“Зуд нүүрлэхэд нохой зоолно” гэдэг дээ

Арлын орон руу манай иргэдийн сэтгэлийн хандав хөвөрсөөр байна. Саяхан мөн л багагүй хэмжээний мөнгө илгээж. Ер нь хүмүүний сэтгэлийн дэм гэдэг сайхан юм аа. Яг л манай сэтгүүлчдийн дунд одоогоор хит болоод байгаа “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг шиг. Угаасаа ийм хариу барихгүй байхын аргагүй гэдгийг төрийн тэргүүнээс эхлээд “төмөр” цэргүүд минь хүртэл хүлээн зөвшөөрч байгаа учир тусгаар тогтносон улсаас өдий зэргийг хаялга гаралгүй яах вэ. Дахиад ч эд материал, хөрөнгө мөнгөөр манайхан туслахад бэлэн тийм л байгаагаараа ард түмэн.
Гэтэл ийм сайхан сэтгэлтэй нөхдөөр дүүрсэн Монгол яагаад малаа, малчдаа, иргэдээ хуурдаг юм бол гэдгийг л гайхаад байх юм. Хамгийн ойрын жишээ л гэхэд өнгөрсөн онд 10 гаруй сая мал өвөлжилтийн байдал хүндэрснээс болж, ялзмаг болон ургамал тэтгэсэн билээ.
Энэ үеэр манайд мөн л олон улсын байгууллага болоод өмнөд хойд хөрш, байгалийн гамшгаас болж, байдгаа барчихаа алдсан арлын орон хүртэл тэнхлүүн байхдаа тусалж байсан удаатай. Үүнээс гадна өвс тэжээл, лаа шүдэнз, гурил будаа зэргийг хэд хэдэн таван ханатын дайтай овоолж өгсөн билээ.
Гэтэл манайхан энэ үед “Зуд нүүрлэхэд нохой зоолно, зовлон ирэхэд лам баяжина” гэдэг шиг увайгүй зан гаргаж байсныг бодохоор бүр гайхаад бардаггүй юм. Гайхаад байх ч юу байх вэ. Үнэндээ хандив гэсэн үг сонсохоор л манайхны увайгүй зан бодогдоод гэнэт уур хилэн хөдлөөд явчихдаг юм. Яаж арчаагүй царайлахаараа ядарсан малчдын туслаж, ЗИЛ-130 машины цувааг нутгийн зөвлөл гээч чулуун зүрхтнүүд халаасладаг байна аа. Бүр ичихгүй “Тэхийн зогсоол”-д хэвлэлийнхнийг дуудан, цэцэг навч шиг эрээн лоозон барьж, өвс,  “Яаран явалгүй бол горьгүй, ганц цагийн өмнө ч гэсэн муусайн малчид дээрээ очлоо” гээд бараг л хоолой зангируулан хотоос гарсан хэдий ч Эмээлт өнгөрөөд л чиглэлээ өөрчилсөн гэдэг билээ. Үүнээс өөр олон удаа ийм үйлдэл гарсныг тухайн үед шивэр авар хийгээд ярьцгаадаг л байсан.
Гэтэл ийм хүмүүс одоо Наран улсын хувь заяанд сэтгэл зовнин, нэг төгрөг байсан ч хамаагүй өгөхийг уриалан нэг ёсондоо компанит ажил зохион байгуулаад байгаа. Энэ “сайхан сэтгэлийн аян” ч үр өгөөжөө өгч, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчид нэг өдрийн цалин болох 19.316.334 сая төгрөг, “Эрдэнэт үйлдвэр” 350 сая, “Хас банк” нийт ажиллагсдынхаа нэг өдрийн цалин болох 21 сая төгрөгийг хандивын санд хуримтлуулаад байгаа. Үүгээр ч барахгүй аж ахуй нэгжүүд, албан байгууллага, их, дээд бага дунд сургууль гээд тоо томшгүй олон хүн энэ данс руу төгрөгөөр цацал өргөсөн юм. Харин энэ бүхний хариуд урамгүй ч гэмээр юм уу урмын бус хариултыг япончууд өгсөн юм.
Тэд “Бид гаднаас тусламж авахгүйгээр ард иргэдтэйгээ хамт энэ бүхнийг гэтлэн, хүний аминаас бусдыг нь бий болгоно. Та бүхэн бидэнд мөнгөн хандив өргөсөнд маш их баярлалаа. Гэхдээ бид заавал буцааж өнгө” хэмээсэн. Энэ үг зарим хүний бодож байгаа шиг бидний сайхан сэтгэлийг хүндлээгүй гэсэн ойлголт биш л дээ. Харин ч тэд өөрсдөө хүнд тусалж чаддаг шигээ бусдын тусыг бага гэлтгүй дээдэлдэг байж таарна. За тэгээд ч энэ мэт дэмий зүйлийг бодож байсны оронд харийн тусламжаар халаасаа дүүргэдэг, сайхан сэтгэлийн өглөгийг өмч болгож хувьдаа завших арга ухаанд нэвтэрсэн дотоодын том толгойтнуудаас л болгоомжлохсон. Юмыг яаж мэдэх билээ. Яагаав “Зуд нүүрлэхэд нохой зоолно, зовлон ирэхэд лам баяжина” гэдэг монгол үг бий шүү дээ.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.