Алан хядагчид ИРАКИЙН ШОРОНГ эзэллээ

Есдүгээр сарын 28-ны шөнө Иракийн Тикрит хотын шоронг алан хядагчид эзэлсэн тухай France-Press мэдээлэв. Иракийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч довтолгооны үеэр шоронгийн хоёр харгалзагч амиа алдсан гэж мэдээлсэн боловч цагдаагийнхан дөрвөн харгалзагч, хоёр алан хядагч алагдсан гэжээ. Алан хядагчид шорон руу хэрхэн нэвтэрч орсон талаарх мэдээлэл зөрүүтэй байна.

Амиа золиослогч орох хаалгыг дэлбэлсний дараа дайрагчид шоронд нэвтэрсэн гэж нэг эх сурвалж мэдээлж буй бол цагдаагийн албаны эх сурвалж хоригдлууд харгалзагч, хорихын удирдлага нар луу дайрсны дараа алан хядагчид, шоронгийн хамгаалалтын албаныхны хооронд мөргөлдөөн үүссэн гэж байгаа юм. Үйл явдлыг нүдээр харсан гэрчүүдийн яриагаар бол дайрагчид шоронгийн хамгаалалтын ханыг дэлбэлснээр ойролцоогоор 100 орчим хоригдол (зарим мэдээгээр 200) зугтаж амжжээ. Бас нэг эх сурвалжид тэдгээрээс 33-ыг нь барьсан гэсэн байна.

Алан хядагчид хорих газар, харуулын цамхагийг үндсэнд нь бүрэн эзлээд байгаа бөгөөд цагдаагийнхан шоронг бүсэлж, Тикрит хотод хөл хорио зарлажээ. Иракт алан хядагчдын довтолгоо байнгын үзэгдэл болоод байна. Ялангуяа тус улсаас Америкийн цэрэг гарч явснаас хойш ийм үйлдэл эрс ихэсчээ. Довтолгооны энэ шинэ давал гаа долоодугаар сард “Исламын төрт Ирак” хэмээх “Аль Кайда”-тай холбоотой ажилладаг бүлэглэл одоогийн Засгийн газрын эсрэг “шинэ дайн” зарласнаас хойш хүчээ аваад байна. Зөвхөн 2012 оны наймдугаар сард л гэхэд алан хядагчдын дайралтын улмаас 278 хүн амиа алджээ.


URL:

Сэтгэгдэл бичих