Мессэжээр залхаасан “Мобиком” гурван мэндчилгээ тутамд 58 саяын ашиг олдог

Энэ шударга өрсөлдөөн мөн үү, О.Магнай дарга аа

Хэтэрхий их идвэл хоол биш хор болдог гэдэгсэн. Үүн шиг “Мобиком” мон­голчуудыг шулж, шунал­тан идсээр байгаад удахгүй хагарах гээд байх шиг. Тэд Монгол Улсад 16 жилийн турш үйл ажиллагаа явуулж, хэдэн зуун тэрбумаар хэм­жигдэх хөрөнгийг Японы хөрөнгө оруулагчид руу урсгасан. Бага багаар хумсалдаг учраас бидэнд мэдрэгддэггүй.

Энэ удаа “Мобиком”-ын зөвхөн мессэж үйлчилгээнээс олдог цэвэр ашгийг сонирхъё. Эднийх сурталчилгааны мес­сэ­жээр бут бөмбөгдөнө. Мэ­дээж, өөрсдөд нь асар их ашиг авч ирдэг учраас хэрэглэгчид залхаж байгааг ер анзаарахгүй. Мессэж зараа хэрэгжүүлдэг үйлчилгээг нь “теле маркетинг” гэдэг аж. Нэг мессэжийн үнэ 15 төгрөг. Үүнээс хэр хэмжээний ашиг олдог талаар ганцхан жишээ татъя.

Шинэ жил, цагаан сар, наадмаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав үүрэн холбооны операторуудаар дамжуулж, монголчууддаа мэндчилгээ илгээдэг уламжлалтай. Харин “Мобиком” зөвхөн энэ гурван хүний илгээсэн мессэж мэндчилгээнээс 58.5 сая төгрөгийн цэвэр ашиг олдог нь судалгаагаар тогтоогдсон юм. “Мобиком”-ын оператораас сүлжээндээ мессэж илгээхэд ямар ч хөрөнгө, хүч шаардагдахгүй. Иймэрхүү байдлаар өдөр бүр уван цуван ирэх мессэж сурталчилгаанаас секундэд хэдэн саяын орлого олдгийг тооцоолоход бэрх. Асар их ашиг. Тэгсэн атлаа улам их шулах гээд байдаг. Энэ тэгэхээр шударга өрсөлдөөн мөн үү.

Бас “Hi Tone” үйлчил­гээнд нь сануулга гэж байхгүй. Хугацаа нь дуу­саад 24 цаг болчихвол хөөрхөн хэдэн төгрөг төлж байж худалдаж авсан өмнөх дуунууд маань бүгд устчихна. Үйлчилгээгээ дахин сунгуулсныхаа дараа нэг дууг хамгийн багадаа 400 төгрөгөөр худалдаж авна. Ингээд л бөөн мөнгө төлж, дахин, дахин шулуулж бай­гаадаа хэрэглэгчид бу­химддаг. Яагаад “Хэрэглэгч та 24 цагийн дотор “Hi Tone” үйлчилгээгээ идэвх­жүүлэхгүй бол таны эрх хаагдаж, өмнө сонгосон дууны цэсүүд автоматаар хүчингүй болохыг анхаарна уу” гээд сануулга мессэж илгээчихэж болдоггүй юм бол. Ерөөсөө хэлэхгүй байж байгаад албаар хугацааг нь дуусгаж, шулах бодлого барьдаг бололтой.

Ганц “Hi Tone” ч биш. Иймэрхүү бусад үйлчилгээг цуцлахдаа анхааруулга, сануулга өгдөггүй. Учир нь хэрэглэгчдэд анхааруулга өгчихвөл шударга бус шулалт нь байхгүй болж, “Мобиком”-ын ашиг буурах учраас тэр.

Бас нэгэн башир аргыг нь өгүүлье. “Мобикомын сүлжээнд үнэгүй” нэртэй сурталчилгааны самбарууд хаа сайгүй бий. Харин бодит байдал дээр энэ нь огт үнэгүй биш. Тодорхой цагийн хяз­гаарлалттай. Цагийн хяз­гаар­лалтаа “Мобикомын сүл­жээнд үнэгүй” гэсэн текс­тээ­сээ бараг 3-4 дахин жи­жиг бичнэ. Нөгөө хошин шогийн Бооёо Ундармаад бичсэн захидал бүртээ Амбийгийн нэрний хажууд жижигхээн “Бооёо” гээд биччихсэн байдаг гэдэг шиг. Үүнийг нь автобус унаагаар явахдаа хальт харсан хүмүүс төөрөлдөж, жинхэнэ “төөрсөн сонголт” хийж, бөөн асуудал ургана.

Тэгээд л бухимдсан хэ­рэг­лэгчид “Миний нэгж гүйчихлээ, шулаач минь” гээд л 2222-т хандана. Үйлчилгээний зөвлөхүүд нь харин соёлтойгоор амыг нь таглаж сурсан хүмүүс байдаг. “Уучлаарай, доод талд нь тайлбар нь байгаа, та хараагүй юу. Хараагүй бол та харааны шил зүүх хэрэгтэй юм байна” гэх мэтээр шулуулж ядаж яваа хэрэглэгчийг “чимхэнэ”.

“Мобиком”-ын үндсэн лавлах 2222-т өдөрт дунджаар 40 мянган хэрэглэгч ханддаг аж. Бүгд л үйлчилгээ нь таалагдахгүй, шулаад байгаа талаар гомдоллодог. Өөрөөр хэлбэл “Мобиком” нийгмийн энэ их стресст ихээхэн хөрөнгө оруулж байгаа корпораци гэхэд болно.

“Мобиком” өөрсдийгөө нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, хүндэтгэдэг гэж магтуулах дуртай. Тэгвэл 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Мобиком” ганц удаа ч болов мессэж бичих нэгдсэн танилцуулга гаргаагүй.

Тэгээд бас өөрсдийгөө үүрэн холбооны анхдагч оператор гээд байгаа. Нэг ч удаа латин галигийн талаар “сургалт мессэж” явуулаа­гүй. Ядаж ийм үсгийг лати­наар ингэж бичнэ гэдэг хэдэн мессэж явуулж болно оо доо. Мессэж илгээлээ гээд ямар ч мөнгө хөрөнгө зарцуулахгүй шүү дээ.

“Мобиком”-ын энэ ха­риуц­лагагүй байдлаас болж эхэндээ мессэж бичиж, ун­ших гэж хэрэглэгчид “хөөр­хөн” зовдог байлаа. Гэхдээ монголчууд л юм болохоор буруу ярьж, зөв ойлгосоор байгаад аргаа олчихсон. Энэ бол “Мобиком” анхдагч байж чадаагүй, хэрэглэгчдийн тө­лөө сэтгэл гаргаж байгаа­гүйн нэгэн илрэл.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих