Н.Энхбаярыг шоронд хийсэн нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн өрсөлдөгчөө дарж авах гэсэн Ц.Элбэгдоржийн “УЛС ТӨРИЙН БОДЛОГО”

Өмгөөлөгчдийн гаргасан гэм буруугүй болохыг нь тогтоосон хангалттай нотлох баримтууд байсаар атал Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн тухай хууль, Прокурорын тухай хуулиудыг зөрчин, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг хилсээр шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг нийслэлийн шүүхээс хэвээр нь баталж, шат шатны шүүх улс төрийн захиалга гүйцэтгэгч болохоо тод харууллаа.

7 сарын 1-ний хар өдрийн бодит үнэнийг илчлэх баримтуудыг сөхөн гаргаж, хуйвалдагчид, луйварчид, төрийн хулгайчид, дарангуйлагчдын үнэн дүр төрхийг хуулахын төлөө зүрх зориг гарган тэмцсэн Н.Энхбаярыг хилсээр буруутган яллаж буй нь сонгогчдын саналыг удаа дараа луйвардах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар дээрэмдэн авсан эрүүгийн МАНАН бүлэглэлийнхний “УЛС ТӨРИЙН ӨС ХОНЗОН”, Монгол төрийн ноён нурууг эрээ цээргүй, харгис хэрцгий, бүдүүлэг соёлгүй, овтой зальжин, худалч хуурмаг, ханаж цадашгүй шунахай дүр төрхөөрөө  гутаан буртаглаж буй Ц.Нямдорж, Б. Дорлигжав, Ц.Элбэгдорж, Сү.Батболд, У.Хүрэлсүх зэрэг үл бүтэх олон хүмүүсийн “ХУВИЙН ӨС ХОНЗОН” юм.

Монголын ард түмний дунд одоо эрх мэдлээ гүйцэтгэж буй Ерөнхийлөгчөөс өндөр нэр хүндтэй байгаа, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Намбарын Энхбаярыг ийнхүү хилсээр хэлмэгдүүлж буй нь “Ардчилсан” гэх тодотголтой ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн өрсөлдөгчөө дарж авах гэсэн “УЛС ТӨРИЙН БОДЛОГО” юм.

Монголын ард түмнийг хэдэн үеийн турш тэжээн тэтгэх үлэмж баялаг нөөцтэй Оюутолгой, Тавантолгой болон бусад томоохон орд газруудыг цөөн хэдхэн зальтангуудын гараас ард түмний мэдэлд авч, үр ашгийг нь ард түмэнд илүү хүртээмжтэй болгохын төлөө тууштай тэмцсэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг ийнхүү хилсээр хэлмэгдүүлж буйн цаана Монгол орны эд баялгийг хуу хаман авахаар улайрагч олон улс дамнасан эдийн засгийн алуурчдын гар хөл болдог нам дамжсан олигархиуд, нам нэртэй ч хөрөнгө мөнгө, эрх ашгаар нэгдсэн эрүүгийн шинжтэй мафижсан санхүүгийн бүлэглэлийнхний “УЛС ТӨРИЙН ЗАХИАЛГА” байгаа юм.

Монгол орны, та бидний үр хүүхдийн ирээдүйд аюул, түгшүүрийн харанга болсон хуулийг уландаа гишгэх, хууль завших, эрх мэдэл, хөрөнгө мөнгөөр далайлган түрээ барьж, дураараа дургих, ёс суртхуунгүй байх зэрэг өнөөгийн нийгэмд нүүрлэсэн бусармаг бүхний эсрэг, шударга ёсны төлөө тэмцсэн “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаярыг хилсээр хэлмэгдүүлж буй нь монгол түмний үеийн үед хурааж хуримтлуулсан баялгаас их хэмжээгээр хулгайлан завшсан хулгайч луйварчингууд, хууль завшигчид, дураараа дургигч анархистуудын “УЛС ТӨРИЙН АЙДАС” юм.

Монгол орны хөгжил дэвшлийн амин судсан дээр нь хувалз мэт шигдсэн олигархиудын дураараа дургих, улс орноо худалдахад нь саад болсон учраас Н.Энхбаяр ийнхүү хилсээр шийтгэгдэж буй бөгөөд энэ нь монголын үе үеийн эх орончид, шударга ёсонд хайртай эгэл жирийн ард иргэдийг ч давхар хилсээр ялласан, Монгол орны гэрэлт ирээдүйг бүрхэг харанхуй болгосон хэрэг мөн.

Монголын шат шатны шүүхээс гаргасан шударга ёсыг уландаа гишгэж байгаа улс төрийн захиалгат шийдвэр нь монголын ардчилалд бодитой аюул занал учруулж, хорь гаруй жил замнасан та бидний ардчиллын үйл хэргийг гутаан буртаглаж байгаа төдийгүй Монгол үндэстний нэн шинэ үеийн түүхэнд хар толбо болон бичигдэх харамсалтай явдал болж байна.

Хэрвээ та бид өнөөдөр Н.Энхбаярыг улс төрийн захиалгаар хилсээр шийтгэсэн энэхүү бусармаг үйлдлийн эсрэг тэмцэж эс чадваас маргааш иргэн таныг ч мөн хилсээр хэлмэгдүүлэн шийтгэж, таны ирээдүй, үр хүүхдийг цөөнх болсон олигархи бүлэглэл, гадны түрэмгий ашиг сонирхлын боолын боол болгох магадлал нэн өндөр байгааг монгол түмэн мартаж болохгүй.

Мөнгө байхад шударга ёс, шүүхийг худалдаж авч болдог хэмээн ойлгодог, эрх мэдэлтэй байхад шүүхийг дарамталж, шударга ёсыг нулимж болдог гэж итгэсэн олигархи бүлэглэлийн эсрэг тэмцэхгүйгээр бид хөгжил дэвшилд хүрэхгүй, тайван амгалан аж төрөх боломжгүй болох нь нэн тодорхой байна.

Шударга ёсны төлөө тэмцэл хэзээ ч мөхөж мохохгүй, шударга ёсны төлөө тэмцэгч хэзээ ч ганцаардахгүй ёсгүй.
МАХН-ын Бага чуулганы хэсэг гишүүд
2012 оны 10 сарын 1.

http://dayarmongol.com/index.php?option=com_content&view=article&id=7615:-2013-&catid=26&Itemid=300053


URL:

Сэтгэгдэл бичих