2012 ОНД ЯМАР СОНГУУЛЬ БОЛОХ ВЭ?

Улс төрийн сонгууль гэдэг нь та өөрийн итгэсэн нэр дэвшигчид саналаа өгч буй хэрэг. Харин, таны итгэж өгсөн санал түүнд, биш өөр хэн нэгэнд зориулан тоологдсон бол энэ нь таны хувьд “сонгууль” биш. 2008 оны парламентын сонгуулиар олон тойрог, хэсэгт маш олон сонгогчийн санал тэдний итгэсэн нэр дэвшигчид очоогүй юм. Иймд, 2008 онд олон тойрог, хэсэгт үнэн хэрэгтээ “сонгууль” болсонгүй. Үүнд бухимдсан иргэд 7 сарын 1-нд нийслэл хотын төвд цуглав. Харин, тэр үед 5 иргэн цагдаад буудуулан амиа алджээ. Энэ ноцтой явдлын дараа олонх, цөөнхийн суудал авсан хоёр нам парламентыг яаран хаалттай хуралдуулж, улмаар эвсэн засгийн эрх барихаар тохирсон ба албан тушаалуудыг хувааж авав. Энэ нь Монголд парламентат ёс төдийгүй, үндсэн хуулиас гадуур засгийн газар байгуулсан анхны тохиолдол байлаа.

Албан тушаал хувааж авсан хоёр нам юун түрүүнд Монголын хамгийн том ашигт малтмалын ордыг онилов. Эвсэгчид “хамгийн гол нь энэ ордыг л эргэлтэнд оруулж, ард түмнээ хөрөнгөжүүлэх гэж бид хамтарсан юм” гэж мэдэгдэв. Харин, тэдний энэ ажлыг иргэд олон талаас нь шүүмжилж байлаа. Тэдний хариуцлагагүйн наад захын жишээ ус. Эрдэмтэд Монгол усны нөөц бага төдийгүй, гүний ус түүний дөнгөж 10 хувийг эзэлдэг, одоо зарим нутаг усны хомсдолтой гэж анхааруулдаг. Гэтэл, говийн хөрсөн доор хэдэн сая жилийн турш арайхийн бүрэлдэн бий болсон олон сая тонн усны нөөцийг гадны компанид зүгээр өгчихөв. Уг нь, гэрт амьдардаг монгол хүн 100 литр усыг 100-500 төгрөгөөр худалдаж авдаг. Харин, нөгөө компани усыг шавхаж дуусвал уудам говийн хөрсөнд усны нөөц дахин хайх ба ус илэрвэл түүнд хэн ч хүрэх эрхгүй. Усны дээр амьдрах нутгийн ардыг харж үзэж болно. Гэхдээ, заавал харж үзэх албагүй. Тэд ийм гэрээг 30 жилийн хугацаатай байгуулав.

Гэвч, эвсэгчдийн ажил тэдний эхэндээ мэдэгдэж байсан шиг хамгийн том ордоор зогссонгүй. Тэд Монгол орны ашигт малтмалын бусад ордуудыг ч том, жижиг гэлтгүй хараандаа авав. Тэдний хийж буй зүйлийн жишээ. Мэдээллийн мөрөөр хөөвөл, тэд одоо Хөвсгөлийн Могойн голд буй 250 (300 ч гэдэг) сая тонн маш сайн чанарын нүүрсний нөөцтэй том ордыг цахилгаан станц байгуулах нэрээр Хятадын компанид эзэмшүүлэхээр зүтгэж байна. Гэрээг үзье гэхээр сайд нь үүнийг нуудаг. Яг одоо хийх гэж буй зүйлийн бас нэг жишээ. Тэд усны нөөцийн сав газарт 200-аад ашигт малтмалын орд хайх, олборлох ажлыг түргэвчлэхээр яарч байна. Гэхдээ, энэ нь хууль зөрчиж байгаа тул саад болж буй хуулийг өөрчлүүлэх болно гэдгээ тэд мэдэгдэв. Одоо Монголын нийт нутгийн 60 хувьд их хэмжээний газар шороо уул, устайгаа лицензийн эзэдийн мэдэлд очжээ. Байгалийн бохирдол хяналтгүй болж, хүний амьд явах эрх баталгаагүй болов. Хэдхэн жилийн өмнө, аянчин хүн тааралдсан булаг шанд, голоос ундаалаад морддог байлаа. Харин одоо энэ яриа болон үлджээ.

Эрх баригчид ашигт малтмалаа бусдын мэдэлд өгөөд зогссонгүй. Тэд Монголын газар тариалангийн нутгийг ч гадныханд мэдүүлж эхлэв. Саяхны жишээ. Жилийн өмнө Түндэмүн сауны солонгос эзэд Дорнод аймагт Халх голын бүс нутгийг хөгжүүлэх төсөл нэрээр 170.000 га газар түрээсэлж авах шийдвэр гаргуулчихсан явж байв. Гэтэл, хэдхэн хоногийн өмнө солонгосчууд загвар аж ахуй хөгжүүлэх төсөл нэрээр Дорнодын Халх голын савд 270.000 га газар мэдэж ашиглахаар боллоо. Монголчуудын буудай тариалдаг нийт талбай 300.000 орчим га. Тэгвэл, бараг ийм хэмжээний газар солонгосчуудын мэдэлд очжээ.

Гэрээгээ ил гаргадаггүй эвсэгчид солонгосчууд бидний ашиглахгүй байгаа энэ газарт сая сая доллараар бороо оруулж, тэнд хөгжлийн загвар бий болно гэж сурталчлав. Харин, бодит байдал гунигтай. Монголчуудын ашиглаж буй тариалангийн талбайн үржил шим барагдаж буй энэ үед Халх голын сав бидэнд үлдсэн тариалангийн ганц бүс болоод байжээ. Үүнийг солонгосчууд мэдэж ашиглахаар боллоо. Өмнөд Солонгосын төрөөс явуулж буй ядуу орнуудад удаан хугацаагаар газар эзэмших бодлого хэрэгжиж байгаа хэрэг. Яагаад гэвэл, хүнээр баян дэлхийд хүнсний хомсдол нүүрлэсэн төдийгүй, удахгүй хүнс хамгийн үнэтэй зүйл болно. Хүнс ямар чухалын жишээ. Хүнсний үнэ нэмэгдсэн нь Ойрхи Дорнодын хувьсгалд түлхэц болов. Гэхдээ, үйл явдал Ойрхи Дорнодоор ч зогссонгүй. Хятадад иргэд нь “бидэнд хоол хэрэгтэй” гэсэн уриа барин жагсаж эхэлжээ.

Ядуу орнуудад газар түрээслэх, ашиглах ийм бодлогыг дэлхий нийтээр “шинэ колоничлол” гэж нэрлэн анхааруулж байна. Тийм бол, Халх голд хөгжлийн биш, колоничлолын загвар бий болох нь. Гэтэл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, улсын ерөнхийлөгч нь Монголд тарьсан хүнсээр гадны улсыг хангах маш сайхан төсөл болох нь гэж мэдэгдэв. Тэр бол улс орны хүнсний баталгаа, үндэсний аюулгүй байдалд хамгийн их санаа зовох ёстой хүн юм. Энэ төслийг даруй зогсоох ёстой.

Эвсэгчдийн нүдэнд харагдтал хийсэн ажил энэ мэт л байна. Харин, тэд ард түмний хамгийн тулгамдсан асуудалд санаа зовсонгүй. Ихэнх хүмүүс ядуурах зуур хөрөнгө баялгийн 95 хувь нийт хүн амын 5 хувийн мэдэлд очжээ. Шударга ёс ч бэхжсэнгүй. Авилга, хүний наймаа гэх мэт онц ноцтой гэмт хэргүүд замаа алдав. Хөгийн жишээ. Хууль болохгүй байна гэж иргэд хэлэхээр хууль зүйн сайд нь намайг байсан цагт энийг ярихгүй шүү гэж шүд зууна. Байгаль сүйрч, хүмүүсийн эрүүл мэнд их муудав. Эмнэлгийг хөсөр хаяжээ. Захын жишээ. Хорт хавдартай хүн эмнэлэгт эмчлүүлэх гэж сараар хүлээдэг. Энэ хооронд хавдар нь газар авчихна. Харин, том дарга нар ажлаа орхиод гадаадад олон мянган доллараар сувилуулах нь жирийн ард Улаанбаатарт ирж эмнэлэгт үзүүлэхээс хэд дахин хялбар болжээ. Салбар бүрт энэ мэт хариуцлагагүй байдал, авилга ноёрхов.

Эвсэгчдийн эрх барих хугацаа дуусах ойртлоо. 2012 он сонгуулийн жил. Харин, тэд засгийн эрхээс буух бодолгүй байна. Тэд сонгуулийн хуулийг шинэчилсэнгүй. 2008 оны 7 сарын 1-ээс хойш бараг 3 жил өнгөрөв. Хугацаа байсан ч тэд үүнийг хийсэнгүй ээ! Харин, тэд өөрсдөө дахин сонгогдох тухай бодож 3 жил тархиа гашилгаж өнгөрөөв. Тэд хувь тэнцүүлсэн, эсвэл холимог хувилбар, санал машинаар тоолох гэх мэтийн улиг болсон сэдвээрээ маргалдсаар. Яг үнэндээ, сонгогчийн санал итгэсэн нэр дэвшигчид нь очихгүй л бол аль нь ч ялгаагүй. Машиныг ч хүн програмчилдаг юм болохоор санал хулгайлахдаа хүрвэл энэ нь бүр амар.

Сонгууль хүртэл 1 жилийн л хугацаа байна. Сонгууль болохоос 6 сарын өмнө хуулийг өөрчилдөггүй ёстой. Үүнийг тооцвол, хуулиудаа шинэчлэхэд 6 сарын хугацаа үлджээ. Судлаачын хувиар хэлэхэд, одоо иргэдийн санал итгэсэн нэр дэвшигчид нь зориулан тоологддог тийм “сонгууль”-ийн боловсронгуй хууль гаргах бололцоо тун бага болов. Уг нь, ийм чухал хууль эрдэмтэд судлаачдын ухаанаар хоёр жилээр ч тогтохгүй хугацааны судалгаа шинжилгээ, олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүнд л бий болох ёстой л доо.

Харин, сүүлийн үед тэд сонгуулийг хуучнаар нь сурсан аргаараа явуулахаар ярилцаж байна гэж дуулдав. Зарим нь сонгогчдод мөнгө барин золгож эхэлжээ. Үүний зэрэгцээ, тэд өөртөө ашигтай хувилбарыг палхийтэл баталж ч магадгүй гэж бас сонсдов. Бүр, засгийн эрх барих хугацааг 6 жил болгоё гэсэн яриа ч гарсан гэнэ. Ямар ч байсан, одоо тэд өөрсдийг нь шүүмжлэн тэмцвэл эрүүгийн гэмт хэрэгтэн болгох хууль батлахаар бэлдэж байна. Хууль гарвал ийм өгүүлэл ч бичих эрхгүй. Магадгүй, ирэх жил 5 бүү хэл 500 иргэний амь ч засгийн эрхэнд гарахад нь тэдэнд саад болохгүй. Яагаад гэвэл, тэдний булхайг шүүмжлэн жагсагчид тэр хуулиар эрүүгийн гэм хэрэгтэн гэж шууд тооцогдох болно.

Өнөөгийн төрийн эрх атгагчид өөрсдийгөө Монголын ирээдүй гэж төсөөлж байна. Энэ байдлаар ард түмнийг цаашид ч удаан удирдана гэдэгтээ тэд дэндүү итгэн барджээ. Тэд үүгээрээ Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубарактай тун төстэй. Египет орныг олон жил удирдахдаа сөрөг хүчнээ үгүй хийсэн Мубарак 2011 онд явуулах байсан сонгуулиар өөрөө дэвших, эсвэл өөрийн хүүгээ ерөнхийлөгч болгоод эрх мэдлийг өөрийн гэр бүлд үлдээнэ гэж тооцож байсан юм.

Жич: Эрх баригчид 2012 онд Үндсэн хуульд заасан хугацаанд парламентын сонгууль явуулна гэдгийг үгүйсгээгүй болно. Харин, сонгогч бүрийн санал тэдний сонгосон нэр дэвшигчид зориулан тоологддог сонгуулийг “сонгууль” гэж хашилтанд бичив.

Судлаач Е.Өвбилэг

Эх сурвалж www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.