Малайзад амьдарч, сурч байгаа Монголчууд өөрсдийгөө Солонгос, Оросын буриад гэж хэлдэг болжээ

1994 оны хавар. ГХЯ-ны дэд сайд Ж.Чойнхор Ерөнхий сайдын бие төлөөлөгчөөр АСЕАН-ы зарим орнуудад айлчлахдаа Монголын талыг хүлээж авахгүй гэсээр байхад нь Индонез нөхдөөр нөлөөлүүлэн Малайзад очсоноор хоёр орны харилцаа нээгдэж, улмаар иргэдээ харилцан визгүй зорчуулах гэрээнд хүрсэн.

Хоёрхон хөрштэй жижиг орон холын андтай болъё, арга нь олдвол АПЕК-д элсчих бодолтой байсан биз. Ерөнхий сайд П.Жасрай Малайзад айлчилж, бүх “үүц” нь хөрсөн дороо, хэмжээлшгүй баялагтай Монголын тухай сонсоод, тэдний хорхойг хүргэсэн нь ойлгомжтой. Удалгүй Малайзын Ерөнхий сайд Махадир манайд зочилсон. Ингэж олон талын хэлэлцээр, эдийн засгийн ажиллагаа эхэлж “Монсоник” анхны хамтарсан пүүс байгуулж, араас нь цөөнгүй нөхөд дагалдсан.

Модоо барьж байсан 1990-ээд оны дундуур эрх мэдэлтэй нь социализмын материал техникийн баазыг хувьчлал нэрээр хуваан цохиж байхад, амьдрахын эрхээр ард түмэн хаа сайгүй явцгааж “гахай” чирч “нохой” болж, харийн оронд боолын хөдөлмөрт зүтгэсээр өнөөдөртэй золгосон билээ. Тэр хүнд жилүүдэд ард түмэн төрөөс юу ч гуйгаагүй чадах чинээгээрээ зүтгэсээр ирсэн. Түйвээн болоход түймэр авалцаж том жижиг түмэн амьтан хүчин мөхөсдөж хэлмэгддэгийн адил өөрчлөлт шинэчлэл гэгч зүйл гэнэт “өрнөдөөс” өвсний түймэр шиг авалцсан тэр үед бүгд л ахуйн болон сэтгэлийн бэлтгэлгүй байсан. Тэдний л нэг нь мөхөс “манам” гэр бүл байлаа. Эл давалгаанд олон монголчууд нэрвэгдсэний нэг нь миний охин Алтантуяа болсон.

Дээр цухас дурдсан Малайзын мангасууд түүнийг минь зэрлэгээр залгисан юм. Цаг хугацаа улирсаар таван жил өнгөрч, цадсан алуурчид арьсандаа таргалсаар тэдний урдаас үгээгүй ядуу (багш) ард би нүцгэн гараараа үзэлцсээр өнөөдрийг хүрлээ.

Эхний үед манайхаас бичиг захидал явуулж “бид анхааралтай ажиглаж байна, шударгаар шийднэ гэж найдаж байна” гэж бичдэг байсан. Одоо таван жил ажиглалаа болсон баймаар даа! Энэ хэдэн жил хүнийх, манайх хоёр юу хийв гэдгийг товч өгүүлье!

Одоогийн Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак, түүний туслагч Разак Багинда хоёрын тухай л дэлхийгээрээ шуугиж байна. Энэ хоёр төрөл садан бололтой байдаг.

Энэ аллагыг Багинда захиалсан нь хэнд ч тодорхой байтал, түүнийг шүүгч “Аллах тэнгэрээсээ асууя гэснээ өө, сулла гэж байна” гээд л гүйцээ! Шүүхийн тогтоол ч байхгүй. Багиндаг хилсдүүлж болохгүй, суллах нь зүйтэй гэсэн агуулгатай албан бичиг Монголоос очуулсан л байдаг юм билээ.

-Уг хэргийг мөрдөн байцаасан, мэдээлэл өгсөн, шинжилж судалсан хүмүүс, чухал гэрчүүдийг нутаг шилжүүлэх, гадаадад гаргах, сураггүй болгосоор ирлээ. Нажибын эхнэр Росма, ахтай нь хамсран Багиндагийн ажиллагааг эхнээс нь сүүлчийн өдөр хүртэл харж суусан хувийн мөрдөгч Баласумбарт их хэмжээний мөнгө өгч Энэтхэгт гаргасан. Уг этгээд өнгөрсөн жил Францад очиж энэ тухайгаа мэдэгдсэн байгаа.

-Энэ хэрэгт эзэн Нажибийгаа хамаагүй гэж хамгаалдаг Монголын өргөмжлөлт консулаар арван жил ажилласан манай төрийн одонт, итгэмжит хүн Датук Саид Абдул Алхабши багын анд Нажибтайгаа байгаа зургийг та харж байна. Монгол Улсын тэр үеийн төр засгийн тэргүүнээс Малайзын Ерөнхий сайдад хүргүүлсэн захидалд “манай өргөмжит консул Датук Саид Абдул Рахман Алхабшигийн онцгой эрхийг болон тохирох ямба эдлэхэд нь анхаарна гэдэгт итгэж байна” хэмээн өргөмжлөгдөж байсан Датук нь энэ хэдэн жилд бидэнд туслах боломж байгаагүй тухайгаа “тайлбар” бичгээр Гадаад харилцааны яаманд ирүүлсэн. Өнгөрсөн оны зургадугаар сарын 1-нээр тэрнийг түдгэлзүүлсэн боловч тэрээр би ажлаа сайн хийсэн. Монгол Улсын төрийн дээд тушаалтны өгсөн даалгаврыг биелүүлж байсан” хэмээн Монголын өргөмжит консулын тамгаа өгөхгүй байгаа гэсэн.

