Б.Энхбаяр: Засгийн газар парламентын дээд талд нь гарчихаад байна

Төрийн алба хаагчдын холбооны тэргүүн Б.Энхбаяртай эл салбарт үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Төрийн албаны зөвлөлөөс УИХ-д албан бичиг хүргүүлсэн гэж сонслоо. Танай холбоо энэ талаар ямар нэг мэдээлэл авч чадав уу. УИХ-ын даргад хүргүүлсэн мэдэгдэлд ямар асуудал тусгагдсан юм бол?

-Одоогоос сар гаруйн өмнө Төрийн албан хаагчдын холбооноос Засгийн газар болон Төрийн албаны зөвлөлд хандаж ил захидал хүргүүлсэн юм. Энэхүү захидалд төрийн албаны шинэтгэлийн тал дээр ямар зарчим баримталж байгааг олон нийтэд ил танилцуулана уу гэсэн саналыг Засгийн газарт тавьсан. УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар хууль зөрчин төрийн албан хаагчдыг хоморголон халсан, дураараа сольсон зэрэгт байр сууриа илэрхийлээч гэсэн хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Засгийн газар бидний илгээсэн ил захидал болон долоо хоногийн өмнөх шаардлагад ямар нэгэн хариу өгөөгүй. Харин хууль зөрчсөн томилгоо явуулж байгаа талаар Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газарт хэд хэдэн удаа хандсан боловч бас л хариу өгөхгүй явсаар өдийг хүрлээ. Төрийн жинхэнэ албанд орохын тулд сонгон шалгаруултад орж, мэргэшлийн шалгалт өгсөн, төрийн албан хаагчдын нөөцөд байгаа хүнийг томилох тухай хууль тогтоомжийг зөрчөөд огт шалгалт өгөөгүй, сонгон шалгаруулалт явуулаагүй хүнийг албан тушаалд томилдог журам Засгийн газар өөрөө батлаад, тэрнийхээ дагуу төрийн албан хаагчдыг хоморголон халж, сольж байна л даа. Засгийн газар энэхүү хууль зөрчиж байгаа үйлдлээ зөвтгөж, өөрсдийгөө өмгөөлсөн байдалтай байгаа учир Төрийн албаны зөвлөл УИХ-д хандсан юм шиг байна. Энэ мэдэгдэлд, Засгийн газар нь төрийн албаны хууль тогтоомжийг зөрчиж, УИХ-аас баталсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах тухай хууль тогтоомжыг зөрчиж, шийдвэр тогтоол гаргасан байгааг шүүмжилсэн байна лээ. Удирдах албан тушаал дээр ямар нэг сонгон шалгаруулалт хийлгүйгээр, ямар нэг өрсөлдөөнгүйгээр, түр орлон гүйцэтгэгч нэрийн дор томилгоо явуулж байгаа нь буруу гэсэн асуудлыг УИХ-ын дарга З.Энхболдод тавьсан байна. Ийм эрх зүйн зөрчил, доголдолтой байдлыг Засгийн газар өөрөө арилгахыг хүсэхгүй байгаа бол Үндсэн хуульд заасны дагуу УИХ бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын үйл ажиллагааг хянах ёстой. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Төрийн албаны зөвлөл хамтарч хяналт, шалгалт хийж болно.

-Төрийн албаны зөвлөлтэй хамтарч хяналт шалгалт явуулна гэхээр хэрхэн шалгах вэ?

-Хийгдсэн томилгоо нэг бүрчлэнтэй танилцаж, яг хуулийн дагуу сонгон шалгаруулалт хийгээд, шалгалт аваад өрсөлдөөний журмаар томилогдсон байна уу үгүй юу гэдгийг нь шалгана. Энэ бол УИХ Засгийн газраа хянах ёстой энгийн л зарчим. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан эдгээр санал санаачлагыг Төрийн албан хаагчдын холбоо дэмжиж байгаа.

-Төрийн албаны зөвлөл гэдэг нь ямар статус, чиг үүрэгтэй байгууллага юм бэ?

-          -Засгийн газраас хараат бус, УИХ-аас зургаан жилийн хугацаатай байгуулагддаг. Төрийн жинхэнэ албаны бодлого үйл ажиллагаа буюу өөрөөр хэлбэл, хар хайрцагны бодлогыг тодорхойлдог, улс төрийн нам эвсэл, сонгуультай ямар ч холбогдолгүй тийм байгууллага. Төрийн ажлын стандартыг мөрдүүлэх, тогтвортой байдлыг хангах чиг үүрэгтэй. Орон тооны гурван гишүүнийг нь УИХ-аас томилдог. Мэргэшсэн, төрийн албан хаагчид хараат бусаар ажиллах ёстой. Төрийн албыг улс төрөөс хол ангид байлгах ёстой хана хэрэм гэсэн утгаар ажиллах ёстой байдаг.

-          -Та энэ албан бичгээс ямар үр дүн хүлээж байна вэ?

-          -Засгийн газрын үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхийг УИХ хянаж, шалгах ёстой. Хууль зөрчсөн байвал УИХ нь Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгодог. Одоогийн Засгийн газар бол УИХ-ынхнаа дээр гарчихсан байна л даа. 80 хувь нь УИХ-ын гишүүд болоод, парламентад сууж байгаад өөрсдийнхөө дураар асуудлыг шийдвэрлэх боломжтой ийм нөхцөл байдалтай байгаа. Ингээд улс төрийн хяналтын тогтоцлоо гэж зүйл байхгүй болчихоод байгаа юм. Төрийн албаны зөвлөлөөс УИХ-ын даргад хандсан энэ асуудал ямар үр нөлөө үзүүлэхээс УИХ нь Засгийн газраа захирч чадаж байгаа эсэхийг,  Монголын улс төр зөв хяналтын тогтолцоотой байгаа эсэхийг харж болно. УИХ нь Засгийн газрынхаа толгойг илээд өнгөрөх нь үү, эсвэл хууль ёсныхоо дагуу хяналт шалгалтаа хийж чадах нь уу гэсэн зам л байна. Үнэхээр тэдний хэлдэгчлэн Монголын хууль хэнд ч алагчлалгүй үйлчлэх ёстой юм бол ах дүү, хамаатан садан нь томилгоон дунд байлаа ч гэсэн хуулийн дагуу хянаад шалгах ёстой. УИХ Засгийн газрыг өөхшүүлсэн байдалтай, эсвэл Төрийн албаны зөвлөлөөс гаргасан албан бичгийг үл анзаарсан байдалтай хандвал дараа дараагийн алхам бидний өмнө нээлттэй байна.

-          -Н.Алтанхуягийн хүргэн, Х.Тэмүүжингийн дүү гээд л олон ах дүү нар томилогдсон. Тйимээс УИХ нь энэ асуудлыг зүгээр тоохгүй өнгөрөөчихвөл дараагийн алхам байх уу?

-          -Тухайн тохиолдол бүрт нь хуулийн тодорхой заалтууд байгаа. Төрийн албаны зөвлөлийн мэдэгдэлд бас нэг чухал зүйл байгаа нь Авлигатай тэмцэх газраас төрийн албаны зөвлөлд хандсан юм билээ. Засгийн газар олон томилгоо, халаа солио хийсэн. Гэхдээ өмнөх УИХ баталсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн дагуу төрийн албан хаагчид ашиг сонирхлын мэдүүлэг бөглөж өгөх ёстой. Миний албан тушаалтай холбоотой ах дүү, хамаатан байхгүй, энэ салбартай холбоотой хувийн бизнес байхгүй гэсэн тийм мэдүүлгээ өгөөд АТГ-аас түүнийг нь шалгаж үзээд зөрчил байхгүй бол зөвшөөрөл өгөх ёстой юм байна лээ. Гэтэл шинээр томилогдсон албан тушаалтнууд одоог хүртэл мэдүүлгээ бөглөж өгөхгүй, хуулиас гадуур ажилласаар байгаа юм байна. Хамгийн их яриад байсан ашиг сонирхлын зөрчлийн хуулиа зөрчөөд, АТГ-аар ч шалгуулахгүй хуулиас гадуур ажиллаад, нэмж томилгоо хийгээд л байна. Энэ асуудлыг АТГ төрийн албаны зөвлөл хоёр хамтарч Засгийн газарт тавьж байгаа. Засгийн газар, УИХ сүүлийн үед их ярьж байгаа. Нээлттэй, алагчлалгүй, шударга байна гэх мэтээр. Гэтэл хэрэг дээрээ төрийн албаны удирдах албан тушаалтнуудыг томилохдоо хамгийн хаалттай, учир битүүлэг, гэр бүлсэг байдлаар хандаад томилоод байна. Авлигатай тэмцэнэ гэж ярьдаг хэрнээ АТГ-ыг анзаарахгүй ажиллаад байна. Ийм байдал үргэлжлээд байвал Засгийн газар, УИХ-ын чадамжтай холбоотой асуудал яригдана. Өөрсдөө хууль тогтоох, хууль мөрдүүлэх ёстой байгууллага байтал өөрсдөө зөрчөөд, хуулиас гадуур ажиллаад байна. Тиймээс ард иргэддээ хууль мөрддөг үлгэрлэл үзүүлж, Засгийн газрыг УИХ нь хянаж чадаж байгаагаа харуулж, авлигатай тэмцэх ашиг сонирхлын зөрчилгүй ажиллаж байна гэдгээ нэн даруй анхааралдаа авч асуудлыг шийдвэрлэнэ байх гэж найдаж байна.

О.ЭНХМАА
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих