УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн барьсан орон сууцанд хүн амьдрах арга алга

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн мэдлийн “Хурд” группын “Рапид харш” хотхон оршин суугчдынхаа гомдолд дарагдаж, чанарын шаардлага хангахгүй барилга байгууламжийн тоог нэгээр нэмэх болжээ. 2010 оны шилдэг барилгаар шалгарч өргөмжлөл хүртсэн энэхүү орон сууцны хотхон хотын төвд А зэрэглэлийн газарт баригдсан гэдгээрээ бусдаас давуу талтай ч чанарын хувьд тэг үнэлгээ авахаар байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд орших, 2010 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсон эдгээр орон сууц сар ч бололгүй эхнээсээ хөгц чийгэндээ баригдаж, зарим хэсэг нь хүн харахын эцэсгүй болсон байна.
Ялангуяа зарим айлуудынх нь тааз эхнээсээ хөгцөрч, сантехникийн холболт нь хагарч эвдэрч эхэлжээ. Түүнээс гадна дулаалга дутуугаас өвлийн туршид цантаж, хаалга, цонх, хулсан гэх тодотголтой шал нь хуурч унахад хүрсэн аж. Мөн найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй гэж тодотгоод байсан барилга нь эхнээсээ чийгэнд баригдаж, цууралт өгөхөд бэлэн болсон төдийгүй Германы шаазан эдлэл, угаалтуур холигч нэрээр Хятад улсын чанарын шаардлага хангахгүй тосгуур тавьж оршин суугчдын нүдийг хуурсан байна.
Эцсийн эцэст чанарын шаардлага хангахгүй барилга барьсан энэхүү компани иргэдийн эрүүл мэндийг давхар хохироож байгаа гэдгийг төдийлөн ухамсарлахгүй байгаа бололтой. Тиймээс ч тэд оршин суугчдын гомдол саналын хариуд “Зун засаад өгчихнө” гэдэг тайлбарыг тун хялбархан өгдөг болжээ. Тиймээс оршин суугчдын эрүүл мэнд, эрх ашиг өдрөөс өдөрт зөрчигдсөөр байх уу гэдэг асуултыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд  тавихаас гадна холбогдох албан байгууллагуудын анхааралд хүргэх нь зүй ёсны хэрэг биз ээ.
Ер нь байгалийн гамшиг хэнийг ч, хэзээ ч ниргэхэд бэлэн болсныг арлын улс бидэнд бэлхнээ батлаад байна. Гэтэл газар хөдлөлт болон байгалийн гэнэтийн гамшигт тэсэж гарахуйц чанартай барилгыг манай томчууд үлгэр жишээчээр барьж, ашиглалтад оруулахын оронд нүд хуурсан орон сууцаар иргэдийн халаасыг хоослох болжээ. Үүний тод жишээ бол УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн мэдлийн “Рапид харш” юм. Юутай ч газар хөдлөлт дэлхий нийтийг хямрааж эхэлсэн энэ үед чанаргүй барилга, орон сууцнуудын талаарх мэдээ мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.

Өглөөний сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.