Эртний Маяа омгийн “Дайнч” хатны бунхан олджээ

Эртний Маяачууд нутаглаж байсан ул мөрийг хадгалан үлдсэн Гватемали улсаас түүх, соёлын чухал үнэт олдворыг археологчид нээн илрүүллээ. Өөрөөр хэлбэл, Маяагийн бүх түүхэн цаг хугацаанд “Дайнч” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн Каббел хатны занданшуулсан бунханг саяхныг хүртэл хүн төрөлхтөн олж чадахгүй байсан юм. Маяагийн урт удаан жил туулсан Эль Перу Вака хот улсын ойролцоо Каббел “Дайнч” хатны бунхан байжээ. Цэргийн гарамгай жанжин байсан тэрээр ард олондоо “Сэнтипед” хатан буюу “Дайнч” хэмээн хүндлэгддэг байсныг түүхэн эх сурвалжууд нотолсоор ирсэн юм. Түүний хаант улс МЭӨ 672-692 оны үед оршин тогтнож байсан бөгөөд цөөн жил ч гэлээ зэргэлдээ олон омог, аймгуудыг төвшитгөж явжээ.

Вашингтоны их сургуулийн археологич, профессор Дэвид Фрэйдл булшийг олж нээсэн бөгөөд хотын пирамид хэлбэртэй түүхийн үзмэрийн доор хадгалаастай байв. Маяачууд их хатныхаа булшийг хачирхалтай байдлаар занданшуулан үлдээжээ. Каббелийг бөөрөнхий ваар хэлбэртэй хатууруулсан шавраар бүрсэн чулуунд чандарлан оршуулсан нь хачирхалтай. Ваар хэлбэртэй шаврыг үнэт чулуугаар хүрээлж, нүүрнийх нь хэлбэрийг урласан төдийгүй эртний Маяачуудын урласан олон төрлийн гар урлалын судалбаруудаас бүрдсэн байна. Судалгааны багийнхний олж тогтоосноор Маяа омгийнхон уг бүтээлийг “Усанд буй эмэгтэйн хатуу гар”, “Могойн эзэн эмэгтэй” хэмээн нэрийддэг байсан гэнэ. Түүхэнд “Дайнч” Каббел хэмээн мөнхөрсөн уг хатан нь хаант удмын гэр бүлийн Кан хааны их хатан байжээ. Кан хаан ард иргэддээ “Хорт могой”, “Муу эзэн” хэмээн нэрлүүлдэг байсан нь хатных нь төрийн эрх барих бодлого хамаагүй дээр байсантай холбоотой. Тухайн үеийн Маяагийн нийслэл Калакмул буюу одоогийн Мехико хотын буурин дээр Каны засаг төр анх үүссэн түүхтэй. Гэхдээ “Дайнч” Каббел нөхрийнхөө засаглалыг булаан аваагүй. Кан буюу Кинич Бахлам нэртэй хаан “Аугаа Дайчин” гэх алдрыг хаан ширээнд суумагцаа хүртэж чадаагүй тул гутамшигтайгаар Каббелд эрх ямбаа хүлээлгэн өгчээ.

МАЯАГИЙН ХАТАН ХААН БОЛОХ ЗАМ

Маяагийн хаан удмын хамаатан саднууд, ах дүүсийн хооронд хүйтэн харилцаа зонхилж, тэдний хооронд хаан ширээний төлөөх цуст тэмцэл өрнөхөд нэг алхам дутуу байхад Кан хаан суудлаа орхив. Маяагийн хатны булш судлаачдын олж тэмдэглэснээр тухайн үед хатныг насаар нь болон жендерийн тэгш бус байдлаар гадуурхан мөн л хавчин хяхах бодлого барьж байжээ. Каббел хатан энэ бүгдийг үл тоон эрх ямбанд шунагч хаан удмынхныг хүйс тэмтэрч, өөрөө төрийн эрхийг  гартаа атгаад Маяагийн Эль Перу Вака хэмээх хүчирхэг хот улсыг босгохоор сэтгэл шулуудсан байдаг. Хатны булшийн орчимд “Эль Перу Вака” улсын хамгийн ухаалаг хатан оршуулагдсан болно” гэсэн маяа хэл байгааг олжээ. Гэхдээ энэ бичгийн орчуулгыг зөв эсэх тухай олон эрдэмтэн маргалдаж эхэлсэн байна.

Бэлтгэсэн Т.БАТСУГАР

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих