Хариуцлагагүй муурыг албан тушаалаас нь огцруулав

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон өнгөрсөн оны хоёрдугаар сард Ларри нэртэй нэгэн муурыг өргөөндөө хүндэтгэлтэйгээр залж, чухал албанд томилсон. Таван настай тэрхүү амьтан Даунинг-стрийтэд байрладаг харшийн хулгануудыг устгах үүрэгтэй. Зүгээр л хулгана зооглодог муур биш, түүний албан тушаал нь Төрийн ордны хулгана авлах албаны тэргүүн гэсэн сүртэй нэртэй.

Өндөр албыг жил гаруйхан хугацаанд хашсан Ларри “биеэ тоож”, үүргээ ухамсарлахаа больсон тул Засгийн газрын тэргүүн түүнийг ажлаас нь чөлөөлөх тушаалыг өнгөрсөн даваа гаригт гаргажээ. Өрөөнд нь хулгана гүйж, харин Ларри унтаж байгаад “гардуулсан” бөгөөд Д.Кэмерон түүнийг сэрээхээр оролдоход нойроо харамлан, эвшээгээд эргэж унтаж “паакталсан” гэнэ. Асрамжийн газраас аваад, бараг шахуу хааны сэнтийд суулгаж байхад тэр муу муур тэгж тэнэгтсэнд уурлахаас өөр яах ч билээ. Түүний албыг өдгөө Фрейя нэртэй мууранд шилжүүлжээ.

Ларригаас өмнө энэ ажлыг хийж байсан Сибил хэмээх эмэгчин муур 2009 онд хорвоог орхисон юм байна. Засгийн өргөөнд үүрлэсэн хулганын армийг яагаад ч дийлэхээ больсон гэнэ. Өнгөрсөн жилийн өвөл нэг даварсан хулгана хэвлэлийн хурлын үеэр камерын өмнө гарч ирж, бөөн асуудал үүсгэсэн аж.

 

Э.ХАНА


URL:

Tags:

Нэр: Serina Daul Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих