УИХ-ын гишүүн асан Д.Дондог таван жилийн ялаар шийтгүүлэх бололтой

УИХ-ын гишүүн асан Д.Дондогт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн тухай АТГ-ынхан өнгөрсөн даваа гарагт болсон хурлын үеэр мэдээлж байсан. Өмнө нь прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газраас өнгөрсөн долоодугаар сард түүний хэргийг сэргээн шалгах болсон билээ. Тодруулбал, гишүүн асны бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байсан учир тухайн үед шалгахад хүндрэлтэй байгаа тухай тус газраас мэдэгдэж байсан.

Харин өнгөрсөн долоо хоногт түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, ялын дүгнэлт үйлдэн Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэх болсон байна. Экс гишүүн нь газрын наймаа болон 2009 онд “Меритон” компанийн захиралд “Хотын А зэрэглэлийн газар авч өгнө” хэмээн их хэмжээний мөнгө залилсан хэргээр анх сэжигтнээр татагдсанаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ.

Харин уг хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн байцаагч ахмад Г.Ариунболд холбоотой болох нь тогтоогдсон тухай эх сурвалжууд мэдээлж байв. Тухайлбал, Г.Ариунболд нь Д.Дондогтой нийлж, бусдын их хэмжээний хөрөнгийг залилсан, авлига авсан хэрэгт буруутгагдаж яллагдагчаар татагдсан аж.

“Меритон” ХХК-ийнхан анх гомдол гаргахдаа “Д.Дондог гишүүн биднээс газар авч өнгө хэмээн нэг сая ам.доллар авч байсан. Энэ мөнгийг тухайн үед сонгуулийнхаа ажилд хэрэглэсэн гэдгийг түүний туслах нь хэлж байсан” хэмээн мэдүүлэг өгч байсан юм.

Ямартай ч хохирлоо барагдуулж авах гэсэн тус компанийнхан удахгүй болох шүүх хурлын товыг хүлээж байгаа гэнэ. Хэрвээ экс гишүүний газрын наймаа хийсэн нь тогтоогдвол тэрбээр таван жилийн ялаар шийтгүүлэх ажээ.

Эх сурвалж:”Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих