УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 335 өрхөд авилга өгсөн нь илэрчээ

Дорнод аймгийн иргэд өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын “но”-той, ноцтой баримтыг дэлгэж мэдээлэл хийлээ.

Энэхүү мэдээлэлд Дорнод аймгийн Эрдэнэ сум, Цагаан-Уул, Цагаан-Овоо, Халх гол зэрэг сумдын иргэдийн төлөөлөл оролцсон юм. Тэд “2012 оны УИХ-ын сонгуулийн VII тойрогт  МАН-аас нэр дэвшигч, НХХ-ийн дэд сайд асан Н.Номтойбаяр өөрийн тойргийн  335 иргэнд хувьцааны төлбөр нэрээр тус бүр нэг сая, нийт 335 сая төгрөгийг 2012 оны зургадугаар сарын 25-ны өдөр бэлнээр олгосон баримт бидэнд байна. Уг мөнгө олгох шийдвэрийг НХХ-ийн сайд асан Т.Ганди, Сангийн сайд асан Д.Хаянхярваа нар “Хувьцааны төлбөр олгох дараалал тогтоох тухай” А/75/146 тоот тушаал нэрээр 2012 оны зургадугаар сарын 25-ны өдөр гаргасан юм билээ.  Хэдийгээр энэ баримтанд 335 иргэн /өрхийн тэргүүн/-ний нэрс бичигдсэн байх ч тус өрхийн гишүүн бүрт сая төгрөг олгосон байхыг үгүйсгэхгүй.

Түүнчлэн, уг тушаалын хавсралт буюу “Иргэдэд хувьцааны төлбөр олгох жагсаалтын товчоо”-г мөн тэр өдөрт нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргаж,  ХААН, Хадгаламж банкинд мөнгө нь бөөнөөр орсон байсан. Энэ бол УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгаа дуусахын өмнөх өдөр, сурталчилгааны оргил үе. Гэвч хувьцааны төлбөрийг олгож эхлэх талаар манай аймгийн бүх иргэд битгий хэл олон нийтэд ч мэдээлэл өгөөгүй, харин  мөнгө авах иргэдийг Н.Номтойбаярын сонгуулийн сурталчилгааны сүлжээгээр дамжуулан бүртгэж, зөвхөн өөрсдөд нь мэдэгдсэн юм билээ. Энэ мөнгийг манай аймгийн 335 иргэн /өрхийн тэргүүн/ бэлэн болон бэлэн бус /карт/-аар авчээ. Эдгээр хүмүүсийн нэрсийн жагсаалт, утасны дугаар энд байна. Энэ хуувь бус үйл ажиллагаанд НХХ-ийн сайд асан Т.Ганди, Сангийн сайд асан Д.Хаянхярваа болон Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга н.Энхболд, зарим сум, багийн нийгмийн ажилтан зэрэг төрийн албан хаагчид, “ХААН” банк , “Хадгаламж” банкны салбарын захирлууд зэрэг арилжааны банкны ажилтнууд оролцжээ. Тиймээс холбогдох хууль хяналтын байгууллага, Авилгалтай тэмцэх газар энэ асуудалд анхаарлаа хандуулна уу.

Мөн  манай аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд одоог хүртэл үлдэгдэл 340 мянгаа аваагүй байгаа. Тэрбүү хэл, “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд сар бүр бэлнээр олгож байсан 21 мянган төгрөгийн үлдэгдэл 23 мянган төгрөгийг Дорнод аймгийн Халх гол, Цагаан-Овоо сумын 7000 гаруй иргэн  өнөөг хүртэл аваагүй байна. Сангийн яамнаас эдгээр хүмүүсийн үлдэгдэл 23 мянга, 340 мянган төгрөгийг лавлахад “ Танай аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 1700 иргэнд олгох 1,7 тэмбум төгрөг,  Халх гол сум, Цагаан-Овоо сумын 7000 иргэнд олгох 150 сая төгрөгийг гаргасан” гэж хэлээд халгаахгүй байгаа. Энэ их мөнгө хэний гараар, хаашаа алга болов? Гэтэл сонгуулийн үеэр хөдөлмөрийн чадвартай, бололцооны амьдралтай 335 өрхөд тус бүр нэг сая төгрөгийг хувьцааны төлбөр нэрээр бэлнээр нь, нэг өдөрт шийдэн олгосон нь “гайхшрал” төрүүлж байна.  Эндээс дүгнэхэд НХХ-ийн дэд сайд асан Н.Номтойбаярын сонгуульд өрсөлдөхдөө албан тушаалаа урвуулан ашигласан тодорхой үйлдэл юм” хэмээн ярьж, тамга тэмдэг бүхий баримтуудыг дэлгэж үзүүллээ.

Түүнчлэн тэд “Дорнод аймагт хамгийн бага хэрэглээтэй таван хувийн шугамаас доогуур амьжиргаатай 1800 өрх байдаг. Гэвч тэднээс ганц ч өрх дээрх сая төгрөгийг аваагүй.  Засгийн газрын 2012 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоол шиг тусгай журам гаргаагүй нөхцөлд ямар нэг байдлаар ялгаварлаж,  дараалал тогтоох ёсгүй.  Хамгийн гайхалтай нь 335 өрхөд мөнгө олгохдоо “Хүний хөгжлийн дэвтэр”-т ямар ч тэмдэглэгээ хийгээгүй, ганц ч төгрөгний суутгал, шимтгэл аваагүй, шууд нэг сая төгрөгийг олгосон юм билээ. Тиймээс УИХ болон Засгийн газар дээрх хууль бус явдалд анхаарлаа хандуулж, хууль хяналтын байгууллагуудад шалгуулахыг хүсэж байна” хэмээн мэдэгдэв.

Сонирхуулахад, Энэхүү нэг сая төгрөгийг олгох жагсаалт бүхий баримт, бичиг сонгуулийн дараа Дорнод аймгийн ХХҮХ-ээс гарч иржээ.

Б.Дэжид

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих