Хогонд дарагдсан гудамж, талбайгаас хэзээ ангижрах вэ?

Амьдрал буцалж чимээ шуугиан тасрахгүй Улаанбаатарт эдүгээ сая гаруй хүн амьдарч байна. Жил ирэх тусам хот руу чиглэсэн нүүдлийн цуваа нэмэгдэж, үүнийгээ дагаад нийслэл хот, утаандаа дарагдсаар удлаа. Зай завсаргүй үргэлжлэх гэр хорооллынхны асуудал ар, араасаа ундрахын зэрэгцээ хогны асуудал сэтгүүлч бидний мөнхийн сэдэв болчихов. Нийслэлд жилд дунджаар 210-260 мянган тонн хог хаягдал гардаг гэсэн статистик судалгаа бий. Орон сууцанд амьдарч буй нэг иргэн өдөрт 0.235 кг, гэр хорооллын нэг иргэн 0.956 кг хог хаягдал үүсгэдэг байна. Хотын төвөөс эхлээд зах хүртэл ил задгай асгасан хог биднийг эл сэдэв рүү чиглүүлэхэд хүргэсэн юм.
Тухайлбал “Москва” хорооллын арын дэнж буюу Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороон дахь үерийн далан тэр чигээрээ хогон ‘‘далай” болжээ. Эндхийн үнэр танар ч гэж авах юм алга аа. Энд оршин суудаг хүмүүсийн уушги ч хэцүүхэн болох вий гэсэн бодол зурсхийв. Өвлийн урь ороогүй болохоор судаг даган ус урсах аж. Даанч энэ ус нь дэндүү бохир юм аа. Эргэн тойронд нь золбин ноход гүйлдэн бохир уснаас ундаалах аж. Хог түүгсэд хог төнхчин зогсох агаад хажууханд нь хог шатаж буй харагдав.

 

Үнэхээр СХД-ийн 23 дугаар хорооныхон хогон дунд амьдарч байна. Энэ хавийн айлууд угаадсаа бариад л гудамжиндаа гардаг байна. Хэнэг ч үгүй хог, угаадсаа асгачихаад гэртээ орохыг нь яана хэмээн ойр орчмынх нь хүмүүс хэлж байсан. Үнэндээ тэд хотын иргэн мөн үү гэсэн асуудлыг хөндмөөр байв. Наад зах нь тэдний асгасан бохир нь агаарт ууршиж амьсгална гэж боддоггүй бололтой.

 

Ээж, аавынхаа асгасан хогон дунд хүүхдүүд нь тоглож байгаа нь даанч харамсалтай. Энхрий жаахан үрсээ боддоггүй ахархан бодолтой хүмүүс энэ нийгэмтэй зэрэгцэхэд бэрх л юм. Эл гэр хорооллын дунд байрлах хувийн цэцэрлэгт “Москва” хорооллын иргэд хүүхдээ өгдөг байна. “Хүүхэд хүргэж өгөхөд энэ хавиар явахад бэрхтэй. Үнэр танараас эхлээд хөрс нь дээд зэргээр бохирдсон. Хороолол дунд хог асгасан газрыг цэвэрлээд хөрсийг нь ариутгах хэрэгтэй байна” хэмээв.

 
Далан даган дээш өгсвөл аюулын хашаа хороотой айл эгнэжээ. Хашаан дотроо бол цэмбийсэн юм аа. Анзаарч харвал энэ айлууд хашаандаа нэг ч хогийн савгүй байгаа нь гудамжиндаа хогоо асгадгийг нь бэлхэнээ илтгэв. Гаднаа гяланцаг дотроо паланцаг” гэж нэг үг бий. Харин энэ дүр зургийг хараад “Дотроо гяланцаг, гаднаа паланцаг” л болж байх шиг. Монголчуудын аминчхан зан СХД-ийн 23 дугаар хороонд тодоос тод харагдаж байна. Хамгийн гол нь тэд хашаанаасаа хогоо зайлуулж байгаа ч өөрөө тэр хогоороо амьсгалж, эрүүл мэндээ хохироож байна гэдгээ ухамсарладаггүй бололтой.

 
Сэтгэл байвал энэ хороонд оршин суудаг иргэд мод тарихаа байг гэхэд нийлээд хогоо цэвэрлэж хөрсөө ариутгавал хүүхдүүд нь ямар их баярлах бол оо. Хашаандаа бол нүүрээ угаасан хүүхэд шиг хирнээ гудамж нь халтар жаал шиг царайтай байх нь үнэхээр зохимжгүй юм. Хорооны Засаг ноён ч гэсэн хогоор дүүрсэн даландаа анхаарал хандуулахгүй бол хог асгадаг хэдэн хүнээс болж ойр, орчмынхон нь эрүүл мэндээрээ хохирч байна. Цааш эргэн “Москва” хорооллын баруун талыг барин алхлаа. Гэтэл 14/11 байрны зүүн талд төмөр сараалжнаас хальсан хог угтав. Энэ хавийнхан энд хэн хог асгадагыг хэлж өгсөнгүй. Тэд “мэдэхгүй” гэсэн хариултаар ам таглав. Энэ мэтчилэн нийслэлд хур хог эзэнгүйдэж байна. Энд тэндгүй хаясан хогийг эзэнтэй болгож цэвэрлэвэл яасан юм бэ дарга нар аа.

Б.Ариунзаяа
Эх сурвалж:”Нийслэл Таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих