Г.Алтангийн “Бөмбөгөр”-ийн түүх давтагдах вий дээ

Монголын санхүүгийн салбарын 95 хувийг банк эзэлдэг. Тэгвэл цагтаа «Алтжин» компанийн захирлын албыг хашиж явсан Г.Алтан хатагтай тун удахгүй Монголын банк санхүүгийн салбарт цахиур хагалах гэнэ. Түүний шинэ бизнес нь хүссэн бүр өөрийн болгож чаддаггүй, мөнгөний авдар хэмээх «банк» юм гэсэн. Хатагтай Г.Алтан шинээр мэндлэх гэж буй банкандаа «Бүтээн байгуулалтын банк» гэсэн нэр хайрлаж байгаа аж. Тэрбээр бүтээн байгуулах их үйлсэд тун дуртай гэдгээ үүгээрээ илэрхийлэхийг оролджээ.

Хамгийн гол нь эрхэм хатагтайн бүтээн байгуулалт нь одоогоос зургаан жилийн өмнө шатаж, олон мянган хүний амьдралыг үнс болгон хувиргасан. Тодруулбал, «Бөмбөгөр» худалдааны төв шатаж, түрээслэгчид нь хоосорсон юм. Мэдээж тэдгээрийн хохирлыг Г.Алтан хариуцаж, барагдуулах ёстой атал тас гүрийсээр олон жил өнгөрлөө. Нэг хэсэг Монголын бизнесийн салбарт Г.Алтан хэмээх нэр сонсогдолгүй, хааяахан үнэт зүйлийнхээ цуглуулгаар олны анхаарлыг татчихаад л явж байсан.

Харин одоо гэнэтхэн «Г.Алтан банк байгуулах гэнэ» гэсэн мэдээлэл гарч, хуурай өвсөнд ассан түймэр шиг тархах нь тэр. Баргийн аавын хүү оролдохоосоо эмээдэг энэ салбар хатагтайн санаанд багтсаныг бодвол халаасанд нь чамгүй их юм бий бололтой. Саяхан л юу ч үгүй хоосорсон учраас хохирол барагдуулж чадахгүй гээд өмөлзөж байсан тэрбээр аргагүй чулуун зүрхтэй нэгэн аж.

Банк байгуулах ажилд мөнгө их орно, өнөөгийн байдалд тулгуурлан бодоход эхний ээлжинд дор хаяж 20 тэрбум төгрөг шаардлагатай. Тухайлбал, өнгөрсөн онд «Хөгжлийн банк»-ийг байгуулахдаа 16 тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулж байсан. 2008 онд эдийн засгийн хямрал эхлэх үед арилжааны банкууд найман тэрбум төгрөгийн дүрмийн сантай байсан. Дүрмийн санг Монголбанкнаас хоёр дахин нэмэгдүүлж байсан түүхтэй.

Тэгэхээр Г.Алтан хатагтай банк байгуулах тэр их хэмжээний мөнгийг яаж олох мөн Монголбанкны өндөр шалгууртай босгыг хэрхэн давах гэж байгаа нь тун ч сонин. Ер нь шинээр банк байгууллаа гэхэд Монголбанкнаас дүрмийн сангийн гарал үүслийг нь нягталж шалгадаг гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн хүний мөнгө ямар шугамаар хаанаас орж ирсэн талаар шалгалт явуулдаг гэсэн үг. Тэгэхээр Г.Алтан хатагтай өөрийн бүтээн байгуулах гэж буй банкныхаа дүрмийн сангийн мөнгөнийхөө эх үүсвэрийг яаж тайлбарлах вэ гэдэг нь наадмын түрүү бөхийн таавраас илүү сонирхолтой зүйл ч болж Монголын тэрбумтан гэж нэрлэгддэг «Ажнай» группийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хүртэл банк байгуулах гээд шалгуурыг нь давж чадаагүйг өдгөө хүн бүхэн мэднэ.

Энэ бүхний эцэст Г.Алтан хатагтай 16 тэрбум төгрөгийн баталгаа гаргаж, Монголбанканд банк байгуулах хүсэлтээ илэрхийлэх нь тодорхой. Мөн түүнийг хөл алдан бачуурч байхад нь хамгийн их тусалж дэмждэг байсан Ц.Нямдорж гишүүн ч энэ удаа гараа сунгах нь тодорхой гэж ярих хүмүүс ч байсан юм.

Эдийн засгийн хямдрал айсуй энэ үед дахин нэг банк байгуулагдаж байгаа нь сайшаалтай ч «Бөмбөгөрийн түүх» давтагдаж, олон хүний амьдралыГ орвонгоор нь эргүүлэх вий дээ. Сониноос «Алтжин»-гийн Г.Алтан банк байгуулах гэнэ гэсэн сургаар түүнийг олон хүн эрж сурж байгаа сурагтай.

Р.Саруул

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих