Элдэв үнэр ханхлахаас өмнө бохирдсон хөрсийг ариутгая

Нийслэлд агаарын бохирдлоос дутахааргүй анхаарал татахуйц нэг асуудал нь хөрсний бохирдол болчихоод байна. Дулааны улирал эхлэхэд цасан дороос цухуйх хог, замын хальтиргаа үүсгэхгүйн тулд гудамжны дундуур тарааж цацсан үнс, угаадас гэсч эвгүй үнэр ханхлана.
Нийслэлийн иргэд суурин иргэншилд дасаагүй, ухамсар муутайгаас хог хаягдлаа хашаанаасаа гаргав уу, үгүй юу хаячихдаг болжээ. Бие засах газрынхаа мөстдсөн хэсгийг цохиж, гудамжинд гаргаад асгах нь энүүхэнд.
Харин тэр бохир нь хөрсийг үхжүүлдэг гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Хотын хөрс бохирдож, үхжилд орчихоод байгааг мэргэжлийн хүмүүс нь гадарлахаас иргэд огт тоомжирлохгүй. Хот суурин газрын хөрсийг бохирдуулагч нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, нарийн ширхэгтэй үнс, шороон тоосонцор, хог хаягдал, бохир шингэн зүйлс байдаг аж. Дөрвөн жилийн өмнө Улаанбаатарын хөрсний бохирдол 95 хувь буюу нянгийн бохирдолтын хэмжээнд хүрсэн гэх судалгаа гарч байжээ. Энэ нь байх ёстой хэмжээнээсээ 10-16 дахин их байна гэсэн үг юм. Хэдхэн жилийн өмнө хөрсний болон агаарын бохирдолд хийсэн шалгалтын дүнгээр Улаанбаатар хотод амьдарч байгаа гэр хорооллын айл өрхүүдийн 67 хувь нь стандартын шаардлага хангаагүй бие засах газартай, 34.5 хувь нь огт бие засах газаргүй, бохир уcны цооноггүй байгаа нь тогтоогдож байжээ.
Улаанбаатар хотын хөрсөн дэх хар тугалгын дундаж хэмжээ 49.92мг.кг буюу байх ёстой хэмжээнээсээ 2.4 дахин, цайрын дундаж агууламж 145.9мг.кг буюу 1.2 дахин их гарчээ гэж тэмдэглэгдсэн байна. Энэ судалгаа гарснаас хойш Нийслэлийн хөрсний бохирдлыг арилгах талаар дорвитой арга хэмжээ хийгдээгүй өнөөдрийг хүрчээ. Хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Гэдэсний халдварт өвчин, балнад, цусан суулга, сүрьеэ, бурцеллез, халдварт шар, цагаан хорхой, сибирская язва, тулеремия зэрэг нь хөрсний бохирдлоос үүсч, тархах магадлал өндөр байдаг аж. Дулааны III, IҮ цахилгаан станц, Шар хад, 100 айл, Дэнжийн 1000, Хайлаастын орчмын хөрс хамгийн их бохирдолтой гардаг байна. Энэ нь хүн амын суурьшилтай холбоотой юм. Нийслэлийн нэг килограмм хөрсөнд агуулагдах хар тугалгын хэмжээ одоогоос 10 гаруй жилийн өмнө 30 мл байжээ. Харин 2008 онд 44 мл болж өссөн байна. Тэр үед хром 39 мл байсан бол 95 мл болтлоо нэмэгджээ. Түүнчлэн үйлдвэр комбинат, нисэх, Яармаг, Төв цэвэрлэх байгууламжийн орчимд химийн хортой бодис болох вольфром, мөнгөний агууламж өндөр гэсэн судалгаа гарчээ. Мөн Хайлааст, Телевиз орчимд хар тугалга, вольфром, циркон зэрэг химийн хортой бодисын агууламж өндөр болох нь судалгаагаар нотлогджээ.
Нийслэлийн хөрс бохирдож байна. Ургамал ч тоож ургахгүй болчихоод байгаа хөрсөн дээр хүүхдүүд тоглож өсөх нь дэндүү харамсалтай. Хүн амьдарч л байгаа юм хойно хог гарах нь тодорхой. Харин түүнийг байгаль орчин хийгээд хүний биед халгүйгээр цэвэрлэх, зайлуулах, халдваргүйжүүлэх, устгах технологид анхаарах хэрэгтэй байна. Хот суурин газрын тохилог орчныг бий болгохын тулд хүрээлэн буй орчноо цэвэрлэх нь хамгийн энгийн аргуудын нэг. Сүүлийн жилүүдэд хүн амын хөдөө орон нутгаас хот суурин газар руу шилжих хөдөлгөөн ихсэж байгаа нь хотын даацыг хэтрүүлж, улмаар хог хаягдлыг тээвэрлэх асуудалд тооцоолоогүй ачааллыг ихээр нэмэгдүүлж байна. Элдэв хог хаягдал нь хөрсний бохирдлыг үүсгэж, элдэв төрлийн өвчин үүсгэн нян, химийн хорт бодис агуулдгаараа хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, халдварт өвчин хордлого үүсгэх хүчин зүйлийн нэг болдог байна. Бохирдсон хөрсөнд энгийн эгэл биетэн ялааны авгалдай, өт хорхой, бактери, вирус үржих таатай нөхцөл болдог аж.
Өвчин үүсгэгч нян нь хөрсөнд удаан хугацаагаар хадгалагдан өвчин тархах нөхцөлийг бүрдүүлдэг ажээ. Тодруулбал, цусан суулга 25-100, балнадын нян 100-400, полимиелитийн вирус 100-150 хоног, газовая гангрена нянгууд хэдэн жилээр хадгалагддаг байна. Энэ жил халдварт шар өвчнөөр өвчлөгсдийн тоо урд жилүүдийнхийг бодвол эрс нэмэгдсэн. Үүнийг ч хөрсний бохирдолттой холбож үзэхэд гэмгүй юм. Өвчин үүсгэгч нянгууд нь бохирдолтой хөрстэй хавьтсанаар, эсвэл ийм хөрсөнд тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, хүүхдүүд бохир хөрс, шороогоор тоглох, жимс, хүнсний ногоог угааж цэвэрлэхгүйгээр хүнсэнд хэрэглэхэд хүнд халдвар тараадаг байна.
Мөн өвчин үүсгэгч нян ялаагаар дамжин хүнд халдвар тараах аюултай байдаг аж. Энэ мэт хөрсний бохирдлоос үүдэлтэй халдвар тархах аюул Нийслэлд нүүрлээд байна. Нэгэнт л бохирдчихсон хөрсийг өнөөдрөөс эхлэн ариутгаж, халдваргүйжүүлэлт хийхгүй бол халдварт өвчин ихсэхгүй гэх баталгаа алга. Хөгжилтэй орнууд хөрсөө цэвэрхэн байлгахад хамгийн их анхаардаг аж. Гэтэл манай орны хувьд байдал эерэгээрээ байна. Тэр ч бүү хэл наад захын гэж хэлж болохоор халдваргүйжүүлэх ажлыг ч орхигдуулж байна. Хэдийгээр гэр хорооллын айлуудын бие засах газрыг халдваргүйжүүлж, хлорамин хийдэг ч гудамжинд байгаа бохирдсон хөрсийг орхигдуулдаг гэм бий. Өнөөдрөөс л нийслэлийн хөрсний бохирдлыг анхаарч халдваргүйжүүлэх ажил хиймээр байна. Удахгүй газар гэсч элдэв үнэр ханхалж эхэлнэ. Ядаж энэ үнэрийг агаарт дэгдэхээс нь өмнө арга хэмжээ авмаар байна.

Ж.Тагтаа

Нийслэл Таймс


URL:

Сэтгэгдэл бичих