Б.Эрдэнэбилэгт: Хятадад төмс, хүнсний ногоо экспортлох чиглэлд хорио, цээрийн дэглэм тогтоох ёстой

Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын аюулгүй байдал гэдэг тухайн улсын үндэсний аюулгүй байдалтай зайлшгүй холбогддог чухал асуудал. Саяхан МХЕГ-ын дэд дарга Б.Эрдэнэбилэгт болон холбогдох албаны хүмүүс энэхүү асуудлын хүрээнд БНХАУ-ын Тьянжин хотноо газрын дарга нарын төвшний уулзалтад оролцоод иржээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн чухал уулзалтад оролцоод иржээ. Ямар ач холбогдолтой уулзалт болов?

-Монгол Улсын ҮХААЯ, БНХАУ- ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар /ЧХШХЦЕГ/ хоорондын 2009 онд байгуулсан “Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай” хэлэлцээрийн дагуу газрын даргын төвшний ажлын хэсгийг байгуулсан байдаг. Энэ хүрээнд уулзалт хийгээд ирлээ. Бид БНХАУ-ын талд дөрвөн үндсэн асуудал тавьсан. Тухайлбал, БНХАУ- аас үржлийн хонь, ямаа харилцан экспортлох үеийн мал эмнэлгийн хорио цээрийн нөхцөлийн асуудлаар ярьсан.

 

Манай тал илүү нугаламтай хонь болон Дорнодын чиглэлээр хиллэдэг нутгаас ашиг шим өндөртэй мал оруулж ирэх хүсэлтэй байна. Мөн БНХАУ-аас төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг хүнсэнд зориулан экспортлох талаар байгуулсан хорио цээрийн шалгалтын 2002 онд баталсан журмыг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Манай улс энэ жил хүнсний ногооны 70, төмсний 100 хувийг дотоодоос хангахаар байгаа. Тиймээс бид төмс, хүнсний ногоогоо экспортлох чиглэлд хандсан хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой. Үүнийг Хятадын тал судалж үзье гэсэн.

-Тэгэхээр манай тал Хятадад мах болон хүнсний ногоо экспортлоно гэсэн үг үү?

- Ер нь Хятадын тал элдэв өвчин гардаггүй, эрүүл бүс нутгаас салаа туурайтан малын мах авах сонирхолтой байдаг юм байна. Бид эхний ээлжинд ямар ч гэсэн хорио цээрийн дэглэмийг хоёр талдаа тохирьё, протокол байгуулъя гэдэг саналаа хэлсэн. Өөрөөр хэлбэл, хил хоорондын худалдааны горимд Дэлхийн худалдааны байгууллагын гаргасан хууль тогтоомж болон хоёр улсын Засгийн газрын хууль тогтоомжийн хүрээнд хорио цээрийн дэглэмийг харилцан тохиролцох нь чухал.

 

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээлэлд манай орныг эрүүл бүс гэж хүлээн зөвшөөрснийг урд хөршийнхөн хэлж байсан. Тиймээс манайхаас салаа туурайтай малын мах авахыг түр хугацаагаар хориглосон байсан хорио цээрээ цуцалж байгаад асуудлыг ярихаар болсон.
Түүнчлэн өмнө нь зөвхөн Замын-Үүдийн боомтоор хөдөө аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн гаргахаар тохирсон байсан. Бидний хувьд өөр боомтуудаар ч гаргах боломжтой гэж үзээд, хорио цээрийн дэглэмийн протоколд өөрчлөлт оруулахыг хүссэн.

 

Өөрөөр хэлбэл, Дорнодын Баянхошуу, Хавирга гэдэг хоёр боомтоор авто тээврийн хэрэгслээр ачсан улаанбуудай болон хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүн гаргах хорио цээрийн асуудлыг нэмэлт болгож оруулах чиглэл өгсөн юм. Хятадын тал үндсэндээ бидний тавьсан саналыг хүлээж авлаа. Түүнчлэн шүлхий болон бусад өвчин дэлхий нийтээр гахайнд тархах нь элбэг байдаг. Гэтэл урд хөршөөс манайд орж ирж буй гахайн маханд халдварт өвчний хяналт шалгалт хийгддэггүй юм байна. Үүнд өөрчлөлт оруулахыг хүссэн.

 

-Хятадын тал манай улсад шувуу, үхрийн мах экспортлох хүсэлт тавьсан гэж сонслоо. Энэ асуудлыг хэрхэн хүлээж авав?

-Урд хөрш манайд шувууны махны экспортоо нэмэгдүүлэх хүсэлт тавьсан. Манай улсад одоогоор шувууны махны импортыгхориглосон хорио цээрийн шийдвэр байдаггүй. Манайд нийлүүлж буй шувууны мах болон махан бүтээгдэхүүнээ тэд дэндүү бага байна гэсэн. Мөн манай улсад үхрийн мах экспортлох тухай санал тавилаа. Хятадад үхрийн шүлхий их гардаг учраас энэ бол эрсдэлтэй асуудал. Гэтэл Хятадын тал манайхыг үхрийн махны хоригоо цуцлахыг хүслээ. Ер нь бол урд хөрш манай эрүүл бүс нутгаас мах авах хүсэлтэй бол тэднийх ч адилхан эрүүл бүс нутгаа тогтоогоод, эрсдлийн үнэлгээ хийлгээд хамтарч ажиллах ёстой.

 

-Урд хөршөөс манай улс сүү, сүүн бүтээгдэхүүн авдаг. Энэ асуудлаар яриа хэлэлцээ хийгдэв үү?

-Тэднийх сүү,    сүүн бүтээгдэхүүнийхээ экспортыг ч бас нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа гэсэн. Бидний тавьж байгаа гол шаардлагын нэг бол тусгай тоноглогдсон хөргүүртэй машинаар хил дээр ирүүлэх юм. Урд хөршийн зарим үйлдвэрийн сүүний чанар муу байгаа талаар хэвлэлүүдээр олонтаа гарч байна. Тиймээс орж ирэх болгонд нь бид шинжилгээ хийж байгаа. Гэтэл Хятадын тал үүнийг хүндрэл учрууллаа гэж байна. Тэгээд биднийг сүү, сүүн бүтээгдэхүүнийг хоёр дахин шинжилдэг үйл ажиллагаагаа эргэж харах асуудал тавьсан. Мөн манай тал зориулалтын хөргүүртэй машинаар зөөлгөж байгаа нь олон улсын хүнсний тухай дүрмийн заалтыг зөрчиж байгаа хэрэг гэнэ. Үүнийг бас эргэж харахыг хүслээ. Бид эрсдэлийн үнэлгээг дахин хийе, харин тэднийг холбогдох мэдээллээр хангахыг хүссэн.

 
-Хятадаас орж ирдэг жимс жимсгэнэ улаан хачигтай байдаг. Энэ талаар хөндөж ярьсан байх?

-Манайхны авдаг үндсэн хүнсний бүтээгдэхүүн бол төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ. Тэгэхээр өмнөх хэлэлцээрийн баримт бичгийг зайлшгүй сайжруулах шаардлагатай байгаа юм. Манай улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан журамд гадаад, дотоод гэлтгүй тодорхой шалтгаанаар худалдаалахыг хориглосон заалтууд бий. Тиймээс тэр бүхнийг протоколд суулгаж өгөх шаардлагатай. Тухайлбал, өмнөх хэлэлцээрийн баримт бичигт манай улсад хачигтай алим нэвтрүүлэхгүй гэж тохироогүй.Тийм ч учраас хятадууд “Танайхтай байгуулсан гэрээнд хачигтай алим нэвтрүүлэхгүй гэсэн заалт байхгүй учраас бид буцааж авахгүй” гэдэг. Сүүлийн үед хилээр хачигтай алим ихээр орж ирж байгаа. Өөр ургамлын өвчтэй бараа бүгээгдэхүүн орж ирэхийг ч үгүйсгэхгүй.

М.Наранболд
Эх сурвалж:”Монголын Үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих