Улстөрийн “цөөвөр Чоно”

Монголын ардчиллын өнгөрсөн 20 жилийн түүхэнд тодрон гарч, анд нөхдөдөө ч, атаархагч дайснууддаа ч хүлээн зөвшөөрөгдсөн толгой лидер бол М.Энхсайхан.

Харин сүүлийн хэдхэн хоногт тэрбээр дахиад л ганцаардаж эхлэв бололтой. Монгол Улс ардчиллын замаар алдаж онон замнаж яваа энэхэн цаг үед түүн шиг эрс тэс, заримдаа өөрөө л учрыг нь олдог болов уу гэмээр адармаатай авирладаг улстөрч байхгүй.

Аргагүй л “ганцаардсан цөөвөр” нэрэндээ түүн шиг тохирох, басхүү түүн шиг Монголын улстөрд, Монголын ирээдүйд үгүйлэгдэх хүчтэй лидер өөр байхгүй. Өнгөрүүлсэн түүхээс нь үзвэл 1996, 2004 онд сонгуульд АН-ыг удирдан орж, үнэмлэхүй ялалт дараалан байгуулсан маргашгүй гавьяа өөр хэнд ч биш, зөвхөн түүнд л хамаатай. Үлдэж одсон 20 жилийн түүхэнд 1996-1998 онд түүний удирдаж байсан Засгийн газар шиг амжилттай ажиллаж, түүхэн чухал өөрчлөлт, дэвшлийг хийж амжуулсан нь үзээд өгье гэсэн ч өөр байхгүй.

Тэр зоригтой, шазруун, бас хонзогногч, хэний ч үгийг сонсдоггүй бардам удирдагч. Тэр хэзээ ч багаар ажиллаж байгаагүй. Ганцаараа бүхнийг шийдэж, толгой мэдэн хэдэрлэж байгаад л хамтарчид болон бөөрлөн дайрагч дайснууддаа хашигдсаар эцсийн мөчид тун ч шазруун шийдвэр гаргаж, зүгээр л зайлж оддог. 1996 онд өөр хэн ч биш хамтран зүтгэгч анд нөхдүүд нь л тун амжилттай явсан засгийг нь унагаж дөнгөсөн. Харин тэр нэгэн үе хамтран зүтгэж явсан нөхдөө “Хөдөөгийн фракц”-аараа намнах шиг болж билээ.

2004 онд намын даргаасаа хусуулчихаад шар хорондоо УИХ-ыг яажшуухан бажгадуулж байсныг нь улстөрчид мартаагүй. Чухам тэр үеэс л М.Энхсайханы улстөрийн өшөө авалт эхэлсэн түүхтэй. Мугуйдлан зүтгэж, хэнтэй ч зөвлөлгүйгээр АН-Эх орон намын хамтарсан эвслийг тараахад журмын нөхөд нь ёстой л хадаг барьж, мөргөж гуйгаад ч шазруун занг нь эргүүлж дийлээгүй. Яг л тэр үеэс түүнийг “ганцаардсан чоно” хэмээн нэрийдэх болсон гэдэг.

Харин түүнийг улстөрч, бие хүнийх нь хувьд 180 градус эргүүлсэн үйл явдал 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэс эхэлж, өчигдрийг хүртэл үргэлжлэх учиртай байж. 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн эцэслэн сайн гараагүй байхад өрсөлдөгч Н.Энхбаярт бараг л хадаг барьж баяр хүргэсэн. Тэр цагаас хойш “Эр хоёр загал” шиг эвлэлдэн, нийлсэн нь чухам л зүү орох зайгүй байж монголчуудыг алмайруулсан билээ.

Ууланд авирвал хамт явж, шүлэг, дуу хоёр биедээ харамгүй зориулан “Эрт гар­сан чихнээс сүүлд ургасан эвэр” шиг л ижил­дэн, шадарлаж явсан хоёр “Э” сүүлийн хэдхэн хоногт “Улстөрд найз үгүй”-г таниулж, хоёр тийшээ харсан нь тодор­хой боллоо. М.Энхсайхан хэмээх шаз­руун, хонзогногч энэ эрхмийг илдээ тэмтэртэл догшруулсан нь өчигдрийнх нь  шадар анд, өнөөдрийн дайсан Н.Энх­баярын “Сангийн сайдад битгий санаарх” гэсэн дөрөвхөн хатуу үг байсан гэнэ.

Одоо тэр хавьтсан ойртсоноо хазаж тас­чихад бэлэн “ганцаардсан цөөвөр” бол­сон. Ханилж яваад хазайсан Ц.Цол­мон­­гоос эхлээд Н.Алтанхуягийн шинэч­лэлийн засгийг тасар татан хаяхаар араа шүдээ ярзайлгаж байгаа. Тэр гайхалтай эдийн засагч, шалгарсан удирдагч шигээ тун ч халгаатай догшин хонзогногч, өшөө хорслоор буцалж, явдаг аргагүй л “ганцаардсан цөөвөр”. Ямартай ч тэр архираад эхэллээ. Харин тасар татаж, бусниулан хаях золиос нь  юу  байх бол.

Эх сурвалж:”Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.