Хот тохижилтын газрын автобааз өндөр үнэтэй автомашины сэгээр дүүрчээ

Нийслэлийн Хот тохижилтын газар 2008 онд “IZUSU” маркийн зам цэвэрлэж, чийглэх зориулалт бүхий арваад автомашин оруулж ирсэн байдаг. Тэдгээр цэвэрлэгч машинуудыг тухайн үеийн энэ байгууллагын удирдлагууд ашиглах боломжгүйг нь мэдээгүйн улмаас авчихснаа саяхныг хүртэл тайлагнаад авсан. Төсвийн мөнгийг хий дэмий үрэн байж авсан эдгээр зам арчилгааны зориулалттай автомашины нэг нь монгол мөнгөөр 70 сая төгрөгийн үнэтэй. Ингээд одоогоор 700 сая төгрөгийн үнэ бүхий ямар ч хэрэгцээгүй автомашинууд Нийслэлийн Хот тохижилтын газрын автобаазын хашаан дотор овоорчээ. Хаяхад хайран ч ашиглах гэхээр түүнийг ажилуулдаг нэг ч хүн монголд байдаггүй нь сонирхол татна. Товчхондоо Нийслэлийн Хот тохижилтын газрын автобааз өндөр үнэтэй автомашины сэгээр дүүрчээ.

Зарим нэгийг нь дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниудад өгсөн байдаг. Хачирхалтай нь улсын төсвөөр санхүүжиж, улсын хөрөнгөөр унааждаг ТҮК-иуд буцааж улсад автомашины ашигласны төлбөр төлөх нь бүү хэл, энгийн засвар ч хийлгэхгүйгээр эвдэрсэн автомашинаа буцаадаг буруу жишиг тогтоод хэдэн жилийн нүүр үзсэн гэнэ. Уг нь ТҮК-иудад болоод Нийслэлийн Хот тохижилтын газрын автобаазад байрлах эдгээр хэрэгцээгүй, өндөр үнэ бүхий автомашины үнээр хог тээвэрлэдэг арван ч машин авахад хүрэлцээтэй байж. Тэгсэн бол Улаанбаатар хотыг хур хогноос салгахад нэмэртэй байхгүй юу. Нийслэлийн Хот тохижилтын газрын ажилтнуудын ярьж байгаагаар “Зам цэвэрлэж, чийглэх зориулалттай автомашинуудын хэрэг наадмаар нэг гардаг аж. Ялангуяа Хүй долоон худаг дахь морины замыг ус цацаж чийглэхэд ашиглагддаг. Тухайн үед л дарга, цэрэггүй хөөцөлдсөний эцэст ганц, нэг удаа ажилуулж ид шидийг нь гайхдаг гэх. Бусдаар ч энэ автомашины ид шидийг үзэхгүй бололтой” гэв.

Энэ талаар Нийслэлийн Хот тохижилтын газрын Авто баазын дарга О.Лувсандагваас тодрууллаа.

-Танай автобаазын хашаанд байгаа зам цэвэрлэх машинуудыг хаанаас оруулж ирсэн бэ?

-БНХАУ-аас 2009 онд арваад ширхэг ” IZUSU ” маркийн зам цэвэрлэгч машин оруулж ирсэн. Тэдгээр цэвэрлэгч машинуудыг дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компанид тарааж өгсөн. Одоо манай баазад гурав байгаа.

-Ажилуулж чадахгүй байгаа нь ямар учиртай юм бэ?

-Эдгээр машинуудыг улсын үйлдвэрээс нь авчирсан гэсэн. Өмнөх дарга буюу н.Болд даргын үед орж ирсэн автомашинууд үүнтэй цуг Японы сүүлийн үеийн хогны машинуудыг ч оруулж ирсэн. Ер нь ашиглах боломжтой л доо.

-Тийм бол зам цэвэрлэгээний ажилд ашиглаж болоогүй юм уу?

-Манайх энэ машиныг ашиглахын тулд замыг Сүхбаатарын талбай шиг тэгшхэн толигор болгох хэрэгтэй. Манайх энд тэндээ овон товон нүх сүв нь ихэдсэн замтай. Дээрх хэлээд байгаа зам цэвэрлэгээний автомашинуудыг ажиллуулах аргагүй юм билээ.

-Яагаад?

-Бид нар Нарны зам дээр явуулж үзсэн. Гайгүйхэн тэгш газрын шороог сайн сорж, чийглээд цэвэрлэчих юм байна лээ. Тэгээд хонхор хэсэг нь тэр чигтээ, үлддэг юм байна.

-Тэгэхээр Монголын нөхцөлд тохиромжгүй автомашин гэсэн үг үү?

-Зам маань гөлгөр тэгш гадаргуутай болчихвол эдгээр автомашинуудыг ажиллуулж болох байх.

Э.ЭНХЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих