Г.Ариунболор: Би нүцгэлэхээс айхгүй

Эх орныхоо нэрийг алс холын Германд сурталчилж, өөрийн авьяас, ур чадвараа гайхуулж яваа жүжигчин Г.Ариунболорыг энэ удаагийн ярилцлагын зочноор урилаа. Түүнийг “Гамлет”-ийн хайрт бүсгүй Офилиагийн дүрийн сонгон шалгаруулалтад оролцож байх үеэр уулзсан юм. Том алаг нүд, хүүхдийн гэмээр өхөөрдөм төрх, хэнтэй ч чөлөөтэй харилцдаг энгийн зан чанар түүнийг чимжээ.

-Та Герман уруу хэдэн настайдаа явсан бэ?

-Арван настайдаа гэр бүлийн хамт явсан. Ээж маань Германд боловсрол эзэмшсэн нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байх. Тэр үед нийгэм ч өөрчлөгдөж байж. Багаасаа л хязгааргүй визтэй болсон учраас санаа зовох зүйл гарч байгаагүй. Харин Германы иргэн болоод гурван жил өнгөрч байна. Би жүжигчний мэргэжлийг тохиолдлоор сонгоогүй. Намайг урлагийн хүн болно гэхэд аав, ээж хоёр маань “ингэж байгаад болчихно” гэсэн янзаар харьцдаг байсан. Аав намайг сэтгүүлч болгоно гэдэг байсан. Би хүнээр хүссэн зүйлээ яриулж өөрийг нь гаргаж чаддаг байсан нь ингэж бодоход нөлөөлсөн байх. Дээрээс нь ургуулан бодож зохиохдоо сайн хүүхэд байсан юм. Ерөнхий боловсролын сургуульд байхдаа хүүхдийн театрын клубэд тоглодог байлаа. Тэгээд хоёр жилийн дотор герман хэл сайн сурсан. 15 настайдаа бүжгийн тэмцээнд оролцож сургуульд нь үнэ төлбөргүй явах эрхээр шагнуулж байсан гээд урлагтай холбогдох зүйл олон бий. Тэгээд л сургууиа төгсөөд Берлиний кино драмын ангид орсон.

-Дэлгэцийн аль төрлөөр мэргэшив?

-Германд театр, дэлгэцийн жүжигчнийг тусад нь бэлтгэдэг. Театрын жүжигчин бэлтгэдэг нь улсын сургууль. Улсын сургуульд төлбөр төлдөггүй болохоор театрын сургуульд сурахаар болсон. Тэгээд шалгалт өгсөн чинь багш нар намайг дэлгэцийн бүтээлд хүч сориод үз гэж зөвлөсөн. Тухайн үед тэр хүмүүст “намайг гадуурхаад байна” гэж бодоод их гомдсон. Берлин драмын ганцхан сургуультай. Тэрэнд нь шалгалт өгөөд шууд тэнцсэн. Сурч байх хугацаандаа туршлага хуримтлуулах боломж надад олдсон учраас өөрийгөө азтай гэж боддог. Германд ази хүний тоглох дүр хязгаартай байдаг. Тэд хэзээ ч бидэн шиг жүжигчдээр герман хүний дүрийг бүтээлгэхгүй. Зөвхөн ази царайтай дүрд л тоглуулдаг. Харин сүүлийн үед энэ байдал өөрчлөгдөж байгаа. Над шиг иргэншилтэй хүмүүст боломж олгох хэрэгтэй гэдгийг ойлгосон байх.

-Германы сургуулийн сургалтын онцлог нь юу вэ?

-Манай жүжигчид орос сургалтаар дагнан хичээллэдэг. Харин Германд жүжигчин ямар сургалтаар хичээллэхээ өөрөө сонгодог. Тухайлбал, манай сургуульд Орос, Америк, Франц зэрэг олон орны багш нар өөр өөрсдийн аргаар хичээл заадаг. Өөрөөр хэлбэл, жүжигчний мэргэжлээр сурсан бидний хувьд хөлбөрөх боломж олгодог гэсэн үг. Гэхдээ орос сургалт сэтгэл хөдлөлөө дотроосоо гадагшаа гаргадаг онцлогтой.

-Та ямар нэгэн байгууллагад харьяалагддаг уу?

-Ямар ч байгууллагад харьяалагддаггүй. Харин миний менежерийн үүргийг гүйцэтгэдэг агентлагтай. Агентлагаас миний ямар дүрд тоглох, хэнтэй хамтран ажиллахыг зааж зөвлөдөг. Гуравдугаар курсээсээ том, бага хэмжээний дэлгэцийн бүтээлд тоглосон нь агентлагийн жүжигчин болоход нөлөөлсөн. Анх гоо сайхны бараа сурталчлах сурталчилгаанд тоглож байлаа. Мөн богино хэмжээний бүтээлд дүр бүтээсэн. Үүний дараа уран сайхны киноны гол дүрийг бүтээх боломж олдсон юм. Тэр киног найруулагчийн анги төгсч, байгаа залуухан уран бүтээлч хийсэн ч хоёр том кино наадамд нэр дэвшин шагнал хүртсэн. Уг бүтээл Турк, Германы кино наадам, Мюнхений фестивальд оролцож би шилдэг дүрд нэр дэвшиж байлаа. Тухайн үед туршлагатай уран бүтээлчидтэй өрсөлдөж байгаадаа баяртай байсан.

-Агентлагтайгаа гэрээ байгуулан ажилладаг байх. Таны байгуулсан гэрээнд хүүхэдтэй болж болохгүй гэх ч юм уу хориглосон заалт бий юу?

-Агентлаг миний олсон ашгийн 20 хувийг авдаг. Өөрөөр миний хувийн амьдралд оролцдоггүй. Тэгж болохгүй, ингэж болохгүй гэж заах нь тэнэг хэрэг шүү дээ. Харин ч жүжигчнээ хүндлэх ёстой. Манай агентлаг мөнгө гээд нэг их улайраад байдаггүй юм. Би ч гэсэн мөнгөний төлөө жүжиглэдэггүй. Мэдээж хүний амьдралд мөнгө хэрэгтэй. Гэхдээ утга учраа алдтал зүтгэвэл өвчин болно биз дээ. Тэгээд ч сайн уран бүтээл байх юм бол үнэгүй тоглосон ч яадаг юм бэ.

-Өөрийгөө ямар дүрийг сайн тоглодог гэж боддог вэ?

-Би зовсон хүний дүр бүтээх дуртай. Зарим уран бүтээлчид ийм дүрийг тоодоггүй юм. Иймэрхүү дүр бүтээхэд жүжигчнээс их ур чадвар шаарддаг. Тэгээд ч жүжигчин хүн ямар ч дүрийг гаргах чадвартай байх ёстой. Учир нь бидний бүтээгээд буй дүр хүний амьдралын тухай өгүүлдэг. Тиймээс хүн л юм чинь яагаад бүгдийг нь гаргаж болохгүй гэж. Өөрийгөө тодорхойлох, таниулах хэрэгтэй.

-Та “Гамлет”-ийн хайрт бүсгүй Офилиагийн дүрийн сонгон шалгаруулалтад амжилттай оролцлоо. Шалгаруулалтад оролцсон жүжигчдээс таны нүдийг булаасан уран бүтээлч байв уу?

-Яг үнэнийг хэлэхэд Офилиагийн дүрийг бүтээхээр болсон жүжигчин Б.Ганчимэгийн дүрийн араншин өөрийгөө илэрхийлж байгаа нь надад их таалагдсан. Яг өмнөх өдөр нь би “Тэнгэрийн хүү” жүжгийг үзсэн юм. Тэр үед миний нүдэнд их туссан. Тухайн үед өөртэйгөө харьцуулах шиг болсон шүү. Жүжигчний хувьд ч надтай өрсөлдөх юм байна гэж бодсон. Гэхдээ би өөрийгөө сайн жүжиглэдэг гэж тодорхойлж байгаа хэрэг биш шүү.

-Офилиагийн шалгаруулалтад оролцож байгааг тань харахад балетаар хичээллэдэг юм шиг санагдсан. Алхаа гишгээ тань яг л бүжигчин шиг харагдсан?

-Би драмын урлагт орсноосоо хойш бүжгээр хичээллээгүй. Тэр дундаа балетаар хичээллэж байгаагүй. Өмнө нь модерн, жааз, хип хоп урсгалаар бүжиглэдэг байсан. Түүнээс болж л тэгж санагдсан байх.

-Хэрвээ Танд эротик киноны дүр бүтээх санал ирвэл тоглох уу?

-Дэлгэцийн бүтээл хүний амьдралын тухай өгүүлдэг. Бид ч гэсэн амьдрал дээр нүцгэлдэг л биз дээ. Тийм болохоор түүнээс эмээж айдаггүй. Би тэрхэн үед л тухайн дүрд хувирч байгаа болохоос үргэлж тийм хэвээрээ байхгүй. Тийм болохоор биеэ үнэлэгчийн дүрийг бүтээсэн ч яадаг юм бэ. Би жүжигчин учраас амьдралыг харуулах үүрэгтэй.

-Таны хамгийн том зорилгыг сонирхмоор санагдлаа?

-Үзэгчдийн сэтгэлийг татсан, тэдний хайрладаг жүжигчин болох нь миний зорилго. Миний тухай гарсан элдэв муу мэдээллийг сонсоод намайг хамгаалдаг байх тийм жүжигчин болохыг хүсдэг. Хэрвээ Монголынхоо үзэгчдэд өөрийгөө таниулж хүндлэгдвэл миний зорилго биелнэ. Би Холливудын жүжигчин болъё гэж хүсдэггүй. Тэгээд ч зорилгынхоо дөнгөж эхэнд нь явж байна.

-Тэгвэл Монголынхоо үзэгчдэд өөрийгөө таниулахын тулд юу хийе гэж бодож байна?

-Монголынхоо үзэгчдэд танигдахын тулд тоглосон дүрээ сайн амилуулъя гэж боддог. Хэрвээ ямар нэг уран бүтээлийн санал ирвэл дүрээ зөв сонгож сайн судлахыг хичээдэг.

-Танд ямар нэгэн уран бүтээлийн санал ирсэн үү?

-Ирсэн. Гэхдээ тэр талаар дэлгэрэнгүй яримааргүй байна. Бүтээлийг гарсан цагт нь үзвэл илүү сонирхолтой шүү дээ. Би арванхоёрдугаар сард Герман явна. Учир нь ирэх нэгдүгээр сард кинонд тоглох хуваарьтай байгаа. Тэгээд тавдугаар сард дулаарахаар Монголдоо ирэх төлөвлөгөөтэй байна.

-Дэлгэцийн бүтээл бизнес хийх хэлбэр болсон юм шиг санагддаг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Өнөөдөр дэлгэцийн урлагийг бизнес хэмээн үздэг хүн олон болсон. Гэхдээ энэ бодол хаана ч гэсэн адилхан байна. Хамгийн гол нь чанартай уран бүтээл үлддэг гэдгийг санах хэрэгтэй. Хэдийгээр сайн, муу бүтээлүүд төрж байгаа ч цаг хугацаа тэдгээрийг аяндаа шүүгээд өгнө.

-Та найз залуутай юу?

-Герман хүн бий. Урлагийн салбарт ажилладаг юм.

-Цаашдаа Германд амьдрах уу?

-Баян болоод далайн эрэг дээр гэр бүлийнхэнтэйгээ амьдрахыг хүсдэг. Хөөрхөн жижигхэн хаус, далай харагддаг гээд төсөөлдөг шүү. Гадаа хүүхдүүд минь тоглоод, сайхан орчинд амьдрахыг хүсдэг.

-Та ямар шашин шүтдэг вэ?

-Монголчууд буддын шашинтай. Намайг бага байхад эмээ маани, тарни зааж өгдөг байсан. Гэхдээ тэглээ гээд би өөрийгөө буддист гэж боддоггүй. Буддын шашин гэгээн цагаан байдаг. Харин би өөрийгөө тийм гэж боддоггүй. Угаасаа ямар ч хүн цав цагаан байхгүй гэж бодож байна. Энэ бол зөвхөн миний л бодол юм шүү. Тийм болохоор шашин гэж байдаггүй. Гэхдээ биднээс өөр гэрэл гэгээтэй хэн нэгэн байдаг гэдэгт итгэдэг.

Б.СЭЛЭНГЭ

Эх сурвалж:  unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих