“Алтан гадас”-ын хор найруулга буюу шинэ дэд сайдууд

Ардчилсан намын “Алтан гадас” фракц анхнаасаа л нэр цэвэр байгаагүй. Нам дотроо элдвийг сүлж, гишүүдээ хагаралдуулж, үймүүлэхдээ гаргуун хорчдоос бүрдсэн ч гэгддэг.

Өнөөдөр тус фракцийг устаж хэдийнэ алга болсон хэмээн хэлэх намын гишүүд байвч амь тавиагүй, харин ч улам “хүчээ авсан” тухай мэдээлэл бий.

Анх “Алтан гадас”-т Ерөнхий сайдын суудал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалаас өөр бялуу өгөхгүй байхаар ярилцаж, шийдсэн мэдээлэл байсан.

Үнэндээ нам доторхи франкцуудад Н.Алтанхуягт Ерөнхий сайдын суудал өгөх нь битгий хэл энэ Засгийн газар оруулах нэгээхэн ч сонирхол байгаагүй.

Ямар “нээнтэг” байсан болоод “Алтан гадас” болон Н.Алтанхуягт Ерөнхий сайдын суудал өгсөн нь одоогоор нууц хэвээр байна.

Н.Алтанхуягийн “Алтан гадас” фракцад ямар ч яам өгөхгүй хэмээн АН-ынхан ярилцаж, тохиролцоонд хүрсэн гэдэг. Намаа ялалтад хүргэж чадаагүй гэх шалтгаанаар түүнд хариуцлага тооцъё гэдэг асуудлыг Х.Баттулга гишүүн ҮЗХ-ны хурал дээр хөндөж тавьсан ч тусыг олоогүй.

Шинэ дэд сайдуудын томилгоо явагдахад “Алтан гадас” нэрийн дор цоллуулж явсан нөхдийн “түрэмгийлэл” яам тамгын газруудад давамгайлах болсноор илрэх.

Шинэчлэлийн Засгийн газар шинэ сайдуудаа томилж, төрийн ажил зүгшрэх тийшээ хандсан ч төдий л олны танил бус, туршлага мэдлэгээр маруухан эрхэмүүд дэд сайдын суудалд морилсон тул төрийн алба урагштай явна гэдэгт эргэлзэх хүн олон байна.

Уг нь сайд, дэд сайд нарыг намын жагсаалтын эрэмбээр сонгохоо сонгуулийн өмнө тохиролцож, хуульчилсан. Монголын хууль гурав хоног хойно, Ерөнхий сайдаас эхлээд хэн дуртай нь өөрийн гэсэн хүнээ л төрийн алба руу чаддаг чаддаггүй нь хамаагүй шургуулдаг жишиг энэ удаад дахин давтагдав.

Дэд сайд нарын дунд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл гээд салбартаа хүлээн зөвшөөрөгдөх, нийгэм, улс төрийн ажлын туршлагатай 4-5-хан хүн л байна.

Харин бусад нь нам доторх улстөрийн фракц бүлэглэлийн нөлөө бүхий хэдхэн хүний лообий, дэмжлэгээр тус тусын салбартаа хоёр дахь мундаг хүн хэмээн зарлагдлаа.

Засгийн газрын томилгоонууд АН дахь фракцуудын ашиг сонирхлыг тэнцүүлсэн хэмээн зарим хэвлэл мэдээллийнхэн дүгнэж буй.

Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв нарыг АН-д үнэнч байсных нь төлөө нам нь дэд сайдаар шагнасан бол Сангийн дэд сайд С.Пүрэв, Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир, Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан нарыг фракцын толгойлогч нартаа үнэнч зүтгэснийх нь төлөө нөлөө бүхий хэдхэн хүний үнэлэмж, дэмжлэгтэйгээр төрийн сайд болгожээ.

Б.Ургамалцэцэгийг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар томилсон нь олны нүдийг орой дээр нь гаргав. Түүнийг “Алтан гадас” фракцид хамрагддаг гэхээс илүүтэй Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүн гэдэг. Намын даргын томилгоог хэн эсэргүүцэж зүрхлэх вэ, дуугүй л сонгосон. Гэхдээ түүнийг дэд сайдаар томилогдох нууц хөзөр бүр эрт дэлгэгдсэн гэхэд болно.

Барилга хот байгуулалтын яамны дэд сайд Г.Байгальмаа гэхэд барилгатай огт холбоогүй, ажлын арвин туршлагагүй нэгэн ч Х.Баттулгын далбаан дор мэдэхгүй салбартаа ажиллахаар болсон.

Мөн МоАХ-ны далбаан дор дэд сайдад сууж чадсан дараагийн хүн нь А.Баттөр. Элчин сайдаар гадаадад сууж, Гэгээрлийн сайд хүртэл хийж явсан тэрээр дэд сайдууд дундаа арай дөмөг нь гэнэ. Намын дарга томилж байгаа юм чинь хэн юу гэхэв. 100 хувь дэмжээд Боловсрол соёл шинжлэх ухааны дэд сайдаар “залчихсан”.

Мөн Зам тээврийн дэд сайд Х.Ёржан, Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган нар намын даргын халаасны хүмүүс учраас ногоон гэрлээр дэд сайдад томилогдсон.

Энэ мэтчилэн Шинэчлэлийн Засгийн газрын шинэ дэд сайдуудыг харахад Н.Алтанхуягийн хүн дөрөв, Х.Баттулгын хүн хоёр, Н.Энхбаярын хүн гурав, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Р.Амаржаргал нар тус бүр нэг нэг хүнээ шургуулж амжсан байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.