Төсвийн мөнгө завшигч Г.Энхтайван гэж хэн бэ?

Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр ажлаасаа чөлөөлөгдөж үүрэг гүйцэтгэгчээр Г.Энхтайваныг томилсон. Г.Энхтайваны хувьд өнгөрсөн хугацаанд буюу 2010 оны гуравдугаар сараас 2012 оны гуравдугаар cap хүртэлх сүүлийн хоёр жил Стандарт­чилал, хэмжилзүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэт­гэгчээр ажиллаж байсан нэгэн. Энэ богино хугацаанд Г.Энхтайвантай холбоотой хэл ам тасраагүй. Түүний хувьд нэг бус удаа хууль зөрчиж байгууллагын мөнгийг хувьдаа завшсан хэрэгт нэр холбогдоод байгаа. Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөрийг гадаадад томилолтоор ажиллаж байх хойгуур түүний энэхүү томилгоог хийсэн байдаг.

Г.Энхтайван өмнө нь тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 60 гаруй сая төгрөгийн хохирол учруулснаас гадна 1606710 төгрөгийг хувьдаа завшсаныг Авлигатай тэмцэх газраас тогтоож Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн акт тогтоож түүнээр төлүүлэхээр болжээ. Тэрээр энэ оны гуравдугаар сард Канад Улсын стандартын байгууллагын даргыг Дархан хотын Стандартын хэлтсийн үйл ажиллагаатай танилцуулна хэмээн хуурамч томилолтыг түүний гар хөл бологч Г.Зоригоо гэгчээр бичүүлэн авчээ. Тус байгууллагын шударга төрийн албан хаагчдын өгсөн мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын санхүүгийн байцаагч шалган үзэхэд Г.Энхтайван дарга Дарханд ажиллаагүй гадаадын хүмүүсийн нэрийг барин тэдний өмнөөс санхүүгийн хуурамч материал бүрдүүлэн мөнгийг нь завшсан нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон байна.

Г.Энхтайван Дархан-Уул аймгийн “Жаспер” буудалд байрласан хэмээн хуурамч баримт бүрдүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон нь ийн олонд ил боллоо. Нөгөө талаар түүний энэхүү үйлдэл нь Монгол Улсын нэр хүндийг унагасан шившигт үйлдэл болсон хэмээн Стандартчилал, хэмжилзүйн газрын ажилчид мэдэгдсэн. Учир нь 2010 онд Ерөнхий сайд асан С.Батболд Канадад айлчлах үеэр Монгол Канадын стандартын байгууллагын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд түүний дагуу ирсэн Канадын Стандартын байгууллагын дарга Жон Волтерийн нэрийг барьж мөнгө хулгайлж байгаад баригдсан нь энэ аж.

Хэдхэн жилийн өмнө жирийн нэг эмэгтэй 10 мянган төгрөгийн эд зүйлс хулгайлж, хорих ялаар шийтгүүлж байсан удаатай. Тэгвэл Г.Энхтайван дарга хэдэн арван сая төгрөгийн хохирол улсад учруулж сая саяар хувьдаа төсвийн мөнгө халаасласан хэрнээ албан тушаал ахиж, Н.Алтанхуяг найзынхаа дэмжлэгээр Агентлагийн дарга болон суга дэвшиж байгаа нь шударга явдал мөн үү.

Ийнхүү шинэчлэлийн нэрээр ёс зүйн наад захын шаардлага хангахгүй хүмүүсийг төрийн албанд томилогдож буйг дээрх жишээнүүд харуулж байна.

Ч.ОРГИЛ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.