МАХН ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРААС ГАРАХ УУ

УИХ-ын ээлжит сонгуульд дангаараа засгийн эрх барихаар ялалт байгуулсан улс төрийн хvчин гараагvй. АН-ын хувьд парламентад хамгийн олон суудал авч, бусад нам, эвсэлтэй хамтран Засгийн газраа эмхлэн байгуулах эрх өвөртөлсөн. Тиймээс ИЗНН, МАХН-МVАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран олонхийг бvрдvvлж, Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан ханцуй шамлан ажиллаж байна.
Гэхдээ олны дунд энэ Засгийн газар хэр vр дvнтэй ажиллах бол гэхээс илvv хугацаанаасаа өмнө ямар нэг шалтгаанаар задрах вий, өмнөх хамтарсан Засгийн газар шиг хэврэг байх вий гэсэн болгоомжлол vvсээд буй. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн нам эвсэл ирэх дөрвөн жил хамтран ажиллахаар болсон учир тэднийг нэг шуудайнд хийсэн vхрийн эвэртэй зvйрлэж болох нь. АН-ын удирдлагууд ч аль нам нь хэзээ, юунаас болж Шинэчлэлийн Засгийн газраас гарна гээд хэлчих бол гэсэн айдас, тvгшvvртэй яваа гэдгийг vгvйсгэх аргагvй.

Парламент дахь сөрөг хvчин болох МАН-ынхан УИХ-ын гишvvний тангаргаа өргөснөөс хойш чуулганы хуралдаанд суухгvй, “Манай хоёр нэр дэвшигчийн асуудлыг хурдан шийдвэрлэж өг”. “Манай намын бvлгийг албан ёсоор байгуулагдсан гэж зарла”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бvр 21 мянган төгрөг олго” гэх мэт шаардлага тавьж, тулгалт хийсэн шигээ намын эрх ашгаа нэгдvгээрт эрэмбэлчихсэн яваа. Ийм байдлаар тэд парламентын ажлыг нэг хэсэг гацаанд оруулсныг уншигчид маань мэдэж буй биз.
Харин дараагийн шантааж МАХН-МVАН-ын “Шударга ёс” эвслээс ирэх вий гэсэн болгоомжлолын тухай сарын өмнө манай сонин хөндсөн удаатай. Тухайн vед “МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэргийг анхан шатны шvvх хэлэлцээд ял оноож, хэлмэгдvvлэх юм бол манай эвсэл Хамтарсан Засгийн газраас гарах болно” хэмээн тус эвслийн зарим гишvvн ярьсан удаатай. Энэ тухай бvр Удирдах зөвлөл нь хуралдаж, гаргасан тогтоолдоо хvртэл тусгасан байгаа.Тодруулбал, эл тогтоолд “Засгийн газар байгуулахад болон тvvний vйл ажиллагаа явж байх хугацаанд төр засгийн аливаа институцийн зvгээс улс төрийн хэлмэгдvvлэлт гаргах аваас МАХН-МVАН-ын “Шударга ёс” эвсэл хамтарсан Засгийн газар байгуулах талаар ярилцаж буй хэлэлцээг зогсоох бөгөөд хамтарсан Засгийн газрын vйл ажиллагааг дэмжихгvй байх, тvvнээс гарах болно гэдгээ ил тод мэдэгдсvгэй” гэсэн байгаа.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Н.Энхбаяр даргад холбогдох хэргийг маргааш /өнөөдөр/ давж заалдах шатны шvvх хэлэлцэж, шударга шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаа. МАН-ын олон арван гишvvн өнөөдөр /өчигдөр/ МАХН-ын гишvvнчлэлээ сэргээлээ. Энэ vеэр ахмад гишvvд маань саналаа хэлсэн. АН ИЗНН, МАХН-МVАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Шинэчлэлийн Засгийн газар байгуулсан. Шинэчлэлийн Засгийн газрын хамтран ажиллах гэрээнд шударга бус vйл ажиллагааг vргэлжлvvлэхгvй гэдгийг тусгасан байгаа. Бид ч хэлмэгдvvлэлт, шударга бус vйлдлийн эсрэг байна гэсэн байр сууриндаа хатуу зогсоно. Тиймээс давж заалдах шатны шvvх ямар шийдвэр гаргахыг хvлээнэ. Удахгvй болох намынхаа бага чуулганаар Шинэчлэлийн Засгийн газар хамтран ажиллах гэрээгээ хэр биелvvлж буйд дvгнэлт хийнэ” гэж өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын vеэр хэллээ.
Тvvний энэ ярианаас хэрэв давж заалдах шатны шvvх МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт оноосон ялыг хэвээр vлдээвэл, намынхаа Бага чуулганаар Шинэчлэлийн Засгийн газрын хамтран ажиллах гэрээг дvгнэж, цаашид хамтран ажиллах эсэхээ шийднэ гэсэн санаа цухалзаж байна гээд хэлчихэд дэгсдvvлсэн болохгvй л байх.
“Шударга ёс” эвслийн тэр дун­даа МАХН-ын зарим гишvvн АН хэлмэгдvvлэлт, шударга бус зvйлийн эсрэг байна гэж мөрийн хөтөлбөртөө тус­гас­наа хэрэгжvvлэхгvй бол Шинэч­лэлийн Засгийн газраас гарч МАН-ын­хан­тай ч хамтарч ажиллахад болохгvй гэх газаргvй хэмээн ил цагаан ярьж бай­на билээ. Энэ бvхнээс vзвэл, МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан өдгөө шоронд суугаа Н.Энхбаяраас энэ Засгийн газрын ирээдvй шийдэгдэх нь бололтой.

ardchilal


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих