Н. Алтанхуягийн эргэн тойронд “Алтан загас”-ны эмгэнүүд

Засаг төвхнүүлсэн Алтанхуягийн багийнхан  үхрийн бөөр шиг эрээвэр хураавар, хусмаа чамласан хүүхдүүд шиг  гомдомтгой, хэлсэн ярьсандаа тун барьцгүй  байна. Ая эвийг нь олох гэж Алтанхуяг аргадаж нэг, аашилж нэг үзэж, эв түнжингүй өрхийн тэргүүн шиг  үсээ үгтээж, үгээ барахаас наахнуур байна.
“Шударга ёс” эвслийн дээрх завсарлага наанаа сонгуулийн хуулийг бүлгийн хэмжээнд нягталж үзнэ гэсэн ажил хэрэгч шалтгаантайтай ч, цаанаа бол мөнөөх л албан тушаалын хуваарилалтад тавьж байгаа ацаг хэмээн харагдаж байна.  Анхнаасаа л тэд хуваарилалт нь шог байна хэмээн хошуу цорвойлгож, гарах орохоороо айлгасаар ирсэн юм чинь. Энэ завсарлага үүнийх нь үргэлжлэл зүсээ хувиргаад байгаа нь энэ биз.
Хоёр хоногийн өмнө ИЗНН Засгийн газраас гарах дээрээ тулаад эргэв. Сонгуульд ганц ч суудал аваагүй ИЗНН-ынхныг намын жагсаалт гэдэг юм ивээж,  зүгээр сууж байгаад  парламентын хоёр суудлаар хишиг хүртчихсэн. Бас болоогүй Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын суудалд эзэн суучихаад байгаа. Гэвч үүнийгээ чамлахаас чан­га барьсангүй. Дэд сайдын сууд­лаар ахиухан зүсэм хүртэх гэж хөөрхий Алтанхуягт нээнтэг үзүүлж байгаа нь энэ байх. Албан тушаалын бялуунаас ахиухан хүртэх гэсэн иймэрхүү гоморхол, тунирхал ард түмэнд бол инээдэмтэйгээсээ илүүтэй эмгэнэлтэй харагддаг. Монголын улс төрд стандарт болж хэвшсэн ам барих шалгарсан арга нь албан тушаалаар шагнах байсан. Ардчилсан засгийн үед ч энэ “стандарт” уламжлагдах шинжтэй. Алтанхуягийн эргэн тойронд “Алтан загас”-ны эмгэн шиг даврагсад албан тушаал горилон алгаа тосон сууж байна. Алтанхуягийг барьц алдуулж мэдэх шалтгаан нь энэ эвссэн нөхдийнх нь албан тушаалын улангасал байж мэднэ.
Эвссэн нь олон юм болохоор  хошуу цорвойх нь бас төдий чинээ. Сонголт нь тийм болж таарсан. Урьдын хийсэн үйлийн эрхээр Алтанхуяг Ардын намтай дахиад эвсэх улаан нүүргүй болчихсон болохоор өөр сонголт түүнд байсангүй. Ханилж яваад хаалга саван гарч оддог, үхрийн сүүлэн дээр хутга хугалдаг зан нь эргээд толгой дээр нь чулуу болон бууж буй нь энэ.  Одоо дэд сайдуудын томилгоо гэж  дээр дооргүй бужигнаж байна.  Энэ мэт цаашдын  хуваарилалт, томилгоо эвсэгчдийн будаггүй дүр төрхийг эргэн нэг харуулж, эвдрэл, эвлэрлийн торгон заагийг тодотгож өгөх байх.


URL:

Сэтгэгдэл бичих