-Нажиб дөрвөн жилийн өмнө Шадар сайд байхдаа монголчуудтай ярилцах нь бүү хэл шивнэлдсэн бүхнийг хатуу цээрлүүлнэ гэж мэдэгдэж байсан гэдэг. Шударга үнэнийг нь хэлж, бичсэн олон малайзчууд баривчлагдаж, хавчигдсан. Малайзад амьдарч, сурч байгаа монголчууд өөрсдийгөө Солонгос, Оросын буриад гэж хэлдэг болжээ. Хоёр орны ард түмнүүд ингэж үл итгэлцэх байдалд хүрээд байхад тийшээ тэмүүлж. тэнд хоргодох хэрэг байна уу даа.

-Хэргийг захиалагч Багинда хоёр жил шоронд байсан гэдэг юм. Гэтэл хоёр жил номын санд сууж эрдмийн ажил хийсэн гэж албаны хүн надад мэдэгдсэн. Ял сонсоод байгаа хоёр офицер хориход биш сувилалд байж мэднэ. Хэн мэдэх билээ?

-Би Монгол ёс, заншлаа бодож оршуулга хийе гэж арга ядахдаа гадаадын хүнээр санал хүргүүлсэн юм. Хариуд нь “хүсээд байвал, бид хэргийн газраас элдэв амьтны яс хамт цугласантай нийлсэн юмыг хүрч ирээд ав” гэсэн байна билээ.

-Өргөдөл бичиж, үглэж байж Таиланд дахь ЭСЯ-наас хүн очуулдаг юм. Тэд хуулийн нэг ч хүнтэй уулздаггүй юм. Бодвол дипломат ёсонд нь таардаггүй юм байлгүй дээ.

-Хууль зүй, дотоод хэргийн яам манай хоёр орны хооронд эрх зүйн гэрээ байхгүй гээд хөдөлдөггүй юм.

-Төр засаг болохоор аливаа улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцох болохгүй заалттай гэдэг.

-Ингээд хүссэн хүсээгүй ГХЯ-ны Консулын газарт л очдог доо, би. Тэнд нь дэлхийгээр нэг тарсан монголчуудын асуудлыг хариуцаад ганц бүсгүй хаанаа ч хүрэлцэхгүй суудаг. Иргэнийхээ эрхийн төлөө ядаж хоёр хүн ажиллуулж болмоор санагддаг. Эрх гэснээс монголчууд бидний эрхийн төлөө төрийн гурван өндөрлөгөөс хамааралтай томилогдсон Хүний эрхийн комисс, ажил үүргийн давхардалтай ч гэсэн төрийн бус нэлээд байгууллага байдаг юм. Энгийн хүн бүү хэл эдгээр нь бие биенээ ч олоход хэцүү. Аманд ч үгүй хамарт ч үгүй 21 мянган төгрөг цацахын оронд Ардчилсан төрийн нэрийн өмнөөс хүний эрхийн төв барьж өгчихөөд, түмэн олон түүгээр нь үйлчлүүлж байвал наанадаж нэрэнд, цаанадаж НҮБ-д үнэлэгдэнэ дээ.

Б.Хурцыг хөөцөлдөж байгаагаас харахад жижигдээд байгаа юм алга л харагдана. За яахав нэг ч болов хүний эрх шударгаар шийдэгдвэл аштай юу даа.

Монгол төрийнхнөөс хүсэхэд:

1.Малайзын хөрш болон бүс нутгийн улсууд, өрнөдийнхний хэвлэлд бичиж мэдэгдэл гаргаж байгаа зэргээс харахад гэмт хэрэгтнээр удирдуулсан энэ улстай Монгол гол гогцоо асуудлаа олоод зоригтойхон ажиллагаа явуулахад бусад орнууд хамтран дэмжихэд бэлэн байгаа нь харагдаж байна. Үүнийг ухаалгаар ашиглаач ээ.

2.Буяныг бодоод Малайзаас иргэний шүүх хурлыг нь шаардаад шударгаар шийдүүлчих хэрэгтэй байна.

Малайзын Сөүл дэх Элчин сайд өнөөдөр манай Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барих гэж байгаа дуулдана. Эрхэм Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийг сайд аа, Хүний эрхийн байгууллагууд аа. Итгэмжлэх жуух бичиг барихтай нь холбогдуулан та бүхэнтэй уулзах Малайзын элчтэй иргэнийхээ асуудлыг чухалчлан ярилцаж, уулзалтыг үр дүнтэй болгоход анхаараач.

Та бүхнийг хүндэтгэсэн Монгол Улсын иргэн С.Шаарийбуу


URL:

Сэтгэгдэл бичих