бариагүй компаниуд ийн учирлаж байв. Ганцхан “Энержи ресурс” ХХК 256 км хатуу хучилттай зам тавьсан хэдий ч тус замаар бусад компанийн машин зорчиж болох боловч нэг удаа явахдаа 350 мянган төгрөгийн төлбөр төлөх учиртай юм гэнэ. Энэ бол том тоо юм. Нэг компани ойролцоогоор 80-100 машинтай гэхэд “Энержи ресурс” компанийн тавьсан замаар төлбөр төлж зорчиход тоо томшгүй их хөрөнгө урсах нь дамжиггүй. Түүний оронд замаа бариагүй компаниуд хөрөнгө мөнгөө нийлүүлэн олон салаа зам бус тэртээ тэргүй тээвэрлэх зүг нэг учир нэгдсэн нэг зам барьчихвал малчид иргэдийн гомдол ч багасч, тоос шороо дэгдэх аюул ч дарагдаж болмоор.
Эсвэл “Энержи ресурс” компани бага төлбөрөөр зам дээрээ зорчуулах асуудлыг шийдвэл тээврийн компаниудын 7 мянгаад машин байтугай хувь хүмүүс, худалдаа наймаа  эрхлэгчид хүртэл явна. Энэ нь Энержид алдсан зардлаа хурдан нөхөх хөрөнгө оруулалт болж ч чадах юм. Богино хугацаанд их мөнгө орж ирэх бүрэн боломжтой.  Түүнчлэн зарим тохиолдолд малчдын хэлж буй үг үнэн боловч түүнийгээ илэрхийлж буй санаа нь ямар нэг баримт судалгаа, тооцоо байхгүй байгаа нь олны үймээнийг эмзэг сэдвээр нь өдөөгөөд ашиг хонжоо, нөхөн төлбөр горилсон нөхөд цөөнгүй байгааг харуулж байлаа. Тухайлбал, ядарсан зутарсан малчид үнэхээр хордоод зовоод шороон замаар тээвэр хийхийг л болиулах чин хүсэлтэй байхад “Оюу толгой” мэтийн томоохон төслийн газраас энэ мэт иргэдийн бухимдлаар далимдуулж, нөхөн олговор аваад таг болох сонирхолтой нэг хэсэг хөдөлгөөнийхөн байгааг нуух юун.

С.Сумьяа

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих