Цомхотгол бол Н.Алтанхуягийн хүссэн шинэчлэл

Шинэчлэлийн үнэртэй Засгийн газрын хүчтэй салхинд төрийн 500 албан хаагч өртөж, “гудамжны” эгнээнд нэгдэх шаардлагатай боллоо. Энэ бол гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуягийн “хүсээгүй” цомхотгол. Төрийн данхайсан бүтцийг танаж, үргүй зардлыг бууруулж, төрийн албыг цомхон, чадварлаг болгох нь ардчиллынхны өнгөрсөн 16 жилийн хугацаанд хийхийг хамгийн ихээр хүсэж байсан ажил. Тиймдээ ч Засгийн газрын тэргүүн тамгаа гардсаныхаа дараа эхлүүлсэн хамгийн анхны ажил нь яам, агентлагийн тоонд өөрчлөлт оруулах байлаа. Энэ бол Н.Алтанхуягийн хэлсэнчлэн шинэчлэл. 43 агентлагийг 28 болгож төрийн албан хаагчдын тоог 600-гаар цөөрүүлэх боломжтойг олж харсан мань хүн ч ажилдаа шуурхайлан орсон. Мэдээж, төрийн албыг цомхон байлгах уриалгыг хоёр гараа өргөн дэмжсэн хүн нь Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар. Бялууны амтанд бялуурч, албан тушаалд амаа үдүүлээд үг дуугүй хүлээн зөвшөөрсөн гэхэд хилсдэхгүй.

Нөгөөтэйгүүр, өмнөх парламентад УИХ-ын гишүүн Ч.Улаанаар ахлуулсан ажлын хэсэг төрийн албан хаагчдыг 7000 цомхотгох боломжтой гэх дүгнэлтийг тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүргүүлж байсан удаатай. Тэр үед ах нам нэрээ сэвтээхгүйн тулд гараа хумхисан. Харин одоо АН-ын ээлж.

Энэ бол улс төрийн бичиг­дээгүй хууль. Аль нэг нам сонгуульд ялалт байгуул­сан бол түүнийг дагаад хавт­гайруулсан, урьдчилж тохирсон халаа сэлгээ их хэмжээгээр хийгдэж, дарга нарын тоо олширч, яам, агентлагийн ажил­чид  цомхотгол нэрийд­лээр ялагдсан намынхныг их цэвэрлэгээнд өртдөг, тийм л хуульчлагдаагүй хуультай. 1996 оны ардчиллын нар хиртсэн он жилүүдэд ч ийм байдал өрнөж л байсан. Гурван ч Засгийн нүүр үзсэн зарим нэг нь үүнийг андахгүй биз. Түүхийн хуудсыг товчхон сөхвөл, 1996 оны долдугаар сард УИХ “Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөр”-ийг батлан гаргасан. 1999 онд Аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоол гаргаж, олон арван тэрбум төгрөгийн өмчийг орон нутгийн мэдэлд шилжүүлсэн бөгөөд орон сууцны 90 орчим хувь хувьчлагдаж дууссан. 1997-2000 онд худалдаа, хангамж, нийтийн хоол, хүнс, ХАА, алт, тээвэр, барилга, бөөний худалдаа, мал эмнэлэг зэрэг салбар чиглэлийн 685 аж ахуйн нэгж, 243 үл хөдлөх хөрөнгийг хувьчилж, нийтдээ 42.5 тэрбум төгрөгийг улсын төсөт оруулсан байдаг. Харин тэрхүү хувьчлалаар олон арван хүн ажилгүй болж, гудамжинд гарч, зарим нэг нь ганзагын наймаанд хүч сорьж эхэлсэн талаар түүхийн хуудсанд бий. Мэдээж, эрх баригч намынханы баяжих эх үүсвэр ч тэндээс л эхлэлтэй байлаа. Харин олон түмний зүгээс “өмч хувьчлал ил тод бус, үр өгөөж багатай, хууль бус явагдаж байна” гэсэн шүүмжлэл, дургүйцэл байнга гарч байсан ч эрх баригчид өвөр түрийндээ жийлцэж, дотроо арцалдаж байсан учир анхаарах ч сөхөө байгаагүй талаар тухайн үеийн улс төрийн хүрээнийхэн тодотгодог. Өөрөөр хэлбэл, 1996-2000 онд гурван Засгийн газар жил дараалан огцорч, УИХ дахь эрх баригч олонхийн эвслийн бүлэг дотроо хэсэг фракциудад хуваагдаж, төрийн дээд байгууллагууд хоорондын харилцаа хурцдаж зөрчилдөөн үүсч байлаа. Дээдүүлийн байдал ийн хурцдаж, доодуул нь хувьчлалын үр шимээр ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжиж, гудамжинд лааз өшиглөж байлаа. Мөн цалингаа өгөх чадалгүй болж, таван сар хүлээлтийн байдал руу шилжүүлж байсан нь бий. Тиймээс л 2012 оны сонгуулийн үр дүнг сонссон сонгогчид түүх л битгий давтагдаасай гэж амандаа бувтнаж, сүүгээ өргөн залбирах болсон.

Мэдээж, ардчилал ялсан тул хаяаг нь түшиж, тэдэнд тал засаж явсан нөхдүүд дээгүүр харж, дээд албан тушаалтан болох нь гарцаагүй. Үүнийгээ ч ардчиллынхан шинэчлэлээрээ баталгаажуулж, ах, дүү амраг саднаараа төрийн албыг дүүргэж байна. УИХ-ын дэд дарга С.Баярцогтын ах С.Баярбат Эрчим хүчний яамны газрын дарга, гишүүн Ш.Түвдэндоржийн ах Ш.Төмөрбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Тэмүүжин сайдын төрсөн дүү Х.Хулан, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ах Ц.Арсланбаатар, УИХ-ын даргын зөвлөх Г.Батхүүгийн туслах Л.Оюунцэцэг, УИХ-ын даргын эхнэр Хууль зүйн яаманд, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын эхнэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд газрын даргаар гээд тоочоод байвал уртхан жагсаалт гарна. Түүнчлэн гудамжинд “лааз өшиглөж” явсан тэмцэгч О.Магнай хүртэл Н.Алтанхуягийг бараадсандаа баярлаж, бахархаж ШӨХТГ-ын даргаар томилогдлоо. Тэгэхээр цомхотголд өртөх 500 албан хаагч уйлж дуулаад нэмэргүй. Нэгэнт ардчиллынхны хаяаг түшиж, арыг нь дааж яваагүй, ах дүү амраг садан нь бишээс хойш хуульчлагдаагүй хуульд нэрвэгдэхээс өөр аргагүй. Гагцхүү энэ бол Н.Алтанхуягийн олон жилийн турш зорьж, тэмүүлсэн шинэчлэл гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Тийм болохоор Засгийн газрын тэргүүнийг хэлсэндээ хүрнэ гэж найдах ч хэрэггүй.

Иймээс Төрийн албан хаагчдын холбоо ч гүйцэтгэх засаглалын тэргүүнд захидал хаяглаж, шаардлага хүргүүлэх шаардлагагүй. Учир нь Н.Алтанхуяг амраг садан, ах, дүү, туслахаа яам, агентлагийн дарга болж буйгаа яаж өөрийн­х­өө амаар хэлэх билээ. Үйлдлээрээ харуулахаас илүү нотолгоо заавал шаардлагатай гэж үү. “Эзэнгүй яриа” холоос нисгэж, чимээгүйхэн сууж байх нь түүний арга барил. Тэгэхээр Засгийн газрын тэргүүн тус холбооноос хандсан нэг ч асуудлаар байр сууриа илэрхийлээгүй нь буруутгах шалтгаан болохгүй нь. Тэгээд ч, төрийн жинхэнэ албаны нэг ч албан хаагчийг бүтцийн өөрчлөлт нэрээр халахгүй, бас шинээр нэмж авахгүй гэж чуулганы индэр дээрээс хариуцлагатайгаар мэдэгдсэн тэр үгээ буцаалаа гэж олны өмнө “тэнэг” царайлтай ч биш. Тэгэхээр яалт ч үгүй, Н.Алтанхуягийн зөв. Нөгөөтэйгүүр, өмнөх Засгийн газар 11 яамтай нийт 929 орон тоотой байсан бол шинэ бүтцээр 16 яамтай 1625 орон тоотой болж яамдын орон тоог даруй 696-аар нэмэгдүүлж, төрийн толгойг данхайлгасан буруугаа яагаад нийтэд ил мэдээлэх ёстой гэж. Толгой нь занхайж, яамнаасаа илүү эрх мэдэлтэй шахуу болсон агентлагийг татан буулгаж үүрэг чиглэлийг тодорхой болгосон гэж “баг” зүүчихээд хэлээд байхад. Заавал багаа хуулж, сонгогчдын өмнө ил гарах шаардлага түүнд байхгүй. Цомхотголд өртөх 500 албан хаагч ардчиллынхны хамаатан садан, бүр туслах нь болж төрөөгүй нь л хохь болж байгаа юм. Түүнээс биш Н.Алтанхуягийн буруу огтхон ч байхгүй.

Мөн  Засгийн газар  12  яам­ны Тө­рийн нарийн  бич­гийн даргын үүргийг түр ор­лон гүйцэтгэгч нарыг томил­сон нь Төрийн албаны зөв­лөлөөс хууль  бус гэх  шүүмж­лэлд өртөөд буй. Хуу­л­ийг ардчиллынхан тэр дундаа Н.Алтан­хуяг хүссэнээ­рээ өөрчилж, өөрийн­хөөрөө кноптох боломж олд­чихоод байхад энэ юу вэ. МАН-ын бүлэг баталгаажтал Н.Алтанхуяг энэ улсын “хаан”. Тэр нөхдийнхөө хамт хүс­сэ­нээ­рээ хуулийг өөрчилж, бас зо­хио­но. Хэн ч түүн рүү илд далайх эрхгүй.

 Л.НИНЖСЭМЖИД

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих