Хүнсний аюулгүй байдлаас үүдэлтэй хорт хавдрын үүслийн он жилүүд эхэлжээ

“Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх”, “Ингэх л гээд байсан юм” гэх зэрэг онч, хэлц үг уг нь зөндөөн буй. Үүнийг мэдсээр авч сэргийлж болшгүй, эсвэл чаддаггүй юм ч өчнөөн байх бололтой. Монголчуудын дунд элэгний хорт хавдар гэдэг нэг өвчин жил ирэх тутам газар авсаар үхлийн шалтгааны хоёрдугаарт ороод ирэв. Нэгд нь, дэлхий нийтэд түгээмэл байдаг зүрх судасны эмгэг зогсч байгаа ч тэр нь элэгний хорт хавдрыг бодвол тийм ч аймаар юм биш. Бараг байдаг, зүй ёсны үзэгдэл гэхэд болно. Нас барсан бүх хүний зүрх зогсдог юм. Тэгэхээр нийтлэг зүйл л дээ. Бид бүгд энэ оношийг “аваад” л явна шүү дээ. Харин элэгний хорт хавдрын хувьд арай өөр юм. Урьдчилан сэргийлж, эмчилж болох эмгэг гэсэн үг л дээ. Социализмын үед айргийн тав, зургаагаар эргэлддэг байж билээ. Элэгний хорт хавдар цөөн тохиох агаад ганцхан оноштой байв. Тэр нь “элэгний анхдагч өмөн” бөлгөө. Архидалтаас үүдэлтэй гэх эл өвчнөөр тавиас дээш насны, голдуу эрэгтэй хүмүүс өвчилдөг байсныг тэр үеийн статистик харуулах биз. Тус өвчнөөр 45 настай хүн өдрийн од шиг өвдөхөд ихэд гайхдаг байсныг тод санаж байна.

Одоо элэгний хорт хавдартай нярай хүүхэд хүртэл төрөх болжээ. Энэ нь тэс өөр юм яриад байгаа хэрэг л дээ. Элэгний өвчин нэмэгдээд байгаа тухай ерээд оны дундаас нэлээд хүчтэй ярьж эхэлсэн түүхтэй. Чухам юунаас болоод байгааг нь тэгэхэд буруу тогтоосон бололтой. “Жараад оноос халдварт шараар монголчууд хавтгайдаа шарласны хор уршиг одоо л гарч байна” гэж энэ салбарын урдаа барьдагууд үзэж байсан удаатай. Үнэний хувь байвч дангаараа үүрэх хэмжээнд очоогүй явжээ. Шинэ зууны босгон дээр буюу 2000 он, түүний эхнээс элэгний хорт хавдар ихсээд байгааг бүр онцлох болсон гэж байгаа. Гарал үүслийн талаар дахиад л маргаан дэгдсэн дээ. Яг тэр цаг үетэй давхцан элэгний эмгэг үүсгэдэг С вирүсийн талаар яригдаад эхэлснийг зарим нь санаж байгаа байх. Одоо гурван монгол хүний нэг энэ халдварт өртсөн гэх болжээ. Элэгний хорт хавдар үүсгэдэг сонгодог вирүс мөн л дөө.

Өндөр хөгжилтэй орны иргэд байтугай төр, засгийхныг нь чичрүүлдэг вирүс. Тиймээс гадныхныг хүлээж авахдаа визтэй эсэхтэй нь зэрэг С вирүсийн халдвартай юу, үгүй юү гэдгийг нь хардаг болжээ. Халдвар авснаас хойш хориод жилийн хугацаанд элэгний хорт хавдраар баараггүй өвдөнө гэсэн үг. Бас л үнэний хувьтай. Энэ бүхэнтэй хамт мөнөөх муу нэртэй, луу данстай архи явсаар л байгаа. Ерээд оноос эхэлсэн хавтгай архидалтын хор уршиг одоо гарч байгаа нь мэдээж. Гэхдээ бас л дангаараа даах болоогүй. Эрчүүд голдуу өвчилдөг байхад бүхнийг түүн рүү чихдэг байсан хатуу боловч үнэн. Гэтэл сүүлийн таван жилийн судалгаагаар зөвхөн эрчүүд ч биш эмэгтэйчүүд, хөгшин, залуу, хүүхэд гэлтгүй ижил хэмжээгээр өвчлөх болсон нь тогтоогджээ. Өвчлөл 50:50 болов гэсэн үг. Үүнээс нэг гаргалгаа гарна. Уулаа уулаа гэхэд эмэгтэйчүүд, залуус, хүүхдүүд арай тэр архаг архидалтын түвшинд очтол уугаагүй байлгүй дээ. Тэгэхээр юунаас болов гэдэг асуудал гарч байгаа юм. Экологи энэ тэр мэдээж нөлөөтэй.

Гэхдээ нийтлэг нэг зүйл байгаа нь тодорхой болжээ. Тэр бол амьсгалдаг агаар, иддэг хоол, уудаг унд бөлгөө. Амьсгалдаг агаар нөлөөлж байгаа аваас зөвхөн Улаанбаатарынхан өвчилмөөр дөө. Тэгтэл бас тэгсэнгүй. Тэгэхээр л хоол хүнсэн дээр буугаад байгаа юм. Хоол, хүнс элгэнд нөлөөллөө гэхэд өвчлүүлэх магадлал 15-20 жил гэж мэргэжилтнүүд хэлжээ. Тэгвэл бид 15-20 жилийн өмнөөс ямар хоол, хүнс хэрэглэж эхэлсэн бэ? гэдэг ганц асуулт гарна. Тэр тодорхой шүү дээ. Хятадын гаралтай хүнс түлхүү хэрэглэж ирсэн мөчлөг яг таарч байгаа юм. Хорин жил хортой хүнс хэрэглэсний буюу хүнсний аюулгүй байдал алдагдаж эхэлсэнтэй холбоотой үүсдэг хавдрын он жилүүд эхэлжээ. “Хятадын хор идэж, ууж ирсний 20 жилийн ой” тохиож байна гэхэд хилсдэхгүй. Бид өмнөд хөршөөс хүнснийхээ 80 хувийг импортолдгийг та эрхбиш мэднэ биз дээ. Өөр ямар ч гарц, арга, бултах нүх байхгүй ээ. Гарах ганцхан гарцтай. Хятадын хүнснээс татгалзах, эко бүтээгдэхүүн хэрэглэх гээд уг нь их амархан, энгийн арга байгаа биз. Бид даанч чадахгүй л дээ. Бид больё гэвч төрийн бодлого маань түүнд богтлогдож орхижээ. Хятадаас л “юм” авахгүй бол болохоо байчихаж. Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч хавдартайгаа эвлэрэхээс яах билээ. Тэгэх албатай юм уу гэж үү? Тэгээд бид яах болж байна аа.
Г.Мөнхнасан (www.wikimon.mn)


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих