“Утааны улирал” айсуй

   Хяруу гялтганан, сэрvv орж намар боллоо. Үүнтэй зэрэгцээд урин дулааны улиралд мартагдаж гээгддэг нөгөө айхтар асуудал болох утааны асуудал хөндөгдөх нь. Жилийн жилд нийслэлчүүдийн шүдний өвчин болдог утааны асуудлыг хэрхэн цэгцлэх вэ гэж яриад л байдаг. Даанч ярьж, хэлснээр нь утаа багасахгvй нь харамсалтай. Ярьсаар, ярьсаар бас дахин ярьсаар л байгаад бид утаатайгаа золгодог “имидж” хэдийнээ тогтчихоод байна. Хэдийгээр хөлөөр хөглөрч тээглэхгүй ч хахаж цацтал хоолой хорсгодог нөгөө айхтар утааны улирал ирлээ.  Сvvлийн хэдэн жил Улаанбаатарыг утаанаас салгахын тулд олон ажил хийсэн ч энэ үр дүнгээ төдийлөн өгөхгүй, хэдэн хүний хэтэвчийг түнтийлгээд өнгөрсөн нь харамсалтай. Утаагүй зуух, шахмал түлш нийлүүлэх, яндангаас торгууль авах, цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлэх гээд л утаатай тэмцсэн аргаараа бид дэлхийд тэргүүлэхээр болсон. Гэсэн ч агаарын бохирдол багасаагүй, харин ч жилээс жилд нэмэгдсээр. Үүний ганц бодит жишээ нь: Утаа багатай эдгээр түлш, түүхий нүүрсний зарагдаж байгаа үнээс хамаагүй өндөр үнэтэй. Хэтэрхий өндөр үнэтэй шахмал түлшийг үнийн зөрүүнээс болоод гэр хорооллынхон авч хэрэглэж чадахгүй байгаа. Тэрнээс биш илчлэг сайтай, дээр нь утаа багатай түлшийг хэрэглэхэд хэн төвөгшөөх билээ дээ гэж иргэд ч үгээ хэлж байсан удаатай. Ингээд нөгөө гэр хорооллын иргэд түүхий нүүрсээ түлэхээс өөр сонголтгүй болсон. Харин өнгөрсөн жилээс эхлэн өндөрлөгөөтэй машинаар нүүрс оруулж ирэхийг хориглосон. Энэ нь наймаачдыг нүүрсний үнээ нэмэхээс өөр аргагүй байдалд оруулсан юм. Дээрх үнийн нэмэгдэл нь түлээ нүүрсний жижиглэнгийн худалдаанд ч нөлөөлж өнгөрсөн жил дүн өвлийн хүйтнээр ченж гэгддэг жижиг шуудай нүүрс 2000 төгрөг хүрсэн. Мэдээж нэг шуудайгаар өдрийг аргацаана гэж байхгүй. Дор хаяж өдөрт гурваас дөрвөн шуудай нүүрс чардайн байж түлнэ. Чардайгаад чардайгаад түлэх нүүрс авч чадахгүй ядруухан өрхүүд хөлдөж үхэхгүйн тулд  хуучин муу гутал, хог, дугуй түлэхээс өөр сонголт байхгүй.

Хөлдөж үхэхгүйн тулд аар саархан хогоо түлсэн айлын яндангаас хар тугалга, хүнд металлын найрлагатай хорт утаа бургилан агаарын чанарт асар муугаар нөлөөлж байна. Үүнтэй холбоотойгоор нэгэн судалгааг сонирхуулахад: Нийслэлийн агаарын бохирдлын 90 гаруй хувь нь гэр хорооллын утаа байдаг гэсэн судалгаа бий. Нийслэлийн агаарын бохирдол олон улсын стандартаас 8-15 дахин их, нэг хүн, нялх хүүхэд хүртэл өдөрт 4-5 хайрцаг тамхи татсантай тэнцэх агаарын бохиролд хордож байна гэсэн тоог мэргэжилтнүүд гаргаж байсан. Энэ бол гашуун үнэнийг харуулах аймшигтай мэдээ.  Хотын эргэн тойронд гэр хороололд 150-д  мянган айл амьдарч байгаа. Эдгээр айлыг орон сууцтай болгоход газаргvй гэхийн зовлон байхгүй гэх олны үг ортой. Мэдээж гэр хорооллыг бvгдийг нь ирэх өвөлдөө ч юм уу ойрын нэг, хоёр жилдээ багтаагаад орон сууцжуулах бололцоо тун чиг хомс. Гэхдээ л энэ ажлын эхлэлийг ”Шинэчлэл”-ийн хэмээх тодотголтой засгийн газар автозамын ачааллыг 10, 20 хувиар бууруулсан шигээ дорвитойхон ажил хэрэг болговол нийслэл хотын иргэд агаарын бохирдол хэмээх толгойн өвчнөөсөө ангижрах тустай. Нөгөөтэйгvvр хотын агаар бохирдоод байгаад ганц гэр хорооллынхон буруутай биш. Өдөр, шөнөгvй гудамжаар холхих насжилт нь хэтэрсэн  автомашинууд ч бас буруутай. Улаанбаатар хотод нийт 307784 автомашин бүртгэлтэй байгаа ба эдгээрээс хуучирсан, “өндөр настай” автомашинуудыг халах хэрэгтэй. Үүнд хяналт тавихгvй бол агаарын бохирдлын асуудлыг бvрэн шийдвэрлэж чадахгvй нь мэдээж. Түүнчлэн Нийслэлийн эргэн тойронд жижиг, дунд оврын уурын зуух олон бий. Сvvлийн vед хэн дуртай бага оврын уурын зуухаар халаалтын асуудлаа шийддэг болсон. Иймээс утааг багасгахын тулд гэр хорооллыг орон сууцжуулаад зогсохгүй автомашины насжилт, уурын зуухнуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй юм.

Ө.Уртаа


URL:

Сэтгэгдэл бичих